"Засаг" зодоон

Twitter Print
2017 оны 03-р сар 10-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Хүрээ зодоон гэж байдаг талаар багадаа сонсож байлаа. Юун кунфу, Ушутай харьцуулах. Сунгалт дасгал хийх хэрэггүй, яг нарийн дүрэм гэж байхгүй шахам.  

Дээлний нудрага оролцуулан хоёр гарын савчааныг хөлийн өшиглөлттэй зэрэгцүүлээд сэхээ сэвгүй довтлоод өрсөлдөгчөө буланд шахаж буулган авах юм уу, хамраас нь цус гаргаж зүрхийг нь мохоодог талаар нэг хөвүүн бидэнд ярьдаг байв. Гол тактик нь сэхээ өгөхгүй дайрах. Ухарна гэж байхгүй юм уу даа.. Инээдтэй нь манай нөхөр энийгээ найз нартаа бодитой үзүүлэхдээ өөрөө нүдээ тас аньчихна л даа. Ер нь нээж харах ч шаардлагагүй гэмээр. Нэгэнт цохих цэг, тоочик энэ тэр байхгүй зүгээр л дөрвөн мөчөөр балбаад байх тул нүд харааны ч хэрэг байхгүй. Нөгөө нөхрийн гутлын хоншоорыг хараад л дөрвөн мөчөөр савчсаар урагшлаад байхад л болчихож байгаа харагдана. Хөл доор босох шороо тоосноос сэргийлээд нүдээ тас аньчихсан байдаг.

Үүнтэй тун төстэй нэг зодоон саяхан болж дээ. Энэ зодооныг халхалж буй нэр нь их гоё. Иргэдийн шударга сонголтын төлөө. Үнэн хэрэгтээ бол нийслэлийн томхон дүүргийн засаг ноёны төлөөх зодоон. Бүүр шулуухан хэлэхэд бол иргэдийн нэр барьсан эрх мэдлийн төлөөх шунал. Нэг талаас шүүхийн шийдвэрийн үр дагаврыг үл тоон хүч түрэн гаргасан захирамжтай улааны талын Засаг дарга, нөгөө талд цөөнхийг турхирч олны нэрийг барин хамгаалалтад шилжсэн цэнхэр талын нэг Засаг даргын хоорондох "хүрээ зодоон". Хэн нь ч хууль дээдлэхийг эрхэмлээгүй, сонгогчдыг хүндлээгүй. Нүдээ тас аньчихсан. Маш хурдан засаг ноёны тамга, сэнтий хоёроо авахаар улайрсан.  

Яг хэрэг дээрээ зодолдсон хоёр яагаа ч үгүй. Үзэгч болон талцан дэмжсэн талынхан өөрсдөө зодоондоо хутгалдчихсан. Суултаар эхэлж сүржин мөргөлдөөн болох дөхсөн энэ зодооны эхлэл ба өрнөл төгсгөлийг хэвлэл мэдээллийнхэн маань сошиалынхантай хамтран шуурхай бас сонирхолтой мэдээлсэн болохоор нэмж нуршихгүй. Харин эсэргүүцсэн байр суурийг  хүрээ зодоон болгож хонжоо хардаг ард нь байгаа улстөрчдийн сценарын тухай л юм яримаар байгаа юм.

Өгүүлж буй “засаг зодоон”-ы рейнг нь Баянзүрх дүүргийн Тамгийн газрын байр болсон байв. Гэр хорооллын яндангийн утаанаас цойлж баригдсан янзын гоё ордон. Хот хол орж ирээгүй зарим нь аймгийнхаа соёлын төвийн барилгатай адилтгадаг. Баганат ордон бий. Энэ ордонд эзэн суухаар улаан, цэнхэр хоёр тал эртнээс үзэлцсэн байгаа л даа. Яг ардчиллын агуулгаараа бол иргэдийн сонголтоор олонх болж итгэл хүлээсэн дүүргийн иргэдийн төлөөлөгчид энэ ордны эзэд. Тэд хэнийг зарцаа болгож энэ ордны байнгын жижүүр, Засаг дарга болгох талаар олонхоороо шийд гаргаад л болоо.

Тэр азтай зарц энэ баганат ордны хамгийн том гоё өрөөнд сууж, хүнд тамга барин ажиллана. Тангараг өргөсөн төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагад дулдуйдан нойр хоолгүй ажиллаж иргэдийн хурлын шийдвэрийг практик амьдралд хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ.

