МАХН УИХ, Засгийн газрыг огцрохыг шаардана гэв

Twitter Print
2017 оны 03-р сар 10-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэжамъян, нарийн бичгийн дарга Б.Тулга нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр МАХН-ын Бага чуулганаас гарсан шийдвэр, мэдэгдлийг танилцуулсан юм.

Энэхүү Эрдэнэтийн 49 хувь болон ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаар МАХН-аас гаргасан хоёр мэдэгдлийн гол агуулгыг хүргэе. 

"Эрдэнэт үйлдвэр"-ийн асуудлаар гаргасан мэдэгдэлдээ "МАХН-ын Бага чуулганы гишүүд бид Эрдэнэтийн хувьцааны 49 хувь ба 51 хувь, Монросцветметийн хувьцааны 50 хувийн талаар дараах байр суурийг илэрхийлэн мэдэгдэл гаргаж байна.

1. Эрдэнэт УБҮ-ийн эзэмшилд байдаг Эрдэнэтийн зэс-молибдений орд, Монросцветмет ХХК-ийн эзэмшилд байдаг Асгатын мөнгөний орд нь Монгол Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 18 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад багтсан ордууд бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ хэлцэл, хууль тогтоомжийн дагуу ард түмний мэдэл, төрийн өмчид байх ёстой. Гагцхүү УИХ эдгээр орд, эзэзмшиж буй хувьцаа, өмч, эзэмшилийн талаархи эцсийн шийдвэр гаргах хуультай.

2. МАХН нь Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордыг ард түмний дундын өмчид байх ёстой гэж үздэг бөгөөд гагцхүү ард түмний санал асуулгаар хэрхэн ашиглахыг шийдвэрлэж байх ёстой гэсэн байр суурийг баримталдаг болно.

3. УИХ, Засгийн газар болон хууль шүүхийн байгууллагууд Эрдэнэт УБҮ-ийн ОХУ-ын мэдэлд байсан хувь эзэмшлийг Монголын талд шилжүүлэх явцад хууль зөрчин хувийн хэвшлийн байгууллагад зувчуулсан асуудлыг шалг&н тогтоож, улс, ард түмний зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй. Түүнчлэн төрийн өмчид байгаа хувьцааг ӨАБНУ-ын банкинд хууль бусаар нууцаар барьцаалсан, эрх мэдлээ хэтрүүлэн хувьдаа завшсан шинжтэй гэмт үйлдлийг шалгах Ажлын хэсгийг УИХ-д байгуулж, нэн даруй олон нийтэд ил тод болгохыг шаардаж байна.

4. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагууд, АТГ, Прокурор нь хууль зөрчин авилга авах, өгөх, зуучлах, мөнгө угаах, эрх мэдлээ хэтрүүлэх, банкны тухай хууль тогтоомж зөрчих зэрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуулийн дагуу хэрэг үүсгэн, хариуцлага тооцож, шударга ёсыг тогтоох арга хэмжээг цаг алдалгүй авах ёстой.

5. Ард түмний өмчийг хамгаалж, цаг алдалгүй олон түмний сонорт хүргэж ажилласан МАХН-ын удирдлага, Гүйцэтгэх товчооны байр суурь, УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоосон УИХ-ын гишүүдийн шийдвэрийг зөв зүйтэй хэмээн дүгнэж, талархал илэрхийлсүгэй.

6. Цаашид Эрдэнэт УБҮ, Монросцветмет ХХК-ийн төрийн мэдэлд шилжин ирсэн хувь хувьцааг монголын ард түмний нийтийн, дундын өмч болгон зарлах, төрийн өмчийн ашиглалт, үр ашигтай байдлыг сайжруулан олон нийтэд нээлттэй, ил тод болгохыг шаардсугай.

7. МАХН-ын Бага чуулганы гишүүдийн энэхүү мэдэгдэлийг үндэслэн ард түмний өмч, эрх ашгийг улс төрийн аргаар хамгаалж ажиллахыг МАХН-ын Гүйцэтгэх товчоо, МАХН-ын гишүүдэд даалгасугай" гэжээ.

Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтэд хамрагдах болсон талаархи асуудлаар гаргасан мэдэгдэлдээ "МАН 2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэнд амласан амлалтаасаа бүрэн ухарч, татварыг өсгөж, цалин тэтгэврийг нэмэхгүй байх замаар олигархиудын авсан өр, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн завшсан мөнгийг ард түмнээр төлүүлэх гэж байна.

Улсын өр гэгдэж буй их хэмжээний өр зээлийг хувааж авсан бүх хүн өнөөдөр УИХ-д сууж, зарим нь сайдын албан тушаалыг хашиж байна. МАН өмнөх Засгийн газрын асуудал, өр зээлийг мэдээгүй байсан гэх нь ямар ч үндэслэлгүй. Цаашид сонгуулийн амлалтаасаа ухран буцаж, хууран мэхлэх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байвал нь МАХН-ын зүгээс УИХ, Засгийн газрыг огцруулах, шинээр УИХ-ын сонгууль явуулахыг шаардах болно" гэсэн байна.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Танай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүний нэр тодорсон уу?

-Бага чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуульд хэний нэрийг дэвшүүлэх асуудлаар хэлэлцээгүй. Зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль эрх зүйн орчны асуудлаар хуралдсан. Зарим хууль батлагдахдаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэрхэн нэр дэвшүүлэхгүй байх вэ гэдэг асуудалд төвлөрч байна гэж бид хардаг. Тиймээс үүний талаар хэлэлцсэн. Тэгээд ч нэр дэвшигчээ тодруулах хуулийн хугацаа болоогүй байна.  

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү намаасаа гарах талаар зарим хэвлэлд цухуйлгах болсон. Энэ хүнийг намдаа барьж байх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Хувь хүний асуудал асууж байна. Бидний байр суурь мөрийн хөтөлбөр, амлалтад туссан байдаг. Энэ үзэл баримтлалаа дэмжиж байгаа бол бид нартай хамт байна. Энэ биш гээд явах эсэх нь хувь хүний асуудал. Гэхдээ О.Баасанхүү гишүүн бид нартай хамт байж, үзэл баримтлалаа дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.