Б.Лхагважав: Хоёр компанийн өмчийн асуудлыг УИХ дур мэдэн шийдэх эрхгүй

Twitter Print
2017 оны 02-р сар 16-нд 08:26 цагт
Мэдээний зураг,

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын “РОСТЕХ”-ийн өмчлөлд байсан 49 хувийн эзэмшил Монгол Улсын “МОНГОЛЫН ЗЭС” корпораци ХХК –д худалдагдсан. Энэ нь зөв, буруу гэсэн талцал маргаан улстөрчдөөр зогсохгүй жирийн иргэдийн дунд ч хүчтэй өрнөж, “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг эх орондоо авч ирсэн хувийн хэвшлийн компанийн өмчийг УИХ төрийн мэдэлд авахаар болж тогтоол гаргалаа. Маргаан дагуулсан эл асуудлаар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа.

Тэрээр сүүлийн саруудад “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн өмчийн эзэмшлийн асуудлыг ихэд судалж, маргааныг шийдэх гарц гаргалгаа олжээ. Нөгөөтэйгүүр “Эрдэнэт” ХХК нь тус танхимын гишүүн байгууллага учраас тэрээр байр сууриа манай сайтаар дамжуулан хүргэлээ.

-Долоон сарын турш улстөрчдийн амны уншлага, ярианы сэдэв болсон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авахаар болж УИХ тогтоол гаргалаа. Эрх баригчид болон сөрөг хүчний хооронд төрийнх, хувийнх гэсэн хоёр өөр өнцгөөс тайлбар хийж маргалдаад л байна. Ер нь хувьдаа байх нь зөв үү, төрийн мэдэлд байх нь зөв үү?

-Юуны өмнө таны сайтын уншигчид болон ард түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Өнтэй сайхан өвөл цаг шувтарч, урин хавартай золгож байна. Хавар бол бүх зүйл урган дэлбээлж, цоо шинэ амьдрал бий болдог гайхамшигт улирал. Энэ сайхан үед нэг том асуудал дэгдэх гэж байгаа нь харамсалтай юм. “Эрдэнэт”-ийн асуудал одоо л эхэлнэ. УИХ-ын намрын чуулганаар баталсан саяны тогтоол жинхэнэ маргаан, жинхэнэ талцаан хийгээд өмчлөгчийн эрхийн асуудлыг шинжлэх ухаан, эрх зүйн үндэстэй судлах, Монгол Улсад өмчийн эрх хуулиар батлагдсан, батлагдаж чадах уу үгүй юу гэдгийг олон улсад баталсан. Өмнөх бүх зүйлийг судлах хүртэл чухал зүйлийн эхлэлийг тавилаа.

-Сая нэг мөр төрийн мэдэлд авчихлаа л гэж ойлгож байсан. Та яагаад ингэж бодов?

-Төрийн өөрийн өмч үү, төрийн нийтийн хамааралтай өмч үү, хувийн өмч үү гэдэг нь хаврын чуулганы үеэр шийдэгдэнэ. Нэгдүгээрт, Тухайн үеийн БНМАУ, ЗХУ-ын хоёр улсын Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ХХК гэсэн улсын бүртгэлтэй компанийн 49 хувийн хувьцааны өмчлөгч "Ростех" Монгол Улсад бүртгэлтэй “Монголын зэс корпораци” ХХК-д худалдсан асуудал анх таамаг, сураг төдий байсан бол одоо нийтэд ил болж зарим “но” нь илэрч эхэллээ. Өмнө нь яасан юу болсныг та бидний хэн ч мэдээгүй. Монгол Улсад бүртгэлтэй 146 мянган гишүүн байгууллагын нэг нь “Эрдэнэт” улсын үйлдвэр. Түүнийг ажиллуулж, амьдруулж байгаа ажилчдын эрх ашиг чухал учраас, өөрийн сонирхол болон танхимын гишүүн байгууллагыхаа асуудлыг мэдэх үүднээс би үүнийг судлах шаардлагатай болсон.

