Туульч Л.Баатархүү Алтай Хангайн магтаалыг хайллаа

2017 оны 02-р сар 26-нд 16:28 цагт
Мэдээний зураг,

Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн босгон дээр Богд хааны ордон музейгээс санаачлан битүүний өдөр тус музейн дэргэдэх “Хаан туульс”-ийн өргөөнд “Алтайн магтаал”-ыг бүрэн эхээр нь хайлах ёслол, зан үйлийг хийлээ. Уг магтаалыг Монгол Улсын батламжит, Алтайн урианхайн туульч, сэтгүүлч Лхамжавын Баатархүү хайллаа.

Тэрбээр магтаалаа хайлахын өмнө ах туульчдад хүндэтгэл үзүүлж, тууль уламжлах ёслол гүйцэтгэлээ.

Энэхүү өвөрмөц зан үйлд олон хүн ирж оролцлоо. Тэд монгол дээл хувцасаараа гоёж, тавгын идээ, цайтай ирцгээжээ. Учир нь тууль хайлах нь Алтангэрэлийн даллага авахтай адил гэж эрт дээр үеэс үздэг байжээ.

Ингээд туульч маань Алтайн магтаалыг 50 гаруй минут өвөрмөц дэгийн дагуу, шууд цэцлэлтээр хайллаа. Тууль хайлна гэдэг нь ерөөл өргөж буйн айлдахтай адил бөгөөд туульчийн эрдэм чадал, хоолойн тансаг тавилтаар товшуур хөгжмийн хэмнэлд хайлсан нь сэтгэлийн хирийг арилгаж, буйн заяаг тэгшитгэж, сэтгэлээсээ муу муухайг зайлуулан ариусахтай ижил юм. 

“Алтайн магтаал”-ыг цээжилдэггүй бөгөөд жинхэнэ хөлгөн туульчид хагас унтаа хэлбэрт шилжиж төсөөллөөс шууд цэцлэх буюу товшуур хөгжимтэй, ая дангаар магтан шүлэглэдэг байна. Өнөөдөр уг магтаалыг тайзны хэлбэрт шилжүүлж цөөн хэдэн мөр шүлгээр 5-6 минут л дуулах төдий байгаа. Харин уламжлал нь ийн цээжилж хэдхэн мөр дуулах биш туульч бүр өөр өөр үг, төсөөллөөр цэцэлж 30-аас дээш минут хайлдаг аж.

Энэхүү үйл нь байгаль дэлхийн эздийг уран үг, ая дангаар аргадан баярлуулж жилийн сайн өнгийг урин дуудах учиртай юм байна.    

Тууль хайлах нь үзэгдэшгүй ер бусын ертөнц, дэлхийг бүрдүүлж захирдаг гэж үздэг уул усны эзэд, лус савдагтай холбоотой тул зан үйлийн үүднээс тууль хайлахаас өмнө байгаль орчноо магтсан дээдэлснээрээ эл ер бусын амьтдыг баясган эвлүүлж, тэдний уур хилэнд өртөхгүй хамгаалалттайгаар туулиа гүйцэд хайлж үр дүнд хүргэж болно. Ингэж тууль хайлахаасаа өмнө монгол туульчид оршилд нь Алтай уулсыг, зарим тохиолдолд газар нутгийнхаа бусад уулсыг магтан дуулахыг Алтайн магтаал гэнэ.

Алтайн магтаалыг туульчид голдуу товшуур хөгжим (Урианхай), морин хуур, „экэл”(Халх) эсвэл зарим туульчийн хувьд – арай ховор тохиолдолд – хөгжимгүйгээр хэлдэг. Хэлэхдээ хөөмийлж эхлээд дараа нь бүдүүн аргил хоолойгоор дуулах нь Алтайн өндөр уулсын байгаль, хүрхрээний усны шуугиан, ууланд цуурайтах дуу чимээг дүрслэн Алтайн сүрлэг бадрангуй байдлыг илэрхийлдэг гэнэ.

Энэхүү тууль хайлах ёслолд гадаадын иргэд олноор ирсэн бөгөөд нүдээ анин бясалган суух нь харагдана.

"Алтайн Хангайн магтаал"-ын эхлэл болон төгсгөлд хэл хуур, цуурын аялгуугаар цугласан олны сонорыг мялаалаа. Цуур, хэл хуур нь лус савдагийг аргадаж зөөллөдөг бөгөөд Монгол тууль, туульчдийн уламжлалд цагаан сарын битүүнд "Алтай Хангайн магтаал"-ыг хайлж, байгал, лус савдгаа аргадан ирэх жилийнхээ өнгийг засдаг уламжлалтай байжээ.

Г.Ганчимэг, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.31.80) 2017-02-26 22:58
      • 0
      • 0

      Сайн байна. Туульч гэдэг бол ухаантай, цээжтэй сэтгэлтэйихүний л хийдэг ажил даа. Өв уламжлалаа хадгалж түгээж яваа сэтгүүлчид баяр хүргэе!

      Хариулах

    • UNshigch

      (202.9.42.250) 2017-02-26 17:34
      • 0
      • 1

      Mash saihan arga hemjee boljee. daanch ochij ašjsangui.

      Хариулах