Булгийн ус, шүүдрийн ус, халуун хүйтэн рашааны увидасууд

Twitter Print
2018 оны 07-р сар 27-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Манай өвгөд дээдэс булгийн усыг тэргүүн, голын усыг дунд, нуурын усыг адаг гэж зэрэглэн хувааж бургилсан булгийн усаар ундаалж иржээ. Мөн худаг болон булгийн усыг хатуу, цас бороо, гол мөрний усыг зөөлөн гэж ангилан зарим усаар нь рашаан бие махбодио эмчлэн сувилж байна.

Булгийн ус амьд ус 

Бургилж байгаа амьд усыг ахмад үеийнхэн амьд ус хэмээн шүтэн хэрэглэж ундаасч цангах, ходоод өвдөх, шар хөөрөх зэрэг өвчнийг булгийн усаар засдаг. Өвөл ес эхэлснээс хойш өвөл хөлддөггүй, ундармал булгийн уснаас 81 өдрийн өглөө бүр нэг аягыг ууж, усан жилбэнгийн хорыг тайлж ходоодны бор шараа арилгадаг.

Зуны адаг сарын сүүлч, намрын эхэн сарын өдрүүдэд өглөө бүр булгийн хүйтэн усаар толгойгоо шавшвал цусны хөөрөлтөөс толгой өвдөх, тархины архаг үрэвслийг эдгээнэ.

Хавар хүйтэн усанд жигнэгдэж өвчин олсон хүн цагаан сүүдэр бууснаас эхлэн 14 хоног булаг хийгээд харзны усаар биеэ угааж хаврын усны хорыг тайлдаг.

Шүүдрийн ус рашаан

Манай ард түмэн шүүдрийн усыг анагаах, хангах, дур бахыг төрүүлэх, сэтгэл сэргээх, шингэн тунгалаг, тодорхой амтгүй хөнгөн зэрэг найман зүйлийн эрдэм төгөлдөр рашаан хэмээн дээдлэн шүтэж иржээ. Шүүдрийн ус таван махбодийг тунгалагжуулж сэтгэл санааг тайвшруулах, нас уртасгадаг гэж эрхэмлэдэг. Ийм учраас ээжийн ачийг хариулахын тулд шүүдрийн усаар цай чанаж өгдөг уламжлалтай байжээ.

Шүүдрийн усыг цуглуулахдаа үүрээр босч шинэ соргог өвс, цэцэг жимстэй ууланд хүрч өвсний толгой дээгүүр цагаан даавуу хаяж шүүдрийн усыг шингээн авч даавуугаа мушгин усыг шүүрүүлж савлаад нар мандахаас өмнө эргэн ирж шүүдрийн усандаа цай чанадаг ажээ.

Шүүдрийн усыг хэдэн жилээр ч үргэлжлүүлэн хэрэглэж болно. Цагаан шүүдэр болон хярууны усыг нар мандмагц өвөр ээвэр газраас дээрх маягаар хэрэглэхэд бүр ч илүү сайн гэлцдэг.

Цас борооны ус

Манайхан цас борооны усыг ариухан хэмээн хоол ундандаа хэрэглэж цасны ус, ид шидтэй урт наслуулна гэж өгүүлдэг. Тэгэхдээ намрын борооны усыг хавар зуны борооны уснаас, өндөр уулнаас урссан хүрхрээ үүсгэн чулуу даван бууж байгаа цасны хайл усыг нуурлан тогтсон уснаас илүүтэй сайн гэж өргөн хэрэглэдэг. 

Нуурлан тогтсон цасны хайл усыг чийг бам хийгээд зүрхний өвчнийг үүсгэнэ гээд хэрэглэдэггүй. Цасны хайл усыг шүүгээд буцалгаж бага зэрэг ширгээж хэрэглэнэ. Ингэж болгосон цасны хайл ус, идээ, ундааг шингээн илчийг үүсгэн бадгана өвчин, гэдэс дүүрэх, тагшуулан ханиалгахыг засдаг. Харин болгоогүй хайл ус гэдэс дүүргэхээс гадна хөлөрч байгаад энэ усыг уувал уушиг гэмтээдэг гэдгийг анхаарахад илүүдэхгүй биз ээ.

