Эрдоган Европод нэр нүүрээ барсаар байна

Twitter Print
2017 оны 03-р сар 14-нд 13:42 цагт
Мэдээний зураг,

Туркийн ерөнхийлөгч Эрдоган хэдэн арван мянган хүнийг төрийн эргэлт хийхийг завдсан хэрэгт холбогдуулан баривчилж, 150 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагыг хаасныхаа дараа өөрийнхөө эрх мэдлийг хэвээр хадгалах санаагаа хэрэгжүүлэхээр "Бүх ард түмний санал асуулга" гэгчийг улс даяараа зарлаад байна. Ирэх дөрөвдүгээр сарын 16-нд болох Туркийн бүх нийтийн санал асуулгаар парламентын удирдлагыг Ерөнхийлөгчийнх рүү шилжүүлэх хэд хэдэн өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар төлөвлөөд байгаа юм.

Хэдхэн хоногийн өмнө Германд амьдарч буй туркуудын саналыг авахын тулд Эрдоганыг төлөөлөн кампанит ажил зохиох, тэр дундаа Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дэмжиж жагсаал хийх гэснийг Германы орон нутгийн захиргаа аюулгүй байдлыг хангах үүднээс гэсэн тайлбартай хориглосныг Эрдоган "ардчиллын үнэр ч алга, нацист арга барилаа тавиагүй байна" хэмээн шүүмжилсэн нь германуудын дургүй зэвүүцлийг хүргэсэн юм. Улмаар тэрбээр "Хэрэв тэд намайг тэнд үг хэлэхийг хориглосон бол ёстой "дэлхий дахинд гал гарахаар" арга хэмжээ авах байлаа" гэжээ. 

Туркэд баривчлагдан хоригдож буй сэтгүүлчдийн дотор герман гаралтай турк сэтгүүлч Дениз Юджель хоригдсон бөгөөд түүнийг ерөнхийлөгч Эрдоган Германы тагнуул, Курдийн босогчдийн төлөөлөгч хэмээн буруутган зарлаад байгаа юм. Үүний улмаас Германы зарим улс төрчид Эрдоганыг "тааламжгүй этгээд" хэмээн зарлаж тус оронд нэвтрүүлэхийг хориглохыг Канцлер Ангела Меркелээс шаардаж байна. Гэсэн ч Ангела Меркел асуудлыг хүндрүүлэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлж, орон нутагт болж байгаа жагсаал цуглааныг зөвшөөрлийг тухайн орон нутгийн эрх баригчид бие даан шийдэж өгдөг. Энд Канцлерийн оролцоо байхгүй гэдгийг удаа дараа мэдэгдсэн юм.

Канцлер Ангела Меркелд асуудлыг хүндрүүлэхгүй, эвээр ойлголцох гэх шалтгаан бий. Учир нь Герман Исламын бүгд найрамдах улстай хийж буй тэмцэлдээ Турк дахь НАТО-гийн баазыг түшиц газраар ашигладаг бөгөөд Ойрх дорнодын дүрвэгсэдийг Туркээр дамжуулан Европ руу гаргахад Ангела Меркель зуучлалын "түлхүүр" үүргийг гүйцэтгэсээр ирсэн.

Турк улс ийнхүү Герман улстай асуудал үүсгээд байсан бол энэ харилцаа Европын хэд хэдэн орноор хүрээгээ тэллээ. Өнгөрсөн Бямба гарагт Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Туркт  болох бүх нийтийн санал асуулгын өмнөхөн Голландын Роттердам хотод уулзалт хийхээр очих төлөвлөгөөтэй байсан. Тэрбээр Голландад суугаа туркүүдийг Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө саналаа өгөхийг уриалах, тэдний дэмжлэгийг авах бодолтой байсан ч харамсалтай нь Голландын засаг захиргаа "гарч болзошгүй үймээн самуунаас сэргийлэх зорилгоор" гэсэн тайлбартайгаар Туркийн Гадаад хэргийн сайдын онгоцыг тус улсад буухыг зөвшөөрөөгүй.

Энэ үйл явдлын дараахан уулзалт, арга хэмжээ зохиохыг хориглосоор байтал Туркийн Гэр бүл, нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн сайд Фатма Бетюль Саям Кайя тус улсад машинаар нэвтэрч Роттердамд уулзалт хийхээр явж байжээ. Үүнийг Голландын цагдаа таслан зогсоож, дагалдан явсан хэвлэл мэдээллийнхэн тур дундаа Туркийн Anadolu агентлаг, TRT телевизийн сэтгүүлчдийг саатуулж, нэн даруй буцахыг шаардсан байна.