Хоёрдугаарт, 2016 оны найман сард Монгол Улсын дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш 24 хувиар унасан нь бизнес эрхлэгч, иргэдэд хүнд цохилт болсон. Шалтгааныг тухайн үеийн эрх баригчид тайлбарлаж чадаагүй. “Эрдэнэт”-тэй шууд холбогдож байх магадлалтай. Минийхээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газраас иргэдэд олгосон 300 мянган төгрөгийн хувьцааг худалдаж авсан, 500 тэрбум төгрөг хэвлэсэн нь нэг шалтгаан болсон. Мөн өнгөрсөн оны зургадугаар сарын 15, 17-нд хийсэн Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахаар 400 сая ам.доллар гаргасан явдал. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 10 тэрбум доллар. Ийм бага эдийн засгаас 400 сая доллар хоёрхон өдрийн дотор гарсан нь валютын зах зээлд хүчтэй нөлөөлсөн. Иргэн аж ахуй нэгж 20 мянган доллар гаргахад терроризмтой тэмцэх тухай хуулиар шалгуулдаг. Гэтэл энэ мөнгө ямар ч шалгалтгүй гарчихсан. Энэ мэт бизнес эрхлэгч, иргэдэд аймшигт хохирол учруулсан шалтгааныг МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн хувьд зоригтой хэлж чадна. Тэрнээс биш хоёр компанийн асуудал надад сонин биш.

-Өмчийн эрхийн үүднээс нь авч үзвэл Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ний 49 хувийн өмчлөл “Монгол зэс” ХХК-д ирсэн. ОХУ-ын “Ростех”-ээс энэ асуудалд оролцох эрх бий юу?

-Энэ бол “Монгол зэс” ХХК-ийн өмч. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр байгуулагдсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр хариуцлагатай хувьцаат компанийн өмчийг Монгол Улсад бүртгэлтэй өмч болгохдоо цөөн хэдэн улстөрчид өөрсдөдөө ашигтайгаар шийдвэрлэсэн бол ял шийтгэлээ авах ёстой. Харин худалдан авалтыг бий болох улс төрийн шийдвэр нь хоёр улсын өндөр түвшний эрх мэдэлтний хооронд хийгдсэн бол түүнд оролцсон хүмүүс асуудалд тайлбар хийх хэрэгтэй. Улс төрийн өндөр мэдэлтэй хүмүүс гэхлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, намын бүлгийн дарга нар байж таарна.

-Намрын чуулганы хаалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцохдоо ямар ч тайлбар хийсэнгүй. УИХ-ын дарга асан З.Энхболдод ч мэдэгдээгүй гэсэн. Энэ хоёртой зөвшилцөөгүй гэж үзвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дур мэдэн шийдвэр гаргасан болж таарах гээд байна. Улс төрийн шийдвэр байгаагүй юм биш үү. Улс төрийн шийдвэр гэж юуг хэлээд байна вэ?

- Таны асуултын гаргалгаа үнэн бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шүүх шалгаж, ял шийтгэл оноох хэрэгтэй. Би хувьдаа үүнийг улс төрийн шийдвэр байж магадгүй гэж үзэж байгаа. Улс төрийн шийдвэр гэж юу байдаг тухай нэг жишээ хэлье. Ерөнхий сайд асан Н.Энхбаярын тэглэсэн их өрийн асуудал. 2003 онд Ерөнхий сайд асан Н.Энхбаяр БНМАУ, ЗХУ-ын хоорондох есөн тэрбум ам.долларын их өрийг 250 сая доллараар маш богионо хугцаанд шилжүүлснээр их өр тэглэгдсэн. Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 250 сая долларыг маш богино хугацаанд шилжүүлэх үүрэг өгсөн. Тэр үед Монгол Улсын эдийн засгийн багтаамж бага учраас төв банкинд 400 сая хүрэхгүй доллар байсан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяртай уулзах үедээ мөнгөгүй байсан улсынхаа эдийн засгийг аврахын тулд манай талд 250 сая доллар буюу нийт өрийнхөө хоёр хувийг 21 хоногийн дотор төлбөл үлдсэн өрийг тэглэлээ гэдэг санал тавьсан байдаг. Эрх баригч МАХН 200 саяыг арайхийж олсон ч 50 сая доллар сох дутсан. Үүнийг олохын тулд Оюутолгойн орд газрыг анх нээсэн компанийн эзэн Р.Фридландаас нэлээд өндөр хүүтэй зээлж авсан. Их өр дарагдсан. Түүнийг дагаад олон улсын санхүүгийн эрх чөлөөг нээсэн гайхамшигийг Н.Энхбаяр гуай бүтээсэн.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн өмчлөлийн худалдаа ОХУ-ын шахалтаар явагдсан байж болзошгүй гэсэн санаа юу?

