ПСЖ улирлын хоёр дахь хагаст талбай дээрээ нэг ч хожигдоогүй

Twitter Print
2017 оны 02-р сар 14-нд 14:42 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16 багийн тоглолтууд өнөөдөр эхэлнэ. Энэ шатанд Испаний аварга Барселона клуб Францын Парис Сэн Жэрмэйн багтай учраа таарсан. Хоёр багийн тоглолтын өмнөх мэдээллийг хүлээн авна уу.

2014-2015 оны улирал Барса Парис хотод 3:1-ээр, Испанид талбайдаа 2:0-ийн харьцаатай илүүрхэж байсан билээ.

Барселона клубын дасгалжуулагч Луйс Энрикэ "Сүүлийн хэдэн сар ПСЖ өндөр түвшний тоглолт үзүүлж байгаа. Бидний эсрэг ч сайн тоглоно гэж бодож байна. Өрсөлдөгч багт маань аюул тарьж чадах олон ур чадвартай тоглогчид бий. Маш хүнд тоглолт болно" гэв. Харин ПСЖ клубын дасгалжуулагч Унай Эмэри "Би энэ тоглолтыг сайхан боломж гэж үзэж байна. Гэхдээ бүх тоглолт ямар түвшинд байгаа гэдгээ харуулах шалгуур болдог. Бидний энэ улирлын хамгийн чухал тоглолт болох байх. Барсагийн тоглолт, тэдний нөхцөл байдлын талаар ярих нь илүү биз. Бид энэ хүчтэй багийн эсрэг хожил байгуулахын тулд чадах бүхнээ хийнэ" гэсэн юм. 

Испанийн багаас өнөөдөр Алэйкс Видал, Хавиэр Машерано, Арда Туан нар тоглохгүй бол Андрес Иниэстагийн шилбэний булчингийн гэмтэл бүрэн илааршжээ. Тэрээр "Бид Европын шилдэг 16 багуудын нэг. Мэдээж бүх л өрсөлдөгчид хүчтэй. Хүнд тоглолт болох байх. Бид эсрэг багийн талбайд тоглох хэдий ч хожил байгуулахыг хичээнэ" гэсэн бол ПСЖ багаас Бразил хамгаалагч Тиаго Силва эхний тоглолтонд оролцох боломжгүй байна. 

Мөн тэрээр даваа гарагийн бэлтгэлд оролцоогүй юм. Парис хотын баг өвлийн амралтын дараа талбайдаа нэг ч хожигдоогүй. бөгөөд тэд бүх тэмцээний хүрээнд 10 тоглолт талбайдаа хийснээс 9-т нь хожжээ. 

ПСЖ клубын довтлогч Эдинсон Кавани "Барселона клубын эсрэг тогловол, тоглолт дуусч шүгэл дугартал юу болохыг мэдэхгүй. Бид бүх өрсөлдөгчөө хожно гэсэн итгэл найдвартай талбайд гардаг. Бусад багт биш өөрсдийн тоглолтондоо анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бидний бэлтгэл сайн байгаа. Гэхдээ тоглолт ямар дүр зургаар өрнөхийг хэлж мэдэхгүй нь. Хоёр багийн тоглолт Улаанбаатарын цагаар өнөө шөнө 03.45 минутаас Парис хотын Пар дэс Принцэс цэнгэлдэхэд эхэлнэ.

Сэтгүүлч Э.Ерөөлт

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.