Ч.Ганжавхлан: Өвлийн уралдааны эздийн компаниар үйлчлүүлэхээ зогсооё!

2017 оны 03-р сар 06-нд 12:53 цагт
Мэдээний зураг,

Хүний наймаа, хүчирхийллийн эсрэг Лантуун Дохио төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудаснаа доорх тэмдэглэлийг оруулж, өвлийн морин уралдаанд оролцож буй уяач, эздийн компанийн бүтээгдэхүүнийг худалдаж авахаа болих, тэдний компаниар үйлчлүүлэхээ зогсоох уриалга гаргажээ.

Бид хүүхдийн эрхийн ерөнхий зарчмууд, онц аюултай спортод хүүхдийг татан оролцуулахыг хориглосон хууль дүрэм, шүүхийн шийдвэр зэрэг хүмүүнлэг үзэл хандлагын зарчмууд ба төрийн хууль дүрмийг бүх талаар уландаа гишгэж, насанд хүрэгсэд нялх балчираа хамгаалдаг адгууснаас нь ч дор авирлаж буй уяач, хурдан морины эздийн эрхэлдэг бизнес, үйлчилгээг хэрэглэхээс татгалзах уриалгад нэгдэж байна. 

Өвлийн уралдааны эздийн компаниар үйлчлүүлэхээ зогсооё!

Энэ унаач хүүхдийн асуудал дээр 2 жилийн өмнө ийм зүйл болсон юм. Бид ид шидийн уут 2015 хэмээх аяныг зохион байгуулан өвлийн өвөө нар дүүргүүдэд хуваарилагдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн холбооноос хөтөч авч би Өлзийт хороолол руу өвлийн өвгөн болж явсан юм. Аав ээжүүдийн хэлж байгаагаар тэнд уяач нар малчид голдуу байрладаг хамгийн олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдардаг гэнэ. Тэгээд л цасан охидыг дагуулан айл бүрээр нь бүтэн өдөржин яваад дуусаагүй. Хөлөө тайруулчихсан, гараа тайруулчихсан, хараагүй болчихсон нүдэнд нь ямар ч гал цог байхгүй болсон хүүхдүүдэд бэлэг өгөхөд маш өрөвдөлтэй дотор их хүнд байсан. Бараг 90 хувийнх нь тийм болсон шалтгаан хурдан морь унаж байгаад бэртсэн гэлээ. Та бод л доо, бүх насаараа гүйж харайж чадахгүй тэргэнцэр дээр өнгөрүүлэх амьдралыг. Төрөлхийн бус тоглоомын золиос болж шүү дээ. Монголд ядаж тэргэнцэртэй хүн чөлөөтэй явчих зам талбай бийсэн бил үү?

Гэтэл бид энд зуны уралдаан тэр олон даншиг бүсийн цэнгээнийг нь яриагүй шүү дээ. Ердөө л хөх ногоо ургаж хөхөө донгодохоос өмнө хавар өвлийн зааг дээр хүйтэн цагаар бага насны хүүхэд оролцсон хурдан морины уралдаан битгий зохион байгуулаач л гэсэн. Үнэхээр уралдмаар байгаа бол өөрсдөө унаад уралдаж болношдээ хамаагүй. Зэвүүн нь хэзээч том хар машин унасан уяач нэр зүүсэн баячуудын өөрсдийнх нь хүүхэд тэнд уралддаггүй. Адууны хойгуур явж байгаад өшиглүүлчихнэ гээд ойртуулдаг ч үгүй. Хүний хүүхэд болохоор хасах 25 хэмд нүдээ хөлдөөгөөд осгоод ороод ирэхэд болоод байдаг. Ийм байж болох юм уу ?

Одоо 12-нд дахиад уралдана. Түүнийгээ болих хэрэгтэй. Яадаг ч үгүй, сүртэй юм, зүгээр гээд л мэтгэлцээд байсан өнөөдөр түргэний 3 тэргээр мориноос унасан хүүхэд зөөсөн байна. Ард түмний ийм их эсэргүүцлийг ажрахгүй шүүхийн шийдвэр, хууль зөрчин байж ингэж улайрч байгаа уяачдыг, эздийг зарлаад өгөөч! Ямар компанийн захирлууд байна бүтээгдэхүүнийг нь худалдаж авахаа больцгооё. Тэдний компаниар үйлчлүүлэхээ зогсооё. Ядаж цамаархал нь багасаг! Хүүхдэд ээлгүй тийм харгис хүмүүс мөнгөтэй болох тусмаа нийгэмд хортой зүйл хийх болно. 

Ч.Ганжавхлан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зургийн тайлбар: 3 жил хүний морийг хөлсөөр унаад ийм хөлтэй болсон хүү сард 30.000 ₮ авдаг байжээ. Харин дүүгийх нь тархины яс цуурсан!

Эх сурвалж: Eagle TV

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.