НҮБ: 20 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна

2017 оны 03-р сар 13-нд 16:19 цагт
Мэдээний зураг,

Сомали, Йемен, Өмнөд Судан, Нигери гэх Африк тивийн дөрвөн улсын хэмжээнд 20 сая хүн өвчин, өлсгөлөнд нэрвэгдсэний улмаас амиа алдах аюулд тулгараад байна гэж Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ) мэдэгдлээ. НҮБ-ын зүгээс тус улсуудад тусламжийн гараа сунгахыг дэлхий дахинд уриаллаа.  

“Бид дэлхийн хүн төрөлхтний түүхэнд их чухал цаг үетэй тулгараад байна. 2017 он гараад удаагүй байхад бид НҮБ-ыг байгуулагдсанаас хойших (1945) хамгийн том хямралд автаад байна. Яг одоо дөрвөн улсын 20 сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна.

Дэлхийн бусад улс орон өлсгөлөнгийн эсрэг нэгдсэн арга хэмжээ авахгүй бол эдгээр хүмүүс амиа алдахад ойрхон байгаа бөгөөд үүнээс ч олон хүн янз бүрийн өвчинд нэрвэгдэж үхэх аюулд тулаад байна” гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн үйл ажиллагаа хариуцсан дарга Стэфэн Ө’Браян хэлжээ.

Өмнөд Суданд 7.5 сая, Йеменд 7 сая, Нигерид 120,000 хүн хагас болон бүтэн өлсгөлөнгийн байдалд байгааг мөн НҮБ-аас мэдэгдлээ.

Сомалид 6 сая хүн хоол ундны хомсдолд ороод байна. Энэ нь нийт хүн амын талаас дээш хувь юм. Ган, өлсгөлөн, Ал-Шабааб гэх террорист бүлэглэлийн дарангуйлал зэргээс тус улс тун ч хүндхэн байдалд байна.

“Сомали маш хүнд нөхцөлд байна. Ард иргэд нь өлбөрч үхэхээс гадна цэвэр ус огт алга” гэж Сомалиас дүрвэсэн нэгэн иргэн хэлжээ. Мөн “Ал-Шабааб бүх замыг хаасны улмаас тусламжийн хүнс бидэнд хүрдэггүй. Тусламжийн хүнсийг Ал-Шабааб дээрэмдсээр байна” гэжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гүтерез хэлэхдээ “Сомалиг дэлхийн бусад улс орнууд үл тоомсорлож байна. Сомалид өлсөж байгаа хүн бүрийн хувьд нөхцөл байдал маш хүнд байгааг ойлгох хэрэгтэй. Бид Сомалид бүхий л бололцоогоороо туслах үүрэгтэй” гэжээ.

Сомалид нэн яаралтай санхүүгийн тусламж үзүүлэх шаардлагатай байна. Өлсгөлөнгөөс гадна халдварт өвчин маш хурдацтай тархаж байгаа нь нөхцөл байдлыг улам доройтуулж байна. 

Эх сурвалж: CNN

Орчуулсан М. Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.