Осол гаргаад зугтвал таван жилийн хорих ялаар шийтгүүлнэ

Twitter Print
2017 оны 02-р сар 14-нд 16:09 цагт
Мэдээний зураг,

Замын цагдаагийн албанаас эзэн холбогдогчгүй 27 хэргийг илрүүлж шийдвэрлэжээ. Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй нийт 35 хэрэг бүртгэгдсэн байна.

Уг хэргийн дийлэнх нь осол, хэргийн газрыг орхин явсан, зохих байгууллагад мэдэгдээгүй шалтгаантай байсан аж.

Зарим жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос, бичиг баримтын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцож явснаас, зарим тохиолдолд айж, сандарснаас осол, хэргийн газрыг орхин явах явдал цөөнгүй тохиолддог.

Мөн осол гаргачихаад баригдахгүй байх гэсэн ахархан бодлоор зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэлгүй ослын газрыг санаатайгаар орхиж зугтдаг нь олон сөрөг үр дагаврыг авчирч, хүлээх хариуцлагыг нь нэмэгдүүлдэг.

Учир нь осол, хэргийн газраас зугтаах үйлдлийг “санаатай үйлдэл” гэж үзэн Эрүүгийн хуулинд "хүндэвтэр" гэмт хэргийн төрөлд хамааруулан зааж хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлж үздэг байна.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах тохиолдолд

216.1. “Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”.

216.2. Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Иймд эрхэм жолооч та бүхэн зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тохиолдолд тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж жолоочийн болон иргэний үүргээ биелүүлэхийг зөвлөж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.