Хятад Өмнөд Солонгос руу хийх хэд хэдэн нислэгээ цуцлав

Twitter Print
2017 оны 03-р сар 10-нд 16:05 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн Даваа гариг буюу 3-р сарын 6-ны өглөө Хойд Солонгос дөрвөн пуужин харваж туршсан билээ. Харвасан пуужин нь Япон дахь америкийн цэргүүдийн баазуудад цохилт өгөх зорилготой сургуулилт хэмээн Өмнөд Солонгос өчигдөр мэдэгдсэн. Хойд Солонгосын мэдээллийн агентлагийн мэдээгээр тус улсын удирдагч Ким Чен Ун өөрийн биеэр пуужин хөөргөхийг ирж үзжээ.

НҮБ, Япон, БНСУ хойдуудын энэ үйлдлийг буруушааж байгаагаа мэдэгдсэн. Японы Ерөнхий сайд Шинзо Абегийн мэдэгдсэнээр хойдуудын харвасан дөрвөн пуужингийн гурав  нь ойролцоогоор 1000 гаруй км хөөрч Японы эдийн засгийн бүс гэж тодорхойлдог Японы тэнгист унасан. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлснээр пуужингуудыг Хятадын хилийн ойролцоох Тончхан мужид байрлах цэргийн сургуулилтын талбайгаас хөөргөжээ.

Сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд Хойд Солонгос ийнхүү хоёр дахь удаагаа пуужин харваж байгаа юм. Өмнөхийг хоёрдугаар сарын 12-нд хөөргөсөн.

БНСУ-ын нутаг дэвсгэрт энэ системийг суурилуулах шийдвэр өнгөрсөн 2016 оны долдугаар сард АНУ гаргасан. Харин Хойд Солонгос пуужин харвасантай хобоотойгоор 2017 оны сүүлээр суурилуулахаар төлөвлөөд байсан ч пуужин эсэргүүцэх THAAD системийн тоног төхөөрөмжийг Америкийн цэргийнхэн Өмнөд Солонгост нэн даруй тээвэрлэн авчирчээ.

Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт THAAD системийг байрлуулах АНУ-ын шийдвэр нь Хятадын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Учир нь энэ системийг Өмнөд Солонгост байрлуулснаар Хятадын агаарын орон зай ч бас хянагдах болж байгаа юм. 

THAAD (Terminal High Altitude Area Defense) нь өндөрт байгаа баллистик болон бусад төрлийн пуужинг барих систем юм. Ойрын болон дундын зайн тусгалтай пуужинг даяллынх нь сүүлчийн шатанд барин устгах чадвартай. Ингэхдээ шууд пуужингаар онож устгадаг. Систем 200 хүртэл км зайд, 150 км-ийн өндөрт байг устгах чадвартай.

Ийнхүү Бээжингийн эсэргүүцлийг үл тоон Солонгосын хойгт АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байршуулсан нь Бээжин болон Сөүлийн дипломат харилцаанд зөрчил үүсгээд байна.

Өмнөд Солонгосын “Easter Jet” компани Чёнжу, Чежү хотоос Хятадын Нинбо, Жинжян, Харбин хүрэх онгоцны нислэг цуцлагдсан болохыг цахим хуудсаараа мэдэгджээ. Өнөөдрийн байдлаар Хятадын “Eastern Airlines” болон “Spring Airline” компаниуд Өмнөд Солонгосын Чежу арал хүрэх ирэх долоо хоногийн хуваарьт нислэгийн тасалбарыг худалдаалахаа зогсоосон байна. Үүний зэрэгцээ далайн тээврийн хэд хэдэн компани хоёр орны хоорондох бараа тээврийн үйлчилгээг зогсоосон байна. 

Хятадын засгийн газрын зүгээс иргэдийг Өмнөд Солонгосын санал болгож буй визний багцыг худалдаж авахгүй байхыг уриалсан юм. “THAAD” пуужингийн системийг Солонгосын хойгт байршуулахын эсрэг Хятадын талаас авч буй арга хэмжээ нь БНСУ-ын аялал жуулчлал, худалдааны салбарт хохирол учруулж эхэлжээ. Өмнөд Солонгосын аялал жуулчлалын салбар Хятадаас ихээхэн хамааралтай бөгөөд тус улсад ирдэг гадаадын иргэдийн тал хувь нь хятадууд байдаг аж. Үүний хариуд Өмнөд Солонгосын засгийн газраас Дэлхийн худалдааны байгууллагад Хятадын эсрэг гомдол гаргахаар зэхжээ.

Солонгост жуулчлалаар ирдэг гадаадын иргэдийн 50 орчим хувийг хятадууд эзэлдэг гэсэн статистик үзүүлэлттэй. Иймд хэрэв энэ байдал даамжирвал Өснөд Солонгосын эдийн засагт ихээхэн хохирол учирах нь тодорхой болоод байна.  

Эх сурвалж: Reuters

Р.Этүгэн, mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.