Яг цалингаар нь яваад, мөнчгөрөөрөө хийвэл Засаг дарга гэдэг зугтмаар хүнд ачаатай ажил баймаар. Алалцаад булаацалдаад байх ноёны суудал биш. Хэн ч итгэхгүй болоод байгаа ч энгийнээр бол ИТХ ба түүний шийдвэрээр засаг ноён болох гэдэг бол иймэрхүү энгийн. Иргэдийн төлөөллийн шийдвэрийг гүйцэтгэгч албан тушаалтан.  Энэ зарцын ажлыг “засаг ноён”-ны засаглал, эрх мэдэл болгочихсон манай намтангууд сая бол алалцлаа шүү дээ.

Үнэндээ өөрсдөөс нь бол цус байтугай нус ч гарахгүй цэмбэгэр. Хэдэн хүн турхирч оруулаад шударга ёсны төлөө уриа хэвлэж бариулаад эмх журам тогтоох гэсэн цагдаатай мөргөлдүүлээд дундаас нь хэвлэл мэдээлэл сошиалаар “скандал” үүсгэдэг. Үүнийгээ л хэрэгжүүллээ. Дүүргийн тамгын газрын байранд буюу хуулиараа төрийн байгууллагын дотор суулт хийх, өлсгөлөн зарлах хориотой маягийн заалт байдгийг засаг ноёны зодооныг эхлүүлсэн дарга нар мэдэж л байгаа. Хамгийн богинохон засагласан буюу хоёр цаг болоод өрөөнөөсөө гарах болсон Засаг даргыг өмөөрөн шударга сонголтоо хамгаалахаар яаран ирсэн 300-д иргэн харин тэр бүр мэдээгүй байж болно.

Шүүхийн шийдвэр байхад хууль хэрэгждэг улсад бол саяны зодоон шиг хэрэггүй юм байхгүй. Хэн нэгэн суулт хийж, цагдаа хүчнийхэнтэй чирэлцэж нудралцах ямар ч хэрэггүй. Шүүхийн шийдвэр эцсийнх. Хуулиараа л болно. Даанч манайд хууль хэрэгждэггүй, хүрээ зодооны дүрмээр явдаг. Үүнийг хэн сайн гүйцэтгэсэн нь санасандаа хүрдэг. Сонгуулийн дүн будилаантай, шүүхийн шийдвэр сөрөг гарвал шууд хөдөлнө. Нэг л өрөөнд нь оруулаад тамгыг нь авчихвал шүүхийн шийдвэр ч яамай болдог жишиг тогтоосон. Үүнийг гардан хэрэгжүүлж явсан нийслэлийн АН саяхан Баянзүрх дээр улайран зогслоо. Тэд олонх байхдаа л мөн л Их хурлын сонгуульд ялсан нам л ялж,  бүх дүүргийг хамж авах ёстой мэт түрэмгий авирлаж л байсан. Олон нийт тийм богино ухаантай,  мартамхай биш.

Тэгээд энэхүү касаг зодооны төгсгөл уламжлал ёсоор болж цагдаа иргэдийн дунд үл ойлголцол үүсгэж, чирж гулдарч хүч хэрэглэх дээрээ тулцгаасан дүр зураг харагдсан. Хүрээ зодооны яг голд байх эрхмүүд харин цэвэрхэн соёлтой гээч нь зурагтын нэвтрүүлгүүдээр яаран орж өөр өөрийн байр суурийг хамгаалж харагдсан. ИТХ -ын сонгуулийн дүн эргэлзээтэй буюу ойрхон гараад ирэхээр сонгуулийн хороо олонх талд нь дарсан шийдвэр гаргачихдаг. Түүнийг нь давж шүүхдэх бол хэний ч мэдэх Засаг даргын төлөөх зодооны оршил, тайван хэлбэрийн тэмцэл байдаг. Хуулийн процесс явагдах энэ нойрмоглол дундуур ялсан намын тал ганц захирамж шидээд нэг Засаг дарга оруулаад авдаг. Тэр нь шүүхийн шийдвэрийг ч үл тоон тамгаа авч зугтсаар даргаараа үлдчихдэг. Ийм марзан хөдөөгөөрөө дүр зураг хотын дүүрэгт одоо ч байгаа нь л хамгийн том эмгэнэл.

Тоймч Пүрэвжавын Баярхүү

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.