Нээж чадалгүй нуусан сэтгэлийн бүхий л хөдлөлүүд хуримтлагдаж, энергийн урсгалыг хаагдуулдаг

Twitter Print
2017 оны 08-р сар 11-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Бид сэтгэл хөдлөлөө илэрхийлж ил гаргаж сурах хэрэгтэй. Инээмээр байвал инээ. Уурламаар байвал уурла. Гэхдээ юу юугүй л хашгичаад уна гээгүй л дээ. Ядаж л царай төрхөөрөө илэрхийлж болно. Талархсан сэтгэлээ сайхан инээмсэглэлээр илэрхийл. Бусдад инээмсэглэл бэлэглэж чаддаг бай. Уйлмаар бол санаа зоволтгүй уйл. Бүр эхэр татан уйлж ч болно. Үүнийг бичихийн учир нь бидний хэлэхийг хүссэн ч хэлж чадалгүй залгисан үгс, нээж чадалгүй дотроо нуусан сэтгэлийн бүхий л хөдлөлүүд хуримтлагдсаар бидний дотоод нарийн энергийн урсгалыг хаагдуулж блок үүсгэдэг.

Энэ блок нь сэтгэл зүйн гаралтай боловч алсдаа бие махбодын түвшинд элдэв өвчин эмгэг хэлбэрээр илэрч гарч ирдэг. Сэтгэлд хуримтлагдсан бүхэн хэзээ нэг цагт илэрч задардаг. Тэр нь ихэнхдээ маш их уур хилэн болж гарах нь олонтаа. Маш олон хүний хувьд бага насандаа олж байсан сэтгэлийн шарх нь насанд хүрсэн хойно нь өөртөө итгэлгүй, өвчин ээрэх дуртай нэгэн болоход нөлөөлсөн байдаг.

Ийм болохоор үр хүүхдээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нь эцэг эхчүүд түүнийг нь тасалдуулалгүй, хэлэх үгийг нь сонсож сурах хэрэгтэй. Нялхуудыгаа аль болохоор тайван байлга. Хэрэгтэй үед нь тэвэрч хайр энхрийллээ мэдрүүлж, үргэлж хамт байгаа гэдгээ ойлгуулж байвал алс ирээдүйдээ сэтгэл дүүрэн итгэлтэй, бусдыг хайрлаж чаддаг хүн болж төлөвшдөг.

Хайр дутаж өссөн хүүхэд сэтгэл тогтворгүй, амархан хямардаг болох нь элбэг. Насанд хүрсэн бид ч мөн адил тухайн үед төрсөн сэтгэлээ аль болох илэрхийлж байвал сайн. Уур хүрлээ гэхэд л гаргалгүй удаан бугшааж байснаас хэдэн үгээр ч болов гаргасан нь дээр. Баярласнаа хэлж чадалгүй өнгөрчихөөд сүүлд нь харамсаж суухаар тэр л үед хэлэх нь зөв. Бидний нүүрний булчингууд худлаа хэлж чаддаггүй. Үнэн сэтгэлээс инээх, хуурамч инээмсэглэлийн үед огт өөр булчингууд ажилладаг. Туршлагатай хүн амархаан олж хардаг. Нөгөө талаасаа бид чинь одоо цагтаа л амьдарч байх учиртай. Баярласан ч, уурласан ч, хайрлаж дурласан ч түүнийгээ ирээдүйд хийнэ хэмээн хадгалах нь хэнд хэрэгтэй вэ? Одоо цагтаа л хайрлаж, сайн сайхныг мэдэрч амьдрах учиртай.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.