Турк сар бүр Европт 15 мянган дүрвэгч илгээнэ гэж сүрдүүлэв

2017 оны 03-р сар 20-нд 16:20 цагт
Мэдээний зураг,

Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу сүүлийн үед Европ Туркийг үл тоомсорлож, ихэмсэг дээрэнгүй зан гаргаж буйд эсэргүүцэл үзүүлж, хариу цочрол өгөхөөр сар бүр 15 мянган дүрвэгчийг Европт илгээнэ гэж өнгөрсөн баасан гарагт мэдэгдлээ. Учир нь Турк улс Европын холбоотой хийсэн хууль бус цагаачдыг харилцан шилжүүлэх гэрээний дагуу Турк улс ингэх эрхтэй юм. "Ингээд юу болохыг харья. Энэ бүс нутагт Туркийг оролцуулаагүй тоглоом гэж байхгүй гэдгийг Европ хатуу ойлгох хэрэгтэй” гэлээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар Туркийн Засгийн газраас Гермөн Нидерланд зэрэг орнуудад оршин суугаа турк иргэдэд хандан саналаа өгөхийг уриалах кампанит ажлыг нь дэмжихгүй, саад тотгор болж буйд Турк улс хилэгнэж буй юм. Туркийн дотоод хэрэгт оролцохгүй байхыг Герман, Нидерланд хоёрт хандан Дотоод хэргийн сайд хатуу анхаарууллаа. 

Туркийн Европын холбооны асуудал эрхэлсэн сайд Омер Челик тус холбоотой байгуулсан цагаачдын асуудлаарх  хэлэлцээрээ мөрдөх шаардлагагүй болж буйг гуравдугаар сарын 15-нд мэдэгдсэн юм. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд Брюссель, Анкара хоёр хэлэлцээр байгуулан Туркийн нутгаар транзитаар дамжин өнгөрөөгүй бүх дүрвэгчдийг Турк буцаан авахаар болсон ба оронд нь Туркийн иргэд Европын холбооны улсуудад визгүй зорчих эрх авч мөн тус орон Европын холбоотой интеграцлах хэлэлцээрээ шуурхай явуулах тохиролцоонд хүрч, Европын холбоо дүрвэгчдийн хямралтай тэмцэхэд Туркт санхүүгийн тусламж үзүүлэхээр болсон юм.  

Туркийн ерөнхийлөгч Эрдоган хэдэн арван мянган хүнийг төрийн эргэлт хийхийг завдсан хэрэгт холбогдуулан баривчилж, 150 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагыг хаасныхаа дараа өөрийнхөө эрх мэдлийг хэвээр хадгалах санаагаа хэрэгжүүлэхээр "Бүх ард түмний санал асуулга" гэгчийг улс даяараа зарлаад байгаа. Ирэх дөрөвдүгээр сарын 16-нд болох Туркийн бүх нийтийн санал асуулгаар парламентын удирдлагыг Ерөнхийлөгчийнх рүү шилжүүлэх хэд хэдэн өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар төлөвлөөд байгаа юм.

Хэдхэн хоногийн өмнө Германд амьдарч буй туркуудын саналыг авахын тулд Эрдоганыг төлөөлөн кампанит ажил зохиох, тэр дундаа Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дэмжиж жагсаал хийх гэснийг Германы орон нутгийн захиргаа аюулгүй байдлыг хангах үүднээс гэсэн тайлбартай хориглосныг Эрдоган "ардчиллын үнэр ч алга, нацист арга барилаа тавиагүй байна" хэмээн шүүмжилсэн нь германуудын дургүй зэвүүцлийг хүргэсэн юм. 

Турк улс ийнхүү Герман улстай асуудал үүсгээд байсан бол энэ харилцаа Европын хэд хэдэн орноор хүрээгээ тэлсэн. Энэ нь Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Туркт  болох бүх нийтийн санал асуулгын өмнөхөн Голландын Роттердам хотод уулзалт хийхээр очих төлөвлөгөөтэй байсан ч Голландын засаг захиргаа "гарч болзошгүй үймээн самуунаас сэргийлэх зорилгоор" гэсэн тайлбартайгаар Туркийн Гадаад хэргийн сайдын онгоцыг тус улсад буухыг зөвшөөрөөгүй.

Энэ үйл явдлын дараахан Туркийн Гэр бүл, нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн сайд Фатма Бетюль Саям Кайя тус улсад машинаар нэвтэрч Роттердамд уулзалт хийхээр явж байсныг илрүүлж дагалдан явсан хэвлэл мэдээллийнхний хамт нэн даруй буцахыг шаардсан.

Шил шилээ дарсан Туркийн сайд нарын бүтэлгүйтэлд "галзууртлаа уурласан" ерөнхийлөгч Эрдоган болон түүний засаг захиргаа хариу болгож тус улсад суугаа Голландын дипломат төлөөлөгчийн газрын орох, гарах эрхийг хязгаарлаж, Нидерландын Элчин сайдыг амралтаа дуусгаад тус улсад буцаж ирэхгүй байхыг хүсчээ. 

Нидерландын Гадаад хэргийн сайдын асуудлыг эв зүйгээр зохицуулах, харилцаагаа хэвийн болгох тухай мэдэгдэлд "Эхлээд хийсэн зүйлийнхээ хариуг амс. Надад болон миний хүмүүстэй яаж хандсан тэрний чинь хариуг хангалттай өгнө. Дараа нь тэр тухай бодож болох юм" гэсэн хариуг телевизийн ярилцлагаараа дамжуулан өгчээ.

Ийнхүү Турк Европын холбооны орнуудтай харилцаагаа хүйтрүүлсээр байна. 

Дээрх улсуудад маш олон тооны туркууд оршин суудаг бөгөөд Германд гэхэд л Туркэд болох Ард нийтийн санал асуулгад оролцох хууль ёсны эрхтэй 1.5 сая турк иргэн амьдардаг нь Эрдоганы засаг захиргаанаас Германд нэвтэрч ятгалга явуулах ажил бүтэлгүйтсэнд уурлах маш том шалтаг болоод байгаа юм.   

Эдгээр хүмүүс Германд сайхан амьдрал хайж ирсэн. Хайж ирсэн амьдрал, боловсрол зэргийг олгоход Герман улс чинээгээрээ тусласан. Харин энэ бүхнийг өгч чадаагүй мөртлөө өөрийнхөө төлөө Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төлөө "за" гэж хэлүүлэхээр хэтийдсэн гэмээр хүчин чармайлт гаргаж байна гэж германчууд Эрдоганыг шүүмжилж буй юм.

Эх сурвалж: Southern China Morning Post, Reuters

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.24.58) 2017-03-25 22:35
      • 0
      • 0

      harin ch uuriin gesen itgel unemshiltei,unet zuiltei uls bna.mongoliin said nariig ingej doromjilson bol buhiiguul hadgaa barial zogsoh bsnuu?

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.213) 2017-03-20 21:39
      • 0
      • 1

      Davartsan teneg turkuud daranguilagch yerunhiilugchteiguu gazriin gavaar oroosoi

      Хариулах