Эзэндээ хүрээгүй захиа /Өгүүллэг/

Twitter Print
2018 оны 04-р сар 11-нд 14:27 цагт
Мэдээний зураг,

Анх ухаангүй хүргэгдэж ирээд амь тавьчих шахан эмч нарыг сандаргаж байсан эмгэний цагийн тариаг хийхээр өрөөнд нь орлоо. Энэ үед тэр сар гаран эмнэлэгт хэвтэхдээ өрөөнд нь ирэх шинэ өвчтөн болгонд уншиж өгдөг хүүгээсээ ирсэн гэх өнөөх ганц захиагаа уншиж өгч байлаа.

Өөрт нь хүртэл уншиж өгсөн энэ захиаг олон удаа сонссон сувилагч тариагаа тарингаа "Ээж ээ хүү нь эндэх ажлаа дуусгаад удахгүй очих гэж байгаа болохоор тандаа зөндөө олон бэлэгтэй очно оо. Намайг очиход заавал онгоцны буудал дээр тосч аваарай. За баяартай. Хорвоо дээр ганц хүү чинь" гэх захианы сүүлийн өгүүлбэрүүдийг эмгэнтэй зэрэгцэн бусдад үл сонстохоор цээжээр амандаа уншиж байлаа.

Хүү нь Солонгост ажиллаж байгаа гэх намхан, туранхай, бор эмгэнийг нэг ч хүн эргэж ирээгүйн дээр эмнэлгийн өдрийн хоолны цаг болсныг түүнийг аяга, халбагаа бариад коридорт хамгийн түрүүнд гарч хүлээдэгээр нь мэдэж болно.

Эмгэний бие өдөр ирэх тусам муудаж шинэ ирсэн өвчтөний дэргэд хүрч очин захиагаа уншиж өгдөг байснаа больж, дэргэдээ дуудаж суулган уншиж өгдөг болов. Дэргэдээ суулгаад ч өөрөө захиагаа уншиж өгөх тэнхэлгүй болчихоод байхдаа хүнээр уншуулна.

"Миний хүү ээждээ удахгүй ирнэ ээ. Солонгосоос ирээд намайг энэ эмнэлгээс гаргана. Миний хүү дунд зэргийн нуруутай, цагаан царайтай, нүдээрээ инээсэн сайхан залуу бий" гэж цаг үргэлж хүүгийнхээ тухай ярих өвчтөнийх нь бие сувилагчийн нүдэн дээр муудах тусам цагийн тариагаа хийж, хүүгээ хүлээсэн яриаг нь сонсохоос сэтгэл эмтэрч, халшрах болов.

"Өнөөдрөөс хэтрэхгүй байх. Жижүүрийн эмчид хэлчихсэн байгаа болохоор анхааралтай байгаарай" гэх эмчийн үгийг сонссон сувилагч хүүгээ хүлээсэн хөөрхий эмгэнийг өрөвдөхдөө сэтгэл амар хорвоог орхиг дээ гэж бодон нэгийг сэдлээ.

"Сайн байна уу ээж минь. Хүү нь эндэх ажлаа дуусгалаа. Маргаашийн онгоцоор тандаа очно. Маргааш тандаа яваад оччих хэдий ч захиа бичмээр санагдаад бичиж сууна. Захианаасаа өмнө би өөрөө түрүүлээд оччих байх. Очсон хойноо харин хоёулаа миний энэ захиаг хамт сууж байгаад уншинаа. Та харин надад амралтын өдөр болгон хийж өгдөг банштай цайгаа хийж өгөөрэй. Цагаан будаа, халуун ногоо идсээр байгаад таныхаа гарын хоолны амтыг мартах шахсан байна. Хүү нь очоод умгар бор гэрээ байшин болгож, хоёулаа хашаандаа жимсний мод таринаа. Солонгост ажлаасаа сурсан зүйлээрээ Монголдоо очоод амьдралаа залгуулж сайхан амьдарна аа хоёулаа. Явахад үнсээгүй үлдээсэн зүүн хацрыг минь үнсэхдээ бэлдээд байж байгаарай. Баяртай" гэж өвчтөнийхөө ярьсан яриануудаас сэдэвлэж өөрөө зохиож бичсэн захиагаа сувилагч хагас ухаантай шахуу эмгэнд уншиж өглөө.

Сувилагчийн уншсан захиаг сонсож байсан өрөөний өвчтөнгүүд харуусахдаа амьсгалахаас өөр чимээ үл гаргана. Шөнийн харанхуйд эмгэний орон дээр тусах коридорын гэрэлд арьс нь үрчлээтэж, моониг болсон эмгэний хуруунууд тод харагдана. Сувилагчийн гараас туниа муутай, хөрсөн тэр гар атгаж аваад "Охин минь чамд баярлалаа. Яасан сайхан сэтгэлтэй охин юм. Бурхан чамайг ивээж яваг. Миний хүүд энэ захиаг өгөөрэй" гэж сөөнгө хоолойгоор арай ядан хэлээд хүүгийнх нь бичсэн гэх үнгэгдэж, үрчийсэн ганц захиаг гарт нь атгуулаад эмгэний гар сулран орон дээр унаж, амьсгаа нь тасрав.

Хэд хоногийн дараа эмгэний нэр дээр захиа иржээ. Захианд "Сайн уу ээж минь. Хүү нь уншиж, бичиж сурсан. Анхныхаа захиаг тандаа бичиж байна. Баяртай мэдээ дуулгах гээд байж ядаж байна. Хүү нь өршөөлөөр суллагдах болсон. Уг нь тандаа гэнэтийн бэлэг барья гэж бодсон боловч хорооны ажилтнаас бие чинь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай сонсоод санаа зовохдоо энэ захиаг бичиж сууна.

Хүү нь ухаангүй аашнаасаа болоод аавынд хоригдохдоо олон зүйлийг ухаарч ойлголоо. Бичиг үсэг сурч, өрлөгчний мэргэжилтэй ч болсон. Удахгүй эрх чөлөөтэй болоод таныгаа эмнэлгээс гаргаж аваад, ажил төрөл хийж, хоёулаа хамтдаа сайхан амьдарна аа. Ээждээ хайртай хүү нь" гэж бичсэнийг уншаад сувилагч эмгэний атгуулсан захианы учрыг сая л ойлгож, үхтэл үр харам гэж ял эдэлж суусан хүүгийнхээ тухай муугаар биш сайнаар зөгнөн өөртөө захиа бичиж, бусдад хүүгээ магтан ярьж байсныг нь бодон цагаан халатных нь энгэр хоёр гурван нулимсан дусалд норлоо.

Жаахан л хүлээсэн бол...''

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.