-Одоо үүссэн нөхцөл дээрхтэй төстэй. Тэр үед яаж мөнгө олсон нь чухал биш их өрийг тэглэсэн нь чухал байсан. 2003 он руу буцаж очлоо гэж бодъё. ЗХУ-д есөн тэрбум долларын өртэй байсан нь 1990 оноос 2003 он хүртэл Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааг хааж, наашаа ирэх хөрөнгө оруулалт, санхүүгийн үйлчилгээг зогсоож байсан. Тэр үед Н.Энхбаяр тэргүүтэй төрийн дээд хэмжээний хүмүүс маш зоригтой улс төрийн шийдвэр гаргаж их өрийг төлсөн нь өнөөгийн эдийн засгийн өсөлтийн эхлэл, эдийн засгийн чөлөөт, олон талт харилцааны өргөн үүдийг нээж өгсөн. Харин эрх зүйн талаас нь задлан шинжилвэл зөрчилтэй олон зүйл гарч ирэх боломжтой. Жишээ нь Ерөнхий сайд асан Н.Энхбаяр Фридландад ямар зүйлээр барьцаа хийж 50 сая доллар авсаныг тодруулбал ТЭЗҮ нь батлагдаагүй, материал дутуу хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгон өөрчилж өгсөн байх магадлалтай. Гэхдээ бид түүнийг сөхөөгүй. Харин 13 жилийн дараа харахад Ерөнхий сайд асан Н.Энхбаярын байгуулсан хамгийн зөв, түүхэн шийдвэр байсан. Тухайн үед ОХУ-д 250 сая доллар маш хэрэгтэй байсан. Өнөөдөр ч ОХУ Европын холбоо, АНУ-гийн эдийн засгийн хоригт орж, эдийн засгийн уналтад орж /рублийн ханш 70 хувь унасан/ өөрийн улсын гадаад дотоодод байгаа уул уурхайн компанийнхаа хувьцааг зарж, санхүүжилт босгосон. Жишээ нь, Роснефтийн 19 хувийг хэдэн тэрбумаар худалдсан. "Ростех"-ийн 49 хувийг богино хугацаанд зарах шаардлага үүссэн ч байж магад. Ийм шалтгаанаар Монгол Улсын Засгийн газарт 2016 оны хавар худалдах санал тавьж төлбөрийг маш богино хугацаанд хийхийг шаардсан байх. Ийм нөхцөлд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд шийдвэр гаргасан бол өөр хэрэг. Үүнийг одоо түмэнд ил болгож асуудлыг шийдэх хэрэгтэй.

-ОХУ-ын “Ростех” компани өөрийн өмчөө “Монголын зэс” корпорацид зарсан, ийм л үйл ажиллагаа явагджээ. Гэтэл хоёр аж ахуй нэгжийн хооронд хийгдсэн гэрээнд Монгол Улсын төр яагаад хошуу дүрээд, хувийн өмчийг хүчээр өөртөө авах гэсэн оролдлого хийгээд байна вэ?

-УИХ-ын гишүүд бараг бүгд мөрдөгч болчихсон, мөнгө зээлсэн барьцаалсан тухай баримтыг нь олоод мэдчихсэн, түүгээр барьцаалаад хөөрхийг буланд шахаад байна. Гэтэл гэрээ хэлцлийн түвшний бүх зүйл шийдэгдээд мөнгө төгрөгөө төлөөд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн батламж “Ростех”-ээс манай улсын нэгэн хуулийн этгээдэд шилжээд ирсэн. Ийм байхад компанийн өмчийг төр өөртөө авах гээд тогтоол гаргачихлаа.

-Төрд ийм эрх бий юу?

-УИХ-д төрийн нийтэд хамааралтай өмчийг эзэмших, ашиглах эрх бий. Мөн төрийн өөрийн өмчийг өмчлөгч нь Улсын Их Хурал. Дээрх хоёр төрлийн төрийн өмчийг Засгийн газар эзэмших ашиглах эрхэд нь менежмент хийдэг. УИХ хувийн өмчийг нийгэмчлэх эрхтэй ганц субъект. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ний 49 хувийн өмч нь ОХУ-ын "Ростех"-ийн мэдэлд байсан. Тэрийгээ “Монголын зэс” компанид худалдсан. Дам утгаараа Монголын төр Орос компанийн өмчийг нийгэмчилчихлээ. Жинхэнэ асуудлын гол нь энэ.

