Ширгээсэн ус эмийн эх

Twitter Print
2019 оны 05-р сар 18-нд 13:04 цагт
Мэдээний зураг,

Амьдралын бүхий л хэлбэр оршин тогтнохуйн үндэс болсон рашаан тунгалаг усны тухай хэдэн үг хэлье. Ус бол чандмань эрдэнэ гэж өвөг дээдэс маань ярьж, шүтэж, хайрлан хамгаалж ирсэн уламжлалтай ард түмэн билээ бид.

Гэтэл энэ сайхан уламжлал мартагдан, бас зэрэгцээд гол мөрөн хатаж ширгэж байна. Үүний нэгэн адил усны тухай, түүний мөн чанар, анагаах увидас бас бид өөрсдөө уснаас тогтсон гэдгээ ч бид аажимхан умартаж байна уу даа гэлтэй. Яагаад ингэж хэлэх болов оо гэвэл уснаас илүүтэйгээр ундаа ,шүүс, кофе, шар айрагаар бид амныхаа цангааг тайлах болжээ.

Одоо би нэгэн түүх ярья. 1979 онд Иран улсын нэгэн шоронд Fereydoon Batmanghelidj гэгч иран эмч тухайн үед тус улсад гарсан үймээний улмаас хоригдож байжээ. Тэр эр Их Британид боловсрол эзэмшсэн хүн байв. Шөнө дунд хэн нэгэн маш их өвдсөнөөсөө болоод орь дуу тавин бусдыгаа сэрээжээ. Нэг залуу эр орон дээрээ эвхрэлдэн хэвтэж байв. Яагаав юу болоо вэ гэхэд гэдэс маш хүчтэй өвдөж байна, олон хүчтэй эм уугаад ямар ч нэмэр алга гэж.

Тэгэхээр нь нөгөө эмч маань өөр өгөх юм юу ч байхгүй байсан болохоор тэр залууд 2 стакан ус өгчээ. Хэсэг байж байгаад дахиад аяга ус өгч. Гэтэл 10 минут ч болоогүй байхад нөгөө залуугийн өвдөлт намдаж гэнэ. Үүнийг харж гайхширсан эмч маань бусад хоригдлуудад ус өгч эхэлжээ. Угаасаа ч өөр өгөх юм байсангүй. Ганц тэр хүний ходоодны өвчин намдаад зогссонгүй. Өөр бас олон янзын өвчин зовиурууд эдгэсэн байна. Удалгүй Ираны Засгийн газар тэр эмчийг хугацаанаас нь өмнө суллахаар шийдэж. Учир нь тэр шоронд байхдаа л 3000 орчим хүнийг эдгээсэн байна. Гэтэл тэр нөхөр өөрийн хүсэлтээр дахиад 4 сар шорондоо үлдэхийг хүсчээ. Шорон түүний хувьд усаар эмчилгээ хийх хамгийн сайн лаборатори нь байв. 

Хожим нь тэр эмч америк руу зугатан гарч, судалгаагаа гүнзгийрүүлэн олон ч хүнийг эдгээж, олон ч ном бичсэн байна. 

Энэ түүх юуг өгүүлнэ вэ? 

Хүний биеийн 70 орчим хувь нь ус байдаг. Хүн бол амьд бас явдаг ус юм. Тэгэхээр биен дэх усны хэмжээ багасаад ирэхээр биен дэх бодисын солилцоо, биохимийн урвал алдагддаг. Ингэж маш олон тооны өвчин зовиур биед үүсдэг байна. Үүнийг тэр эмч олж анзаарчээ.  Хамгийн энгийн жишээ бол шарталт. Мэдэхгүй хүн байвал туршаад үзэж болно.

Ус дутагдаснаас болоод бүхий л дотоод эрхтний үйл ажиллагаа алдагддаг. Ердөө ус дутагдсанаас болоод аль нэг эрхтэн усаа нэхээд дохио өгөхөд тэрийг нь бид ямар нэгэн өвчлөл мэтээр ойлгож хүлээж аваад, түүндээ элдэв бусын эм ууж өөрийгөө хуурдаг. Үүний үр дүнд уг эрхтэн, бие маань улам их усны дутагдалд орж жинхэнэ архаг хууч гэгдэх эмгэг өвчтэй болдог юм.

Хамгийн амархан усны дутагдалд ордог эрхтэн бол тархи. Олон хүн мигрень өвчнөөр зовж бдайаг. Гэх мэтээр жагсаагаад байвал бас л урт нэрийн жагсаалт гарах нь. Ингэхээр хүн аль болох их ус уух хэрэгтэй болж таарч байна. Гэхдээ учир бий. Сайн чанартай ус уух хэрэгтэй. Буцалсан эсвэл булгийн ус. Пластик савтай усанд олон янзын, хүний биед үл шингэх бодис байдаг болохоор сайнгүй гэж тэр эмч үздэг ажээ. Гэхдээ дан ганц ус ихээр уулаа гээд биед дутагдсан ус нөхөгддөггүй юм байна. Харин ч бүр эсрэгээрээ хамаг хэрэгцээт минералыг угаачихдаг. 

Уух усандаа давс нэмэх ёстой юм байна. Гэхдээ жирийн хоолны цагаан давс биш шүү. Хоолны цагаан давс бол хор юмаа гэж урьд нь зөндөө л бичиж байсан шүү дээ. Цэвэршүүлээгүй байгалийн давс байх ёстой. Гадныхны мэдээллүүдээс харахад ихэвчлэн хималайн ягаан давс сайн гэсэн байдаг. Гэхдээ манай Монгол нутгийн маань давснууд бас нэг их дутаад байх юмгүй гэж бодож байна.

Яаж уух вэ?

Өглөө эрт босмогцоо 3 стакан бүлээн ус ууна. Стакан бүрд тус тусад нь чимх давсаа хийж хутгаад ууна. Ингээд 1 цагийн дараа өглөөний цайгаа ууж болно. Хоолноос хойш 2 цагийн дараа бас 3 стакан гэх мэтээр 9 стакан ууна. Гол нь ууж буй ус маань хоолтой хэт ойрхон болчихвол хоол шингээлтэд саад болох учир хоолнуудынхаа дунд уух хэрэгтэй. Хүний биен дэх ус багассаныг мэдээлэх систем олон зуун жилийн туршид суларсаар гамшгийн байдалд орсон хойноо л мэдэрдэг болсон гэж уг эмч маань үздэг гэнэ. Дээрээс нь нас ахих тусам тэр мэдрэмж багасдаг.

Ийм байдлаар эрүүл, давстай ус ууж заншвал олон янзын өвчин зовиураас энгийн бас хоргүй, эрүүл, хямд аргаар салах боломж байна шүү. Нэмж хэлэхэд ус уух хүсэлтэй шаардлагатай хүмүүс нь заавал 9 аяга гэдэгт захирагдах хэрэггүй, тааваараа ууж болно, гол нь хоолноосоо хол л байвал боллоо.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ду

      (202.9.42.32) 2017-11-19 08:52
      • 0
      • 0

      манай жамц давс эмчилгээний увидастай шүү

      Хариулах