Цэвэршилт, цэвэршилтийн үед илрэх онцлог шинж тэмдгүүд

Twitter Print
2017 оны 08-р сар 12-нд 14:23 цагт
Мэдээний зураг,

Цэвэршилт нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн насны төгсгөлийн шилжилтийн үе бөгөөд ихэнх тохиолдолд нүүр, хүзүү халуу оргих, үтрээ хуурайших шинж тэмдгээр илэрдэг. Шилжилтийн үеийн төгсгөлд сарын тэмдэг зогсоно. Сарын тэмдэг ирэхгүй болсноос хойш 1 жил өнгөрсөн тохиолдолд цэвэршилт гэж үзнэ. Цэвэршилт нь хэвийн физиологийн үйл явц бөгөөд ихэнх судалгаагаар 45-55 насанд цэвэршилт явагддаг гэж үздэг.

Цэвэршилтийн шалтгаан

Цэвэршихийн өмнөх үе буюу 35-40 наснаас эхлэн эмэгтэй хүний цусан дахь дааврын хэмжээ аажим буурсаар тодорхой түвшинд хүрэхэд уг дааврыг хүлээн авдаг умай, үр дамжуулах хоолой, өндгөвч, арьс, тулгуур эрхтнүүдэд үйл ажиллагааны өөрчлөлт гарч эхэлдэг бөгөөд тэдгээр нь цэвэршилтийн шинжүүд илрэх үндэс болдог. 40-50 насанд өндгөвчний үйл ажиллагаа буурч, өндгөн эс, эм бэлгийн даавар ялгаруулах чадамж нь буурсаар сүүлдээ бүр зогсдог. Энэ нь сарын тэмдэг үзэгдэхгүй болох шалтгаан болно.

Цэвэршилтийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

• Сарын тэмдэг тогтворгүй болох

• Артерийн даралт ихсэж, багасах

• Нүүр хүзүүгээр халуу оргих

• Хөлрөх (ялангуяа шөнийн цагт )

• Арьс хуурайших, арьсанд толбо үүсэх

• Үтрээний чийглэг багасах

• Сэтгэл санаа тогтворгүй болох (уур уцаартай, гомдомхой, мартамхай)

Яс сийрэгжих

Цэвэршилтийн үед биед гарах дааврын өөрчлөлт эмэгтэй хүн бүрт адилхан явагддаг боловч тухайн хүний дасан зохицох чадвар болон биеийн ерөнхий эрүүл мэнд, сэтгэл санааны тайван бус байдал, оюуны хэт ачаалал зэргээс шалтгаалж зарим эмэгтэйчүүдэд цэвэршилт эмгэг байдлаар өөрт зовиуртай илрэх нь бий. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүдэд ямар ч зовиургүй явагддаг.

Цэвэршилтийн үед илэрч болох олон хүндрэлээс та өөрийгөө урьдчилан сэргийлэх боломжтой.

Үүний тулд:

• Жилд 1 удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байх

• Жилд 1 удаа умайн хүзүүний эсийн шинжилгээ өгч байх

• Сар бүр хөхөө өөрөө шалгаж байх

Дадал болсон амьдралын хэв маягаа өөрчлөх нь бүсгүй таны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Өөх тос багатай, амархан шингэх хоолыг бага багаар хэрэглэх, ялангуяа кальциар баялаг тослог багатай сүү, тараг, ааруул, ээзгий, төрөл бүрийн бяслаг, Д витаминаар баялаг далайн гаралтай хоол хүнс, загас зэргийг түлхүү хэрэглэвэл зүйтэй.

Та өдөрт 2 аяга сүү, 2 аяга тараг уухад л хүний организмын өдрийн хэрэгцээний кальцийг хангалттай авах болно. Мөн борви тойгны шөл, үхрийн дунд чөмөгний ясны шөл нь их хэмжээний кальци агуулдаг.

Кальцийн бэлдмэлийг хэдийд яаж хэрэглэх ёстой вэ?

Кальцийн бэлдмэлийг эмчийн зааваргүй удаан хугацаагаар хэрэглэсний улмаас бөөр, давсаганд чулуу үүсэх өндөр эрсдэлтэй. Ясны сийрэгжилтээс сэргийлж кальцийн бэлдмэл уудаг гэдгийг бараг хүн бүхэн мэддэг боловч яг ямар кальцийг хэзээ, яаж уухыг ихэнх хүмүүс огт мэддэггүй.

Кальци нь 2 төрлийн хэлбэрээр байдаг.

Био кальци буюу ”амьд” кальци – Энэ нь зөвхөн сүү, цагаан идээ, цэцэгт байцаа, амтат төмс зэрэг хүнсэнд байдаг. Хүнсэнд агуулагддаг аливаа аминдэм, бичил элемент хүний биед сайн шингэдэг учраас аль болох хүнсний, био хэлбэрээр нь биедээ авахыг хичээж байх нь зүйтэй. Мөн эмийн хэлбэрээр савласан нь манай улсад бараг байдаггүй, үнэ өндөр учир тэр бүр худалдан авах боломжгүй байна.

Органик бус өөрөөр хэлбэл “амьд бус” кальци – Энэ кальци манай бүх эмийн сангуудаар олон янзын үйлдвэр үйлдвэрлэсэн хувилбараар их байдаг. Та уух гэж байгаа кальцийн бэлдмэлээсээ 1 ширхэгийг аваад дараах аргаар шалгаад үзээрэй:

Хагас стакан буцалсан бүлээн усанд 1 ширхэг кальцийн бэлдмэл хийгээд дээрээс нь 3-4 дусал орос цууний хүчил дусаагаад хутгана. Үүссэн уусмал маань тунгалаг байвал “амьд” кальци руу дөхөж очих сайн кальци байна гэж ойлгоорой. Ийм кальцийг уухад болно. Харин хутгахад бужигнаад тунадас үүсээд байвал биед шингэхгүй муу кальци байна гэж мэдээрэй. Ийм кальцийг уухгүй байхад буруудахгүй.