-Одоо тэгвэл маргааныг эцэслэх ямар гаргалгаа байна вэ?

-“Монголын зэс” корпорацийн ХХК -ийн удирдлагууд ОХУ-ын "Ростех" компанид хандаж "Уучлаарай, та нар өмчийн эрхийн асуудлаа шийдээгүй, эрх зүйн зөрчилтэй өмчийн эрхийг бидэнд зарсан байна. Өмчийн эрхээ тодорхой болгож өг" гэдэг асуудал тавих эрхтэй. "Ростех"-ийн зүгээс бидний өмч, гэрээний үндсэн дээр хийгдсэн худалдааг танай УИХ төрийн мэдэлд авах эрхгүй гэсэн хариулт хийнэ. Бас нэг чухал зүйл. Төрийн өмч, төрийн нийтийн хамааралтай өмч, хувийн өмч, хувийн өмчийг нийгэмчлэх гээд бүх процесс хууль эрх зүйн хувьд маш сул хамгаалалттай байсан нь одоо гарч байна. Өмчийн харилцааны мэдлэг, туршлага сул байгаагийн гор энэ. Нийгэмчлэх үйл ажиллагааг сайн хийдэг жишгээрээ гадны улсын өмчийг Монголын төр өөртөө авч болохгүй. Ийм зүйл байх ёсгүй. "Ростех” ч тэр, “Монголын зэс” ч тэр өмчөө хамгаалахын тулд харилцан худалдан авалт хийсэн өмчийн эрхээ хамгаалахын тулд гэрээнд заасан ёсоор арбитрын шүүхэд хандаж хамгаалуулах эрхтэй.

-“Ростех” Эрдэнэтийн 49 хувийн өмчлөлийн асуудлаар арбитрын шүүхэд хандана шүү гэсэн утгатай захидал Ерөнхий сайдад хүргүүлсэн тухай байнгын хороо болон чуулганы хуралдааны үеэр яригдсан. УИХ-ыг олон улсын арбитрын шүүхэд өгнө гэснээс үзвэл төрийн шийдвэр буруу болж таараад байна.

-Өмчийн эрхийн худалдаа хийгдчихсэн. Одоо түүний дараах болон өмнөх асуудалд анхаарсаны үр дүнд өмчийн эрхийн эзнийг тогтоохоор болж байна. Гацаа нь зөвхөн өмчийн асуудал. “Монгол зэс”-ийн удирдлагыг арбитрын шүүхэд хандаж өмчөө хамгаалах ёстой гэж би хэлсэн. Компанийг тэндээс удирдаж болно. Хувийн өмчийг болохоор хүчээр нийгэмчилж, намын өмчийг яаж хамгаалж чаддаг сонирхолтой жишээ татан хэлье. Ардчилсан нам Засаг барьж байх хугацаандаа Лениний музейг Динозаврын музей болгох буюу төрийн бус байгууллагын өмчийг нийгэмчлэх гэж үзээд одоогийн Хуульзүйн байнгын хороон дарга Ш.Раднаасэдийг дийлээгүй. Энэ үйл ажиллагааны үр дүнд Ш.Раднаасэдийг өмчийн харилцаагаар мэргэшсэн хуульч болжээ гэж хувьдаа үнэлсэн. МАН-ын өмчлөгчийн талаас ямарч гэсэн Лениний музейг нийгэмчлүүлээгүй. Тэр музей Оросын ард түмний хандиваар баригдсан. Түүнийг нь барихад тухайн үеийн МАХН-аас нэг ч төгрөг гараагүй. Энэ үүднээс нь авч үзвэл сайн ажилласан. Харин өнөө үед яг тэр ажиллагааныхаа эсрэг үйлдэл хийж байна. ОХУ-ын өмчийг төрд аваад нийгэмчилчихлээ. Дам утгаараа. Эрдэнэтийн 49 хувийн өмчийг төрд авснаар нь тооцвол тэр залуу өмчийн талаар сайн мэргэшжээ. Хүний өөрийнгүй нийгэмчилчихлээ. Бас мундаг чадвартай залуу байгаа биз. “Монголын зэс”-ийн залуучууд Ш.Раднаасэдээс өмчийг яаж хамгаалж үлддэг, яаж нийгэмчилж болдог тэр сонирхолтой аргаас суралцаасай. /инээв/

-Энэ бүх ээдрээтэй асуудал эцэстээ эдийн засагт дарамт болно. Үүнээс үүсэх эдийн засгийн сөрөг үр дагаврыг хэрхэн тооцож байна вэ?

