Нийслэлийн намын хорооны даргад өрсөлдөхөөр Д.Баттулга, Ш.Түвдэндорж нар бүртгүүлээд байна

Twitter Print
2017 оны 03-р сар 14-нд 07:24 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын Дотоод сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх бүртгэлийн ажиллагаа өчигдөр буюу гуравдугаар сарын 13-ны өдрийн 16:00 цагаар дуусгавар болох байв. 

Гэвч нийтээр тэмдэглэх баярын өдөр, амралтын өдрүүд бүртгэлийн үйл явцтай давхцаж таарсан нь зарим нэр дэвшигчийг бичиг баримтын бүрдлээ хангах, дэнчин, хураамжаа төлөхөд хүндрэл учруулсан талаар Дотоод сонгуулийн хороонд санал, хүсэлт иржээ. Үүнтэй холбоотойгоор нэр дэвшигчдийг бүртгэх хугацааг энэ сарын 15 буюу ирэх лхагва гариг хүртэл сунгахаар албан ёсны тогтоол шийдвэр гарсан байна. 

Түүнчлэн энэ сарын 13-ны өдрийн 15:00 цагийн байдлаар авсан мэдээллээр Ардчилсан намын Хууль дүрмийн бодлогын газрын Гишүүнчлэл бүртгэлийн албанаас Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөөр 620 хүн лавлагаа авчээ. Эдгээр хүмүүсээс материалаа бүрдүүлж татвараа төлсөн буюу нэр дэвших эрхээ авсан 374 хүн байгаа юм байна. 

Мөн аймаг, дүүргийн намын хорооны даргын 25 суудалд өрсөлдөхөөр 38 хүн бүртгүүлж, дэнчин, хураамжаа төлжээ. Харин Нийслэлийн намын хорооны даргад өрсөлдөхөөр Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар бүртгүүлээд байгаа юм байна. 

Ардчилсан намын Дотоод сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа энэ сарын 15-ны өдрийн 00:00 цаг хүртэл үргэлжлэх бол ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр АН-ын бүх гишүүд Дотоод сонгуульдаа оролцож саналаа өгөх юм. Дашрамд дурдахад, нэр дэвшигчдийн төлөх дэнчин, хураамжийн хувь хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй юм байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.