Ким Жон Намын үхэлд дахин нэг хүнийг баривчиллаа

Twitter Print
2017 оны 02-р сар 17-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Уны эцэг нэгт ах Ким Жон Намыг хороосон хэрэг олон улсын анхаарлын төвд байна. Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр түүнийг Куала Лумпураас Макао руу явахаар нисэх онгоцны буудал дээр нислэгээ хүлээж байх зуур санаатайгаар амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Хохирогч этгээдийн цогцост задлан шинжилгээ хийж дууссан бөгөөд шинжилгээний хариуг хараахан олон нийтэд дэлгээгүй байна.

Үүнээс өмнө Умард Солонгосын талаас Ким Чен Намын цогцост задлан хийхийг хориглож, цогцсыг шилжүүлэн өгөхийг шаардсан. Гэвч Малайзын талаас үүнийг зөвшөөрөөгүй бөгөөд хэргийг мөрдөн шалгаж байна. 

Ким Жон Нам 2011 онд Доминиканы Бүгд найрамдах улсын паспорттайгаар Токиод газардсаныхаа дараа нисэх буудал дээр баривчлагдаж байсан бөгөөд мөн хуурамч паспорт ашиглан Япон руу нэвтрэх гэж байгаад баригдсаны дараа эцэг Ким Чен Ирт ад үзэгдэх болж, Макаод голдуу цагаачилж амьдарч байжээ.

Мөн албан бус мэдээллээр БНАСАУ-ын захиалгаар хоёр эмэгтэй Ким Жон Намын нүүр рүү хордуулсан зүүгээр хатгаж хөнөөсөн гэж үзэж байгаа бол Малайзын цагдаагийн газраас Ким Жон Намыг хөнөөхөд зургаан хүн оролцсон гэж үзжээ. Одоогоор хоёр эмэгтэй нэг эрэгтэйг сэжиглэн баривчлаад байгаа аж. Тэд Индонез болон Вьетнамын паспорттай байжээ.

Эхний сэжигтэн болох 28 настай Доан Тхи Хыонг гэгч эмэгтэйг Куала-Лумпурын олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилсан байна. 

Энэ талаар Малайзын Цагдаагийн газрын дарга Тан Шри Халид Абу Бакар мэдээлэхдээ "Ким Жон Намыг Куала Лампурын олон улсын нисэх онгоцны буудал дээр Макао руу нисэх нислэгт суух гэж байхад нь хоёр эмэгтэй хортой зүүгээр хатган аминд нь хүрсэн" гэжээ.

Зарим шинжээчдийн дүгнэлтээс харахад нас барсан Ким Жон Намыг Ким Чен Уны ээж болон түүний гэр бүлийнхэн нь ихээхэн шахаж дарамталдаг байсан аж. Гэвч Ким Жон Нам нь улс төрийн хамааралгүйгээр өөрийн эцэг нэгт дүү болох Ким Чен Унтай уулзаж зөвшилцөн, хамтран ажиллах хүсэлтэй байсан тухай дурдатгал үлджээ. Ингэснээр түүний амьд явах аюулгүй байдал нь ч баталгаажина хэмээн үзэж байж.

Угтаа Ким Жон Нам Швейцарьт сурч байх үедээ авга ах Чан Сон Тэктэйгээ хамгийн дотно харилцаатай байжээ. 

Түүнээс гадна БНАСАУ-ын талаас Ким Жон Намыг хороох хэд хэдэн оролдлого хийснээ нуудаггүй. Тухайлбал, тус улсын тагнуулын ажилтан 2012 онд Ким Жон Намыг БНХАУ-д явахад нь санаатайгаар авто машинаар мөргөн, аминд нь хүрэхийг завдсанаар баривчлагдан БНСУ-ын шоронд орж байсан юм.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.