Байнгын визгүй зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгохоор болжээ

Twitter Print
2017 оны 03-р сар 17-нд 17:43 цагт
Мэдээний зураг,

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2017 оны визний журам шинэчлэгдсэнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн журмыг виз мэдүүлэгч иргэдийн зарим нь мэдэлгүй ирж, тэдэнд хүндрэл болж байгаа тул хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан дахин мэдэгдэж байгаа нь энэ аж.

БНСУ руу 2016 оны 11 дүгээр сард 216 хүн гарсан, 12 дугаар сард 213 хүн, 2017 оны нэгдүгээр сард 281 хүн гарсан гэсэн мэдээ байгаа юм. Өдөрт виз мэдүүлэхээр орж ирж байгаа хүмүүсийн тоо 600-700 болж нэмэгдсэн тул харлаж буй хүмүүсийн тоо ч нэмэгдэж байна. Тиймдээ ч хяналт чанга байгаа. Монголын хувьд БНСУ-д харлаж буй хүмүүсийн тоогоороо эхний гуравт орж байгаа гэв.

Мөн БНСУ руу байнгын визгүй зорчдог байсан иргэдийн зорчих журамд өөрчлөлт орж олон удаагийн виз олгохоор болсон байна. Энэхүү журам нь 2017 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Визгүй зорчих нөхцлийг хангаж визгүйгээр зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз авдаг болжээ.

Сүүлийн хоёр жилд дөрөв болон түүнээс дээш удаа, нийтдээ 10 удаа БНСУ-д зорчсон иргэдийн хувьд урт хугацааны олон удаагийн виз олгож эхэлжээ.

Хуучин визгүй зорчиж байсан иргэд:

1. 30 хоногийн хугацаатай таван жилийн олон удаагийн виз 

2. 90 хоногийн хугацаатай 1,3,5 жилийн олон удаагийн виз хүсч болох. Дээрх хоёр нөхцөлд сүүлийн хоёр жилд тус улсад нэгээс доошгүй зорчсон байх 

3. Аялал, төрөл садныдаа зочлох, бизнес ангиллын 90 хоногийн нэг удаагийн виз хүсэх эрхтэй юм.

Түүнчлэн тухайн иргэн Солонгост сүүлийн гурван жилийн дотор хууль бусаар ажиллаж, амьдарч байгаагүй, тус улсын хууль дүрэм, журмыг зөрчөөгүй, их хэмжээний /таван сая вонноос дээш/ торгуульд төлөөгүй байх шаардлагатай юм. Эдгээр зөрчлийн аль нэгийг гаргаж байсан бол олон удаагийн виз мэдүүлэх эрхгүй ажээ. Харин албаны болон дипломат паспорттой иргэдийн хувьд визгүй зорчих эрх нь хэвээр үйлчилнэ гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

Энэ талаар БНСУ-ын Элчин сайдын яамны Консулын газрын дарга И Жэ Ю “Энэхүү журмын өөрчлөлт визгүй зорчигчдод төвөгтэй санагдаж магадгүй ч нэг удаад таван жилийн хугацаатай виз авчихвал хил нэвтрэхэд асуудалгүй, террорист халдлагаас хамгаалах, паспортны хугацаа дууссан эсэхийг хил дээр очсон хойноо мэдэх зэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж бид харж байна. Ийнхүү журам өөрчлөх болсон шалтгаан нь 2017 оны дөрөвдүгээр сараас эхлээд тухайн иргэнийг онгоцонд суухаас өмнө мэдээллийг нь урьдчилж авсан байх шаардлагатай болсон. Энэхүү журам хэрэгжиж эхэлсэн учраас иргэдийг визгүй нэвтрүүлэхэд саад тулгарсан. Тиймээс виз авч байж зорчих журмыг манай улсын Хууль зүйн яамнаас гаргасан.

Мөн визгүй зорчигч нарыг арван удаа БНСУ-ын хилээр давсан эсэхийг тоолж шалгадаг учраас иргэд хил дээр маш удаан хугацаанд хүлээх шаардлага тулгардаг байсан. Үүнээс улбаалан төвөгтэй байдал үүсдэг учраас олон удаагийн визээр өөрчлөх шийдвэр гарсан. Визтэй зорчигч нарын хувьд тусгай системээр шалгаж нэвтрүүлдэг тул хурдан хугацаанд шийдэгддэг” хэмээлээ.

Таван жилийн хугацаатай олон удаагийн визийг

  • Сүүлийн гурван жилийн хугацаанд БНСУ-д хууль бусаар оршин суугаагүй,
  • Улсын дотоод хууль журмыг чандлан сахисан,
  • 500 мянган воннын торгууль хүлээгээгүй
  • БНСУ-аас албадан гаргаагүй иргэнд олгохыг Консулын газрын дарга санууллаа.

Энэхүү олон удаагийн визээр БНСУ-ын хилийг нэвтэрсэн тохиолдолд тус улсад 30 хоногийн хугацаанд амьдрах хугацаатай аж. Мөн энэхүү виз нь энгийн визийг бодвол харьцангуй богино хугацаанд гарах бөгөөд энэ асуудлыг Элчин сайдын яамнаас шийдвэрлэж өгөх юм байна. Одоогоор таван жилийн хугацаат визийг түр хугацаанд зогсоогоод байгаа юм байна. Харин богино хугацааны визийг олгож байгаа аж. Монгол Улсын Засгийн газартай яриа хэлэлцээр хийж, шийдвэрт хүрсэн даруйд дахин таван жилийн визийг олгож эхлэх ажээ.

Монголоос Солонгос руу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг байсан бол энэ жилийн шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр Солонгост ирсэн тохиолдолд мөн визгүй нэвтрүүлэхээр болжээ. Ингэхдээ тухайн иргэн БНСУ-д 30 хоногийн хугацаанд визгүй нэвтэрч болох юм байна. Өмнө нь Европын найман орноос Солонгосын онгоцоор дамжин ирж байгаа иргэдийг визгүй нэвтрүүлдэг байсан. Найман орны тоог 30 болгон нэмэгдүүлжээ. Үүнд: Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литвани, Лихтенштейн, Мальт, Бельги, Швед, Швейцари, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финлянд, Унгар улс багтаж байна.  Эдгээр 30 орны аль нэгний визтэй Монгол иргэн БНСУ-д 30 хоног амьдарч болох аж.

БНСУ-д визгүй нэвтрэх иргэд нь:

-Хилээр орсон өдрөөс урагш 3 жилийн дотор хил дээрээс буцаагдсан, хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан тэмдэглэлгүй байх

-30 хоногийн дотор хилээр гарах нислэгийн тийзтэй бөгөөд тухайн 3-дагч улсад хууль бусаар оршин суусан зэрэг зөрчилгүй байх

-Онгоц сольж суух юмуу дайран өнгөрөхдөө тухайн 3-дагч улсдаа 3 хоногоос доош хугацаагаар оршин суусан байх

-Гуравдагч улсаар дамжин орж ирж байгаа Монгол иргэдийг Солонгос улс руу визгүй нэвтрэх ажлыг цаашид илүү өргөжүүлнэ гэдгийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Консулын газрын дарга И Жэ Ю хэлсэн юм.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.