Эмнэлэгт ирж буй хүүхдүүдийн 70 хувь нь даралт болон жирэмслэлтээс хамгаалах эмэнд хордсон байдаг

Twitter Print
2017 оны 03-р сар 16-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

Жилд дунджаар 5 хүртэлх насны 400 гаруй хүүхэд эмэнд хордож байна. Энэ нь эмийн зохисгүй хэрэглээ болон эцэг эхийн анхаарал болгоомжгүй байдлаас болж байгаа юм. Учир нь эцэг эхчүүд өөрсдийн ууж хэрэглэж байгаа эмийг хүүхэд хүрэх газар буюу ил газар тавьснаас болж хүүхэд тухайн эмэнд хорддог ажээ.

ЭХЭМҮТ-ийн яаралтай түргэн туслажийн эмч Б.Бат-Амгалан хэлэхдээ “2016 оны байдлаар химийн бодисонд хордсон 290 хүүхэд, эмийн бодисонд хордсон 430 хүүхэд ирээд байна. Долоо хоногт дунджаар 15-20 хүүхэд эм, эмийн бодисонд хорддог. Ихэнх нь эцэг эхийн болгоомжгүй байдлаас болж уудаг. 1-5 хүртэлх насны хүүхдүүд эмийн бодисонд түлхүү хордож, хэтрүүлэн хэрэглэдэг” гэлээ.

2010 оноос хойш хүүхэд эмэнд хордох тохиолдол гардаг болсон. Өнөөдрийг хүртэл 7 жилийн хугацаанд 3000 орчим хүүхэд хордсон гэсэн судалгаа гараад байна. Эмнэлэгт ирж байгаа хүүхдүүдийн 70 хувь нь даралт бууруулах болон жирэмслэлтээс хамгаалах эм ууж хордсон байдаг байна.

НЭМҮТ-ийн Нийгмийн Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Майцэцэг “Хүүхдүүдийг анхааралгүй орхисноос, том хүний хараа хяналтгүй байдлаас хүүхэд эмэнд хордох сөрөг үзэгдлүүд их гарч байна. Эмийг зохистой хэрэглэхэд хувь хүний зөв дадлаас гадна эмийн сангуудын тоо бас нөлөөлж байгаа нь харагдаж байна” гэсэн юм.

Эндээс үзэхэд эмийн сангууд олширсноос үүдэн эмийн замбраагүй хэрэглээ үүсч байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байсан юм. Гадны орнуудад 500 метр газар тутамд эмийн сан байрладаг гэсэн тоо баримт  байдаг бол манай улсад 5 алхаад эмийн сан байна .

Үүний энгийн нэг жишээ бол Урт цагаанд байрлах бидний хэлж заншснаар “Эмийн худалдааны гудамж” гэх энэ газар 100 метр тутамд 5-6 эмийн сангийн бөөний болон жижиглэнгийн худалдааны газрууд үйл ажиллагаа явуулж байна. Иймээс гэртээ байлгадаг эмээ хүүхдийн гар хүрэхгүй, нүдэнд үл харагдах газар байршуулж, эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэхийг иргэддээ зөвлөж байна.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.