Шил шилээ дарсан Туркийн сайд нарын бүтэлгүйтэлд "галзууртлаа уурласан" ерөнхийлөгч Эрдоган болон түүний засаг захиргаа хариу болгож тус улсад суугаа Голландын дипломат төлөөлөгчийн газрын орох, гарах эрхийг хязгаарлаж, Нидерландын Элчин сайдыг амралтаа дуусгаад тус улсад буцаж ирэхгүй байхыг хүсчээ. 

Нидерландын засаг захиргаа үүссэн нөхцөл байдлыг зүй зохистой байдлаар шийдвэрлэхэд Турктэй хамтарч ажиллахад бэлэн гэж тэмдэглэсэн ч Туркийн засаг захиргаа хориг арга хэмжээгээр сүрдүүлж, "яаж харьцана, яг тэгэж харьцана" гэсэн зарчим баримталж байгаа нь асуудлын эв зүйг олох биш улам хүндрүүлж байна. Тэрбээр “Манай Гадаад хэргийн сайдын буухыг хориглож л байг. Харин одоо Голландын нислэгүүд Туркт буухыг харъя л даа” гэж мэдэгдээд мөн л Нидерландын засаг захиргааны хийсэн уг үйлдлийг фашистуудын алхамтай зүйрлэсэн байна. “Тэд улс төр, олон улсын дипломат бодлогын талаар юу ч мэддэггүй юм байна. Энэ бол нацизмын үлдэгдлүүд, тэд фашистууд” гэжээ. Мөн Косаели хотод болсон цуглаан дээр хэлсэн үгэндээ "Ийм бусармаг явдал болж байхад Европын бусад орнууд дуугарахгүй байгаа нь эд нар нохой шиг бие биенээ хаздаггүйтэй холбоотой" хэмээн доромжилжээ. Энэ нь Туркийн “A dog does not bite another dog,” буюу "Нохой нэгнийгээ хэмлэдэггүй" гэсэн үгээр дайрсан нь энэ юм. 

Нидерландын Гадаад хэргийн сайдын асуудлыг эв зүйгээр зохицуулах, харилцаагаа хэвийн болгох тухай мэдэгдэлд "Эхлээд хийсэн зүйлийнхээ хариуг амс. Надад болон миний хүмүүстэй яаж хандсан тэрний чинь хариуг хангалттай өгнө. Дараа нь тэр тухай бодож болох юм" гэсэн хариуг телевизийн ярилцлагаараа дамжуулан өгчээ.

Мөн Эрдоганы армийн цэргүүд Нидерландуудад зохих хариуг нь өгнө гээд жүрж жимсийг хутгаар зүсч эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн аж. Үүнийг ажиглагчид Нидерландуудыг жүрж жимстэй адилтгах ямар шалтгаан байгааг тайлбарлахыг оролдож байна гэжээ.  

Ийнхүү Турк Европын холбооны орнуудтай харилцаагаа хүйтрүүлсээр байна. Энэ талаар улстөрчид ойрын хугацаанд энэ харилцаа эерэгээр сэргэхгүй гэж таамаглаж байна.

Дээрх улсуудад маш олон тооны туркууд оршин суудаг бөгөөд Германд гэхэд л Туркэд болох Ард нийтийн санал асуулгад оролцох хууль ёсны эрхтэй 1.5 сая турк иргэн амьдардаг нь Эрдоганы засаг захиргаанаас Германд нэвтэрч ятгалга явуулах ажил бүтэлгүйтсэнд уурлах маш том шалтаг болоод байгаа юм.   

Эдгээр хүмүүс Германд сайхан амьдрал хайж ирсэн. Хайж ирсэн амьдрал, боловсрол зэргийг олгоход Герман улс чинээгээрээ тусласан. Харин энэ бүхнийг өгч чадаагүй мөртлөө өөрийнхөө төлөө Үндсэн хуульд оруулах өөрчлалтийн төлөө "за" гэж хэлүүлэхээр хэтийдсэн гэмээр ийм хүчин чармайлт гаргаж, орон нутгийн засаг захиргааны шийдвэрийг бүхэд бүтэн улсын нэр хүндийн эсрэг ажиглаж байгаа нь эгдүүцэл төрүүлж байна гэж нэр бүхий сонингуудад дурджээ.

Эх сурвалж: New York Times, Financial Times

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.