Эх оронч гэж хэн юм бэ?

Twitter Print
2017 оны 03-р сар 03-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Ямар хүнийг эх оронч гэх вэ? Ямар шалгуураар үнэлэх вэ? Энэ асуултын хариулт олон. Мөн олон ч шалгуур үзүүлэлт бий. Гэхдээ нэг л чухал үндсэн шалгуур байдаг юм. Тэр нь хэрэгтэй цагт эх орныхоо төлөө амь, амьдралаа үл хайрлах итгэл, сэтгэл, зүтгэл болно. 

Энэ гол шалгуурыг яруу тодорхой илэрхийлсэн нэгэн домог бий. Гүржийн төв хэсэгт орших Сурамийн цайз хэмээх ер бусын бат бөх цайз байдаг. XII зууны үед баригдсан уг цайзын тухай домогт ийн өгүүлэх билээ. 

“Сурамийн хот дайсанд удаа автаж эрчүүд нь хядагдаж, эмс охид нь булаагдан энгүй их зовлонг үзжээ. Үлдэгсэд нь өндөрлөг газарт нуугдан бүгэх бөгөөд тэнд ургасан олон зууны настай мөчир хугархай нэгэн өндөр Чинарын модны оройд гарч дайснаа харуулддаг байжээ. Тэрхүү модны сүүдэрт жижигхэн хар овоохой байх агаад тэнд нуруундаа ташуурын, шуу, шилбэндээ гавны сорвитой, хаанаас ирсэн нь үл мэдэгдэх өвгөн амьдардаг байж. 

Өвгөн нэгэн удаа тэдгээр үлдэгсэдэд ийн хэлжээ: “Энэ өндөр Чинарын мод та бүхнийг аюулт дайснаас хамгаалж үл чадна. Дайсан ирэх л аваас та бүхнийг хядах болно. Харин та бүхэн өндөр хүчирхэг цайз хэрэм босговоос зохино”. 

Өвгөний хэлснээр ардууд зүтгэсээр хүчирхэг бат бэх цайз босгосон байна. Гэтэл цайзын нэг хана нураад огт болдоггүй. Дахин дахин барьсан ч нураад байжээ. Гүрж хүмүүс өнөөх мэргэн өвгөн дээр ирээд асуусанд “Эр ганц хүүтэй эх ол. Тэгээд тэр хүүг нь нураад байгаа хананы завсарт амьдаар нь хийж баривал дахиж нурахгүй” гэжээ. Мөн “Гэхдээ тэр хүү ч, эх ч сайн дураараа сэтгэлээрээ, ямар ч эсэргүүцэлгүй очих ёстой шүү. Өчүүхэн ч эргэлзсэн байдал мэдрэгдвэл цайз нурсаар л байх болно” гэсэн байна. Тийм эх болоод хүүг олох үнэхээр хэцүү мэт санагджээ. Гэтэл бүр хүүгээ энэ үйлд өргөл золио болгоё гэсэн гурвын гурван эх гарч ирсэн байна. Тэднээс Зураб гэдэг бага сайхан хүүтэй, өөр ойр дотнын хэн ч үгүй эхийг сонгожээ.

Хүү маргааш өглөө нь ганцхан шөнийн дотор энэлэн шаналангаасаа пад хар царайтай болсон эхийгээ тэврээд цайзын нурсан ханын дэргэд ирэв гэнэ. Эхийгээ газарт буулгаад ханын ангархай завсар руу орж зогсжээ. Ингэхдээ өчүүхэн ч эргэлзсэнгүй, эргэж ч харсангүй. 

Энэ үеэр өнөөх мэргэн өвгөн ирээд эмэгтэйчүүдтэй цуг чулуу зөөж буй хөөрхий эхийг олж уулзан “Эмэгтэй минь, чи яагаад ганц хайртай хүүгээ цайзын нурсан хананд амьдаар нь булшлахаар шийдэв. Чамд өөр хэн ч байхгүй шүү дээ” гэж асуусанд эх өөдөөс нь ихэд бардам итгэлтэйгээр “Хэн ч надаас ингэж асуух эрх байхгүй. Яагаад гэвэл хүүд минь хоёр эх бий. Нэг нь төрүүлсэн эх болох өчүүхэн би байна. Удаах нь төрөлх аугаа сайхан ЭХ ОРОН нь байна. Ингэхэд эх орон гэдэг бол хамгийн хайртай ЭХ нь юм шүү. Хүү маань тэр эхийнхээ төлөө яваа учир өчүүхэн би юунд татгалзаж чадах билээ” гэжээ.

Өвгөн цааш мацан цайзын ханан дотор чулуу шавраар булагдан байгаа хүүгийн дэргэд хүрч, “Хүү минь, чи яагаад энэ ханан дотор сайн дураараа амьдаараа булагдахаар шийдэв. Аймшигтай биш гэж үү? Чамд амь бие хайран биш үү. Чи амьдралын сайхныг амталж ч амжаагүй дэндүү залуухан байна шүү дээ” гэсэнд хүү мөн өчүүхэн ч эргэлзээгүйгээр “Миний зүрхэнд айдас биш, нэр төр, баяр бахдал булгилж байна. Би хэзээ нэгэн цагт эх орноо эрслэн хамгаалах эр цэрэг болохыг мөрөөддөг байсан. Тэр мөч иржээ” гэсэн байна. 

Мэргэн өвгөн хүүгийн наагуур чулуун хана өрж байсан хүмүүсийн ажлыг зогсоогоод хүүг гарган ирж, олон түмэнд хандан ийн өгүүлжээ.

“Хүмүүс ээ, Та нарын дунд ийм эх оронч эх, эх оронч хүү байгаа цагт та нар ялагдана гэж үгүй. Хэзээ ч бүү цөхөрч, гуньж, гутарч болохгүй. Энэ цайзын хана арвантаа нурсан ч арван нэгдэх удаагаа барьж болно. Эцсийн эцэст та нар чадах л болно” гэлээ. Тэгээд хүмүүс баяр бахтай, итгэлтэйгээр цайзынхаа нурсан ханыг дахин барьж эхэлжээ. Үнэхээр ч тэд цайзынхаа ханыг 11 дэх удаагийнхаа ородлогоор дахиж хэзээ ч нурахгүйгээр барьж чадсан төдийгүй эх орноо ч хамгаалж чадсан гэдэг. Домог ийн өгүүлэх аж. Өнөө ч Сурамийн цайз сүндэрлэсээр... Түүн лүгээ адил эх оронч сэтгэл итгэл няцашгүй, шавхагдашгүй. 

Эх орон байгаа цагт эх орончид байсаар л байх болно. Эх орончид байгаа цагт эх орон нь мөнх орших болно.

Нийтлэлч Б.Номинчимэд

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.