Халуун хүйтэн рашаан ус

Байгаль эх элдэв өвчнийг анагаах ид шидтэй халуун хүйтэн рашаан усаа бидэндээ хайрладаг. Өвчтөн өөрт тохирсон рашаанаа шилэн сонгож, нар буцсанаас хойш 7-21 хоногоор ууж, 21-49 хоногийн гам хийж, жилийн ядаргаа харшилаа тайлж өвчин эмгэгээсээ салж биеэ сувилдаг. 

Рашаан уухдаа өглөө өлөн биен дээрээ, өдөр хоолноосоо өмнө, оройн хоолныхоо дараа 3 удаа модон буюу мөнгө, шаазан аягаар нэг удаа уухдаа 1,2,3,4,3,2,1 гэж өсгөөд буулгаж уудаг. Рашаанд орохдоо мөн л өдөрт орох тоог 1,2,3,4,3,2,1 гэсэн маягаар өсгөөд буулгаж орж дуусгадаг. Рашаан ууж байх үедээ хоол ундандаа рашаанаасаа хэрэглэдэг. Рашаанаа ууж дууссаны дараа гам хийж байх хугацаанд рашааныхаа усыг хоол ундандаа хэрэглэдэггүй, рашаан уух болон гам хийж байгаа үед хонины шөл ууж амт чанартай хоол унд хэрэглэхээс гадна айраг, архи уух, хурьцах, бороо чийгэнд норох, сэрүүн чанартай идээ хэрэглэх, өлөн унтахыг цээрлэдэг. Рашаан ууж цусаа шингэлж ялгасны дараа хануулж цус авахуулах сайн. Рашааны ам сараас 3 сар үргэлжлэх бөгөөд 1 уугаад таарсан рашаанаа 3 жил дараалан уувал танд тустай.

Цас мөс ч эм

Гэнэт ухаан алдаж солиорсон хүнийг маш хүйтэн усанд /рашаанд/ оруулж цочроож дааруулж, өвлийн хүйтэнд бол мөс цоолж хүйтэн усанд толгойг нь далд ортол дүрж, хахаж цацтал нь байлгаад уснаас гаргамагц нь дулаан хувцас өмсгөвөл эдгэрэх явдал байдаг. Цасаар усанд орох онгоц хийж хэрэглэж болно. Үүний тулд эхлээд цасаар нүүр хүзүүгээ арчих. Дараа нь цээж, гэдэс, мөрөө хамгийн сүүлд гараа арчиж дасгах. Энэ бүхэнд 15 мин зарцуулах. Дээрх дасгалыг 7-12 хоног хийж дасгалынхаа дараа гадаа нөмөр газар 2-3 долоо хоногийн дараа цасан онгоцондоо орох, орсныхоо дараа 2 минутын хугацаанд халуун дулаан өрөөнд орж болохгүй. 

Сайн дассаны дараа мөс цоолж орсон ч болно. Мөс цасны ус ахимаг насны хүний бие махбодийг залуужуулдаг чадалтай.

- Цасны ус шидтэй, уусан хүн урт насална гэдэг үг оргүй худал бишээ.

- Мөс хөвүүлсэн ус уух, мөстэй усаар гар нүүрээ угаах эрүүл мэндэд тустай.

Элэгний халууныг усаар эмчлэх 

Элэгний халуун өвчтэй хүнийг голын урсгал усанд толгойг цухуйлган суулгаж толгой руу нь ус шүршиж цус хөөрөхөөс сэргийлдэг. Усанд удаан сууснаас даарвал уснаас түр гарч бүлээцэж болно. Усанд суух энэ эмчилгээг эхний өдөр нэг, хоёр дахь өдөр 2, гурав дахь өдрөөс 3 удаагаар 7-21 өдөр орно. Усан эмчилгээг хийж байхдаа биеийн өнгө хөхөрвөл зохиж байна, цайрвал тохирохгүй байгаагийн шинж болно. Биеийн усаа хатаагүй үед бие засаж болохгүй.

Усанд орох энэ эмчилгээг нар буцсанаас хойш эхэлбэл зүгээр.

Эх сурвалж: Дүдзи Амрида уламжлалт анагаах ухаан эмнэлэг

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.