С.Эрдэнэ: АН-ын ҮЗХ-г хуралдуулах боломжгүй

Twitter Print
2017 оны 03-р сар 20-нд 07:48 цагт
Мэдээний зураг,

АН-ын ҮБX-ны гишүүний 380 суудлын төлөө нийт 511 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн ба Нийслэлийн намын даргад хоёр хүн, аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны даргад 52 хүн өрсөлдөхөөр тус тус бүртгүүлжээ.

Харин саналын эрхтэй гишүүд гишүүдийн бүртгэл энэ сарын 16-ны өдрийн 00.00 цагаар дуусгавар боллоо. Мөн дотоод сонгуульд санал өгөх эрхээ 152,800 хүн баталгаажуулжээ. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “Намын дотоод сонгуулийн үйл ажиллагаа товлогдсон цаг хугацааныхаа дагуу явагдана. Ирэх сарын 2-нд АН дотоод сонгуулийн санал хураалт улс орон даяар явуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна” гэсэн юм.

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өмнө нь Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо 228 гишүүнтэй байсан. Одоо бол Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнийг бүх гишүүдийн саналаар тодруулна гэсэн. Эндээс Дотоод сонгууль хуучин дүрмээрээ явах уу, шинэ дүрмээрээ явах уу, гэсэн асуулт гарч ирж байна?

-Өнөөдөртөө хуучин, шинэ дүрэм гэсэн ойлголт байхгүй. Сая улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хандсан асуудал бол нэмэлт өөрчлөлтийн асуудал. Бидний хувьд үндсэн дүрмийн хүрээнд бүх ажил явж байгаа. Өөрөөр хэлбэл, шинэчилсэн найруулгын хэмжээнд дүрмээ өөрчилсан юм биш. Тэгэхээр одоо Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа хүчин төгөлдөр дүрмээр явж байгаа гэж ойлгож болно. Зарим хүн шинэ, хуучин дүрэм гэж яриад гишүүдийн толгой эргүүлэх гээд байгаа л даа. Ардчилсан намын VI, VII их хурлаас гарсан шийдвэрийн дагуу VIII их хурлаар шинэ дүрмээ батална. Одоо үйлчилж байгаа Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрэээнд Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний тоо, квот, дэнчингийн хэмжээг Дотоод сонгуулийн хороо тогтоох эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд Дотоод сонгуулийн хороо шийдвэрээ гаргаад явж байгаа.

-Улсын Дээд шүүх ямар шалтгаанаар дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан юм бэ?

-Улсын Дээд шүүх ямар шалтгаанаар татгалзсан тухай тайлбараа ирүүлээгүй байна. Ямар үндэслэлээр татгалзсан бэ гэдэг тогтоол нь ирсний дараа тодорхой мэдээлэл өгөх болно.

-Үндэсний зөвлөлдөх хороог яаралтай хуралдуулах шаардлагатай гэж танай намынхан хэлж байна лээ. ҮЗХ-ны хурлыг хэзээ зарлах вэ?

-Өнөөдөр Ардчилсан нам гэдэг ганцхан нам бий. Хуучин Үндэсний зөвлөлдөх хороо 50 дахь буюу отгон хурлаа хийгээд тарсан. Үүнийгээ ч албан ёсоор мэдэгдсэн. Тэгэхээр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах боломжгүй. Ардчилсан намын VI, VII их хурлаас гарсан тогтоол шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгааг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын эрх барих дээд байгууллага нь их хурал. Тийм учраас Их хурлын шийдвэрийг үг дуугүй биелүүлэх л үүрэгтэй. Түүнийг намын аль нэг шатны байгууллагын шаардлагаар хуралдуулах эрх байхгүй.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.