Өсвөрийн бөхчүүд Өмнөговьд өрсөлджээ

2017 оны 03-р сар 21-нд 08:16 цагт
Мэдээний зураг,

Өмнөговь аймгийн Засаг даргын нэрэмжит, “Ханбогд” бөхийн дэвжээ байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн энэ сарын 16-18-нд Даланзадгад хотод боллоо.

Анх удаа болсон тус тэмцээнд 26 байгууллагын 500 гаруй тамирчин хөвгүүдийн 12, охидын найман жинд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Тус тэмцээнийг улсын болон олон улсын зэрэглэлтэй 13 шүүгч шүүн явуулжээ.

Багийн дүнгээр Д.Эрхэмбаатар, Ц.Ганзориг дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн бөхчүүд тэргүүлж, Ё.Батдархан, Ж.Баярхүү дасгалжуулагчтай “Мегастарс”, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг, А.Отгонбаяр дасгалжуулагчтай Өвөрхангай аймаг, П.Пүрэвцогт, Ч.Мөнхбат дасгалжуулагчтай Архангай аймаг, Г.Пүрэвбаатар дасгалжуулагчтай төрөлжсөн сургалттай БТСДуС 2-6 байрыг эзэлсэн байна.

Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Бямбадорж (Баянхонгор), шилдэг эмэгтэй тамирчнаар Түмэнхүслэн (Женко), ирээдүйтэй тамирчнаар Н.Энхтуяа (Ханбогд), УИХ-ын гишүүн Л.Энхболдын нэрэмжит шагналаар Г.Саруулбуян (Өмнөговь), Галсанпэрэнлэй (ТСБТТ долдугаар дунд сургууль) нар тодорчээ.

Энэхүү тэмцээнийг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, аймгийн БТСГ-ны дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Түвшинбаяр нар тун сайхан зохион байгуулж, ирсэн баг тамирчид өндөр сэтгэгдэлтэй буцсаныг дурдахгүй өнгөрч боломгүй. 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.