Б.Ариунболд: Орон нутгаас ҮБХ-д орж байгаа гишүүд Төв намын байранд ирж бүртгүүлнэ

Twitter Print
2017 оны 03-р сар 10-нд 09:37 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын дотоод сонгуулийн бүртгэл явагдаж байгаатай холбоотойгоор Дотоод сонгуулийн хорооны дарга Б.Ариунболдоос зарим зүйлийг тодрууллаа. 

-Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж байгаа. Бүртгэл болоод сонгууль зохион байгуулалтын үйл явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Дотоод сонгуулийн хороо ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр болох бүх шатны намын хорооны дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Бүх шатны сонгууль гэдэг нь аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүд зэрэг нийт долоон төрлийн сонгууль явагдаж байгааг хэлж байгаа юм. Энэ үйл явц Ардчилсан намын шинэчлэлийн хоёр дахь давалгааг эхлүүлж байгаа гэсэн үг. 

-Бүртгэл ямар хугацаанд үргэлжлэх вэ. Нэр дэвшигчид ямар материал бүрдүүлэх ёстой вэ?

-Нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 6-наас 13-ны хооронд явагдаж дуусна. Тодруулбал, гуравдугаар сарын13-ны өдрийн 16:00 цагаар бүртгэл дуусгавар болно. Нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалын талаар Ардчилсан намын албан ёсны вэб хуудас болох demparty.mn сайтад дэлгэрэнгүй мэдээлэл тавьсан байгаа. Тэндээс шаардлагатай мэдээллээ авахын зэрэгцээ бүртгэлийн ажилтнуудтай биечлэн уулзаж мэдээлэл авч болно.

Зарим зүйлийг онцлоход, гишүүд бүртгүүлэхдээ намын гишүүнчлэлийн 2017 оны татвар болох 1200 төгрөгөө тушааж, цахим бүртгэлдээ бүртгүүлсэн байх ёстой. Тэгж байж саналын эрх тань баталгаажна гэсэн үг. Нэр дэвшигчдийн хувьд тодорхой шаардлагуудыг хангасан байх, дэнчингийн мөнгөө төлсөн байх гэсэн ерөнхий шаардлагуудыг тавьж байгаа. 

-Дэнчингийн хэмжээ ямар байгаа вэ?

-Нэгдүгээрт, сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүс дэнчин төлөх бол бүх л намд байдаг асуудал. Манай намд ч гэсэн өмнө нь байсан. Жишээлбэл, өмнө ҮЗХ-н гишүүд жилд нэг сая төгрөгний татвар төлдөг байсан. Одоо бол Үндэсний бодлогын хорооны гишүүний татвар жилд гурван сая төгрөг төлдөг болж өөрчлөгдсөн. 

-ҮБХ нийт хэдэн гишүүнтэй байх вэ?

-380. Үүн дээр УИХ-ын есөн гишүүн нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, 389 гишүүнтэй байна гэсэн үг. 

-Бүртгэл явагдаж байгаа байршлыг тодорхой зааж өгөхгүй юу?

-Хөдөө орон нутгаас дэвшиж байгаа хүмүүс тухайн аймгийнхаа нам дээр бүртгүүлнэ. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, орон нутгаас ҮБХ-д орж байгаа гишүүд бол Төв намын байранд ирж бүртгүүлнэ. Биечлэн ирж чадахгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулж бүртгүүлж болно. 

-АН шинэ байртай болсон. Тэгэхээр бүртгэл аль байранд хийгдэж байгааг тодруулж өгөхгүй юу?

-Намын хуучин байр буюу одоо Мэдээлэл, сургалт, сурталчилгааны төв байрлаж буй Төв шуудангийн урд талын байранд Дотоод сонгуулийн хороо албан ёсоор байрлаж байгаа. Тэгэхээр энд ирж бүртгүүлнэ гэсэн үг. 

-Ямар тохиолдолд бүртгэхээс татгалзах вэ?

-Бүртгэл дээр хүндрэлтэй зүйл байхгүй. Бид зөвхөн намын харьяаллааа л тодорхойлуулсан байх шаардлага тавьж байгаа. Ер нь бүртгэхээс татгалзах үндэслэл нь цөөн. Нэгдүгээрт, өөр намын гишүүнчлэлтэй бол, хоёрт, АН-д элсээд зургаан сар болоогүй байгаа гишүүн энэ удаад аливаа шатны сонгуульд оролцох боломжгүй болж байгаа. Гуравдугааот, 2016 онд бүх шатны аль нэг сонгуульд бие дааж АН-ын эсрэг нэр дэвшсэн, эсвэл өөр намаас нэр дэвшиж байсан хүмүүсийг бүртгэхгүй байгаа. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.