С.Эрдэнэ: Дотоод сонгууль болдгоороо болно

Twitter Print
2017 оны 03-р сар 16-нд 08:21 цагт
Мэдээний зураг,

"Ардчилсан Нам”-ын даргын нэр болон дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцэж, тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргасан билээ.

Тэгвэл үүнтэй холбогдуулан тус намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Хууль эрхзүйн газрын дарга Батбаяр нар мэдээлэл хийж, дахин хүсэлт гаргасан байна.

АН-ын дарга С.Эрдэнэ "Ардчилсан Намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг зургаан хоногийн турш 21 аймаг, 9 дүүрэгт салбар хорооны хуралдаанаар, зүйл нэг бүрээр хэлэлцсэн. 

Дээд шүүх манай зарим олигархи, АН-ын шинэчлэлийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн тавьж байсан асуудлуудыг татгалзах үндэслэл болгосонд харамсч байна. Тухайлбал, Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг зүйл нэг бүрээр нь хэлэлцүүлсэнгүй гэж байсан хүмүүсийн байр суурийг үндэслэл болголоо.

Дээд шүүхэд өгсөн Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөд хоёрхон асуудал л бий. Бүртгэж авахгүй бол Үндэсний бодлогын хорооны нэр өөрчлөгдөж хуучнаараа буюу Үндэсний зөвлөлдөх хороо болно. Анхан болон дунд шатны намын хороогоор батлагддаг асуудлуудыг бүх гишүүдээр батлуулна гэсэн заалт бий. Хэрэв дээд шүүх бүртгэхгүй гэвэл энэ заалт хуучнаараа үлдэнэ. Гэхдээ дотоод сонгууль болдгоороо болно. Дотоод сонгуульд бүх гишүүд оролцоно. Харин дараа нь гарсан үр дүнг нь анхан болон дунд шатны намын хороогоор оруулж баталгаажуулах шаардлага үүснэ. Өөр ямар нэгэн өөрчлөлт гарахгүй.

Хоёрдугаарт, АН-ын шинэчлэлийн хоёр дахь том асуудал болох анхан болон дунд шатны намын удирдлагын сонгуулийн бүртгэл явагдаж байна. Дээд шүүх намын дүрмийг бүртгэж аваагүй байхад дэнчин тогтоож дотоод сонгуулийг эхлүүллээ гэх шүүмжлэл гарсан. Дэнчин тогтоох, авах асуудал нь хуучин дүрмээрээ явж байгаа. Шинэчилсэн дүрэмд үүнийг зохицуулсан заалтууд нь хэвээрээ байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дэнчингийн хэмжээг дотоод сонгуулийн хороо тогтоодог заалт хэвээрээ байгаа” гэв. 

Мөн Ардчилсан намын Хууль дүрмийн бодлогын газрын дарга Б.Батхуяг “Улс төрийн намын тухай хуульд зааснаар дүрмийг шүүхийн маргаанаар шийдвэрлэх боломжгүй. Ардчилсан нам Дээд шүүхэд бүртгэлтэй дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Улс төрийн намын тухай хуульд зааснаар Улсын Дээд Шүүх манай байгууллагын дүрмийг бүртгэх л үүрэгтэй, дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Орон даяар бүх гишүүдээрээ дүрмийн төслийг хэлэлцсэн. Ямар нэг зөрчил байхгүй” гэж мэдэгджээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.