-Монголчууд тэр дундаа бизнес эрхлэгчид 2012 оноос хойш үнэндээ тарчилж явна. Томчуудын хийсэн буруу бодлогын золиос нь бизнесийнхэн болж байна. Жишээ нь, Эрдэнэт рүү 400 сая ам. доллар хоёр өдрийн дотор шилжүүлсний дотор, 300 мянгаар хувьцаа авсаны төлөө бизнесийнхэн болон иргэд 23 хувийн төгрөгийн уналтад орсон. Нэг ч улстөрч энэ бүхнийг үүрээд гарчихаагүй. 2013 оны мөнгө хэвлээд тараахад мөнгөний ханш 40 хувь унасан. Түүнийг бас л бизнесийнхэн, иргэд төлсөн. Эрдэнэтийн төлбөр, 580 сая болон Чингис, Самурай бондын өр гээд бүх төлбөр бидний нуруун дээр ирж байна. Улстөрчид үүнийг төлдөггүй юм. Тийм учраас эдийн засгийн гал голомтыг сахиж, тасалчихгүй гэж амь дүйж яваа бизнесийн салбарынханыг буруу бодлого гаргаж дарамталж болохгүй. Нэмэгдээд гэрээнд заасан 100 сая, арбитрын төлбөр гээд.

-Эрдэнэтийн нэг тэрбумын өр гээд бизнесийнхний үүрэх ачаа улам бүр нэмэгдэж байна. Гэтэл улс орон хямралтай хэвээрээ. Сэхэл авах боломж байна уу?

-Хямрал дундаас арай гэж өндийж байгаа бизнес эрхлэгчдийг нөгөө өр төлбөрийн төлөөсөнд ахиад л унагах гэж байгаа. Арай гэж өндийх боломж гарч ирсэн нь нөгөө татвар төлөлтийн зөв, шинэ менежмент хийсэнтэй холбоотой сэргэлт шүү. УИХ-ын дарга чуулганы хаалтанд татварын орлого 560 тэрбумаар давсан гэдгийг мэдэгдсэн. Энэ чинь бизнес эрхлэгчдийн мөнгө болохоос улстөрчдийн мөнгө биш. Засгийн газар Чингис бондын 200 саяыг төлж чадна гэж саяхан мэдэгдсэн. Найман сард энэ тухай юу ч ярихгүй байсан нь НӨАТ-ын урамшууллын үр дүнг мэдээгүй байсантай холбоотой. Одоо алгаа ташаад баярлаад сууж байна. Нэг хоёрдугаар сарын татварын бүх орлого биелсэн.

-Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ХХК-д “Ростех” компани шалгалт явуулахад зургаан тэрбумын шахааны бизнес хийгдсэн тухай мэдэгдэж байсан. Одоо шахааны бизнес хийх асуудал зогсох болов уу?

-Энд энгийн иргэд ядарч туйлдаж байхад төрийн томчууд түүнийг булаалдаж, зургаан тэрбум долларын бизнесийн шахаа хийсэн болох нь "Ростех" компаниас явуулсан дотоод аудитын шалгалтаар илэрсэн байдаг. Энэ хуйвалдаан, шахааны бизнест холбоотой бүх этгээд зайлах ёстой. Хууль шүүхийн байгууллага үнэхээр хэн нэг эрх мэдэлтнээс хараат бус ажиллаж чаддаг юм бол түүнийг илрүүлээд хариуцлага хүлээлгээд очих газарт нь хүргэх хэрэгтэй. Нэг жилд 600 сая доллар илүү зарцуулсан байна гэхлээр мөнгө угаах том гэмт хэрэг ил далд хэлбэрээр явагдаж байсан байж таараа. Төр өмчөө мэддэг байсан бол хувьчлалаа яаж хийхээ сайн мэддэг байх байсан.

Эх сурвалж: www.newscom.mn 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.