Ц.Цэнгэл: Японы тэргүүлэх профессоруудаар удирдуулж докторын зэрэг хамгаалах боломжтой

Twitter Print
2017 оны 03-р сар 21-нд 08:32 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам Япон улсын Нагояагийн их сургуультай хамтран ажиллах ёслолын арга хэмжээ боллоо.  

БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл үйл ажиллагааг нээн хэлэхдээ “Өнөөдөр 140 гаруй жилийн түүхтэй, хими, физикийн салбарын 6 Нобелийн шагналтныг төрүүлсэн Японд төдийгүй, дэлхийд нэртэй эрдмийн уурхай болсон Нагояагийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байгаадаа баяртай байна. Манай мэргэжилтнүүд Зайны сургалтыг уламжлалт сургалтын хэлбэртэй хослуулан, үндсэн ажлаа орхигдуулахгүйгээр, Япон улсын зардлаар тус сургуульд суралцаж, Японы тэргүүлэх профессоруудаар удирдуулж докторын зэрэг хамгаалах боломжтой болж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд тус яамны нэг мэргэжилтэн хамрагдаж докторын зэрэг хамгаалах гэж байгаа цаашид улам олон мэргэжилтнийг танай сургууль руу хөтлөх замыг нээж байгаа хэрэг юм. Ирээдүйд улам олон хүн танай сургуульд суралцаж, япончуудын соёл, дэвшилтэт сэтгэлгээ, япон хүний бүтээлч, уйгагүй ажилсаг, хичээнгүй чанараас суралцан эх орондоо тэр дундаа байгаль орчны салбартаа илүү их хувь нэмэр оруулна гэдэг нь дамжиггүй юм. Та бидний хамтын ажиллагаа цааш цаашдаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна” хэмээлээ.

Харин Нагояагийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Ичихаши Кацуяа хэлэхдээ “Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тун удахгүй тохиох гэж байгаа энэ үед манай хоёр байгууллага хамтын ажиллагааны санамж бичгээ солилцох гэж байгаад баяртай байна. Манай сургууль энэ жилээс Байгаль орчны чиглэлээр хүмүүс суралцаж эхэлж байгаа нь саашаалтай. Байгаль орчны салбарт хамтарсан судалгаа хийсэн. 2009 онд ШУТИС-тай хамтран хээрийн судалгааны төвийг байгуулсан. Энэ мэтчилэн Монголын их, дээд сургуулиудтай амжилттай хамтран ажилласаар ирсэн. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсанаар манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа улам өргөжих үүд хаалга нээгдэж байна” гэлээ.

Тус хөтөлбөрт БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн М.Тулга хамрагдаж байгаа бөгөөд энэ ондоо багтаан докторын сургалтад  нэмж мэргэжилтнүүдийг хамруулахаар зорьж байгаа аж. Цаашдаа цаашдаа энэхүү хөтөлбөрийн хамрах хүрээ тэлж, хамтын ажиллагаа бэхжинэ гэдгийг хоёр улсын төлөөлөгчид хэлж байлаа. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.