П.Сэргэлэн: Есөн аймгийн 27 сумын малчдад ард иргэдийн хандивыг хүргэнэ

2017 оны 02-р сар 14-нд 11:14 цагт
Мэдээний зураг,

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын санаачлагаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг өрнүүлж байна. Энэхүү аяны хүрээнд малчин түмэндээ халуун сэтгэлийн тусламж үзүүлсэн байгууллага, аж ахуй, иргэний тусламжийг Хүнс хөдөө аж ахуй  хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан нарын албаны хүмүүс Төв аймгийн Лүн, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн сумын малчдад  малын тэжээл болон ахуйн хэрэглээний тусламжийг хүргэж, албан ёсоор хүлээлгэн өглөө.

Төв аймгийн Лүн сумын газар нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй. Орсон цас хатуурч малын туурай халцарсан нөхцөл байдал үүсжээ. Сумын өвс тэжээлийн нөөцөд 100 тонн өвс нөөцөлж, малчиддаа олгосон байна. Тус суманд 540 гаруй малчин өрхийн мал сүрэг өвөлжиж байна.

Харин Булган аймгийн  Баяннуур сум 350 малчинтай 125 мянган мал сүрэгтэй. Өнөөгийн байдлаар нутгийн хойд хэсгээр цас багатай, урд хэсгээрээ хунгарласан хатуу цастай байна. Тус сум 2016 онд 100 мянган тонн өвс, 10 тонн тэжээл бэлтгэснийг одоогийн байдлаар малчдад тараагаагүй байна. Сар шинийн дараа өвс 3,500 төгрөг, тэжээл 6,000 төгрөгөөр малчдадаа түгээхээр төлөвлөжээ.

Булган аймгийн Дашинчилэн сум өвс тэжээлийн нөөцөө малчдад тараагаад дууссан байна. Дашинчилэн суманд 379 малчин өрхийн 278 мянган мал өвөлжиж байна. Одоогийн байдлаар Төв аймгийн Лүн сум малын хорогдолгүй байгаа бол Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн суманд бод малын хорогдол гарчээ. Цаашдаа цас нэмж орвол мал төллөх үеэр нөхцөл байдал хүндрэх магадлал байна гэдгийг орон нутгийн удирдлагууд, малчид хэлж байлаа.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд  орон нутагт ажиллах үеэрээ  Төв аймгийн Лүн, Булган аймгийн Баяннуур сумын малчидтай уулзаж өвөлжилтийн нөхцөл байдал, малчдын амьдрал ахуйтай газар дээр нь танилцаж, тэдний санал бодлыг сонсож байсан юм.  Энэ үеэр малчид малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх асуудлыг хөндөж байлаа.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн  “Малчдад туслах сайн санааны аян”-ын хүрээнд 9 аймгийн 27 сумын малчдад ард иргэдийн хандивыг хүргэнэ. Ингэхдээ бид Олон улсын байгууллага, Улаан загалмай нийгэмлэгийн тусламж хүргэж амжаагүй сумын малчдад энэхүү тусламжийг хүргэж байгаа гэдгээрээ онцлог юм.  

Манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 11 сард орсон цас хатуурсны улмаас бод малын туурай гэмтсэн халцарсан байдалтай байна. Мах, арьс ширний үнийг малчид хөндөж байна. Малын гаралтай түүхий эдийг үнэтэй болгохын тулд мал сүрэг эрүүл байх нь чухал байна. Тиймээс Мал амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх шатандаа явж байна. Эдгээр хуулиуд батлагдсанаар мал эмнэлгийн босоо тогтолцоотой болж мал амьтныг эрүүлжүүлэх ажил аймаг, сум шат шатандаа хяналттай болно" гэдгийг онцолж байлаа.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.