Кальцийн бэлдмэлийг их хэмжээний усаар даруулж уугаад 30-40 минут маш идэвхтэй хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Хөдөлгөөнгүй байснаaс ходоод өвдөх, бөөр, давсаганд чулуу үүсэх мэтийн сөрөг үр дагавар илэрдэг юм.

Хийжүүлсэн ундаа кальцийн шимэгдэлтийг саатуулж, яс сийрэгжилтийг нэмэгдүүлдэг гэдгийг санаж яваарай. Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед дааврын дутагдлаас болоод ясан дахь кальцийн хэмжээ багасдаг гэдгийг дээр хэлсэн билээ. Ингэснээр яс нимгэрэн сийрэгжиж хэврэгшдэг. Яс хэврэг болсноор хугарч гэмтэхдээ амархан болдог аюултай. 

Биеийн тамирын дасгал хөдөлгөөн тогтмол хийх. Өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг өдөр бүр цөөн минутаар ч хамаагүй хийж хэвшээрэй. Дасгал хүнд хэцүү байх шаардлагагүй. Та гэртээ орохдоо лифтээр биш шатаар дээш алхан, буухдаа явган бууж байж болно шүү дээ. Өдөрт 15-30 минут алхаж хэвшээрэй. Бүжгийн зааланд ч бүжиглэх маш сайн. Ер нь бүжиг маш сайн дасгал болдог. Хүмүүс нас ахихаар үенд яс ургадаг гэсэн ойлголттой байдаг нь буруу юм. Энэ бол яс ургаж байгаа биш, харин үений хоорондох зөөлөн жийргэвч уян хатан чанараа алдаж, хатуурч овойж товойсноос болоод хөдөлгөөн хязгаарлагддаг юм.

Цэвэршилтийн хямралд орохгуйн тулд

1.Сэтгэл санааны хэт хямралаас зайлсхийж цагийг хөгжилтэй сайхан өнгөрөөж сонгодог хөгжмийн аянд иог бясалгал хийж тайвширч тайтгарч сураарай.

2.Хангалттай сайн унтаж амарч байхыг хичээх хэрэгтэй. Ядарч огт болохгүй. Ядарснаас дархлаа суларч өвчинд өртөх магадлалтай.

3.Архи, тамхины хэрэглээг зогсоох, кофены хэрэглээг багасгах.

4.Биеийн жингээ тогтмол хянаж байхын тулд биеийн жингийн индексээ үзэж сураарай. Хуучны, биеийн өндрөөсөө зууг хасдаг арга хоцрогдсон гэдгийг та мэдэх биз ээ.

5.Дааврын дутагдлаас болоод үтрээ хуурайших шинж тэмдэг илэрвэл даавар агуулсан тосон түрхлэг хэрэглэж Кегелийн дасгалыг тогтмол хийж байвал сайн үр дүнд хүрнэ. Үтрээ хуурайшсанаас бэлгийн харьцаанд ороход төвөгтэй байвал усан суурьтай тосон гель хэрэглээрэй.

Цэвэрших үед заавал эмчилгээ хийлгэх шаардлагатай юу?

Даавар нөхөх эмчилгээ хийснээр цэвэршилтийн зовиур шинж тэмдгүүдийг арилгахаас гадна зүрхний өвчин болон ясны сийрэгжилтээс сэргийлэх давхар ач холбогдолтой байдаг. Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд даавар эмчилгээг цэвэршсэний дараа эрт эхлэх нь зөв гэж эмч нар үздэг.

Гэтэл зарим судлаачид даавар нөхөх эмчилгээг биений юм зогссоны дараа 1 жил хүртэл хугацаанд хийхгүй байхыг зөвлөдөг. Учир нь биений юм бүрэн зогсоогүй тохиолдолд эстроген даавар ямар нэгэн хэмжээгээр ялгарсаар байдаг бөгөөд, хэрвээ энэ үед нь даавар нөхөх эмчилгээ хийвэл организм дахь эстроген хэт ихсэж, үүнээс үүдээд тааламжгүй сөрөг үр дагавар гардаг гэж үздэг байна.

Гэхдээ даавар орлуулах эмчилгээ хийх заалт нь шинж тэмдгийн илрэлтэй илүү холбоотой учраас та юуны өмнө нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шинжлүүлсний дараа зохих стандартын дагуу эмчилгээгээ эхлээрэй.

Даавар орлуулах эмчилгээг зөвхөн эмчийн заалтаар хэрэглэ. Цэвэршилт таны 2 дахь залуу нас байлаа ч бие махбодь чинь эмзэг хэвээрээ байх болно. Бүсгүйчүүд минь биеэ жилд нэг удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байвал аливаа аюулт өвчнөөс өөрийгөө бүрэн хамгаалах боломжтой гэдгийг санаж яваарай.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Tsetsegee

      (202.70.46.215) 2017-04-07 13:26
      • 0
      • 1

      Tsevershiltiin ved zaaval bie ee tejeej shimegdel saitai kalits tohirson nemelt tejeeliig zaabal hereglej mah bodio sergeej taibshruulj baih ni zub uym baina lee shuu

      Хариулах