“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Москва хотын Хүндэтгэлийн дэнжид байрлуулахаар болжээ

2017 оны 03-р сар 15-нд 08:19 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын нийслэл Москва хотын Думын дэргэдэх Хөшөө, дурсгалын байгууламжийн хараат бус, олон нийтийн комисс хуралдаж, Аугаа эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмнээс бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар шийдвэрлэжээ.

Монголын ард түмний бэлэг болсон хөшөөг 2015 оны 5 дугаар сард Москва хотноо тээвэрлэн аваачиж гардуулснаас хойш Москва дахь Элчин сайдын яамны хашаанд хадгалагдсаар өнөөдөртэй золгосон байна. Хөшөөг байрлуулах чиглэлээр ажиллах явцад хөшөөний суурийг бүтээх, ойр орчны тохижуулалтын 200 орчим мянган ам.долларын санхүүжилтийн асуудал хөндөгджээ.

Монгол Улсаас ОХУ-д суугаа бүрэн эрхэт Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинг ОХУ-ын Аюулгүй байдлын Нарийн бичгийн дарга Н.П.Патрушевтэй 2016 оны 6 дугаар сард Грозный хотноо уулзах үеэр асуудлыг дэлгэрэнгүй танилцуулж, дэмжлэг хүсчээ. Энэхүү “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг “Монголын ард түмнээс Оросын ард түмэнд” хэмээн уран барималч А.Очирболд бүтээсэн байна. 

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.