Шинэ “Хуралдай” бондоор 600 сая ам.доллар босгохоор болжээ

Twitter Print
2017 оны 03-р сар 03-нд 07:35 цагт
Мэдээний зураг,

-БОНДЫН ХҮҮ  ӨМНӨХӨӨСӨӨ ГУРВАН ФУНКЦЭЭР ӨСӨЖ, 
8.75 ХУВЬТАЙ БАЙХААР ТОХИРЧЭЭ-

Энэ сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газар 580 сая ам.долларын өр барагдуулах учиртай. Бондын өр барагдуулах асуудлаар Засгийн газрын зүгээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон эрх баригч намын бүлэг дээр тодорхой мэдээлэл хийгээгүй. Харин Сангийн сайдын зүгээс шинэ бонд гаргах замаар хуучин бондынхоо өрийг дарахаар ажиллаж буй гэдгээ тодотгоод байсан юм.

ОУВС-тай хэлэлцээр хийсний дараа уг асуудлаар Сангийн яам, Хөгжлийн банкны төлөөллөөс бүрдсэн өргөтгөсөн ажлын хэсэг Хонконг, Токио, Торонто, Нью-Йорк, Сингапур, Лондон зэрэг хөрөнгийн бирж хөгжсөн бүс нутгуудад ажиллаж эхэлсэн. Улмаар сар шинийн баярын өмнөхөн /2017.02.19/ “Хуралдай” бонд гаргахаа албан ёсоор зарлажээ. Шинэ “Хуралдай” бондоор хуучин Хөгжлийн банкны евро бондын өрийг дарах юм.

Хөрөнгө оруулагчдын зүгээс өмнөх евро бондын 5.75 хувийн хүүг хэвээр хадгалах боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Ингэснээр Хөгжлийн банкны шинээр гаргаж буй “Хуралдай” бондын хүү 8.75 хувь байхаар тогтжээ. Энэ нь өмнөх бондын хүүнээс даруй гурван функцээр өссөн үзүүлэлт хэдий ч Монгол Улсын зээлжих зэрэглэл -В байгаа нөхцөлд давуу байдал үүсгэж буйг шинжээчид онцлов. Өмнөх онд Засгийн газрын бонд гаргах тухай асуудал яригдаж байхад хүү нь 10 нэгжээс давж унасан гэх мэдээлэл гарсан.

-ХАГАС ЖИЛ ТУТАМД ХҮҮГИЙН ТӨЛБӨРТ 26.250.000 АМ.ДОЛЛАР ТӨЛНӨ-

Хөрөнгө оруулагчид энэ удаа Монгол Улсад түр зуурын мөнгөгүйдэл үүссэн хэдий ч ирээдүйд төлбөрийн төлөв нь сайн гэж үзсэн эерэг мэдээ байна. Улмаар газар доорхи баялаг ихтэй, том төслүүд нь цаашид үргэлжилнэ гэсэн эдийн засгийн нааштай таамгаар хүүг  нэг оронтой тоонд бариулсан гэх мэдээлэл байгаа юм.

Монгол Улсын Хөгжлийн банк 475.989.000 ам.долларыг солилцооны шугамаар ийн босгож байна. Энэ нь Хөгжлийн банкны 580 сая евро бондын 82.5 хувийг төлөх дүн бөгөөд автоматаар бондын төлөлтөд явах юм. Мөн Монгол Улсын Засгийн газар 124.011.000 бонд шинээр босгожээ. Өөрөөр хэлбэл, уг бонд бэлэн мөнгөөр манайд орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр “Хуралдай” бондын нийт дүн 600 сая ам.долларт хүрч байна. Онцлууштай нь,  төлөлтийн хугацаа нь өмнөх бондуудаас их буюу долоон жил байх аж.

Тодруулж хэлбэл, 2024 онд Монгол Улс 600 сая ам.долларын “Хуралдай” бондын өрийг төлнө. Үндсэн төлбөр хийгдэх хүртэл хагас жил тутам хүүгийн төлбөрийг барагдуулах аж. Ингэснээр 600 сая ам.долларын “Хуралдай” бондын төлбөрт Монгол Улс хагас жилд 26.250.000 ам.доллар төлөхөөр байна. Энэ нь монгол төгрөгөөр 65 тэрбум орчимд хэлбэлзэнэ. Мэдээж, хагас жил тутамд Монгол Улсын валютын нөөцөд 26.250.000 ам.долларын дарамт үүсэх нь хүндрэлтэй хэдий ч Засгийн газарт өөр оновчтой гарц байгаагүй талаар шинжээчид тодотгов.

Шинэ “Хуралдай” бонд хөрөнгө оруулагчдадаа энэ сарын 9-нд албан ёсоор олгогдох юм байна. Бондын хэлцэл өчигдөр албан ёсоор дуусгавар болов. Бондын арилжааны менежерээр Хонконг дахь Credit Suisse, Лондон дахь JP Morgan ажиллаж байгаа аж.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.