Туркэд дахиад 4,500 төрийн албан хаагчийг ажлаас халжээ

Twitter Print
2017 оны 02-р сар 10-нд 14:34 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн мягмар гарагт Туркийн эрх баригчид өнгөрсөн оны долдугаар сард болж, бүтэлгүйтсэн төрийн эргэлтийн улмаас “цэвэрлэгээ” хийх явцдаа дахин 4,500 төрийн албан хаагчийг ажлаас нь халаад байна. Сүүлийн хэд хоногт төрийн “хатуу гэсгээл” хүлээж ажилгүй болсон 4,500 гаруй хүмүүсийн 2,600 орчим нь Боловсролын яам, есөн зуу гаруй нь цагдаагийн газар, 88 нь олон нийтийн TRT телевизийн ажилт­нууд байна.

Өнгөрсөн оны 7-р сард Туркэд "төрийн эргэлт" хийхийг завдсан гэсэн үндэслэлээр 41,000 гаруй хүнийг Туркийн шоронгуудад хорьсон бөгөөд эдгээр улс төрийн хоригдлууд гэж нэрлэгдсэн хүмүүстэй зүй бусаар харьцаж, тамлан доромжилж, хүчирхийлж байгаа талаар BBC агентлаг иш үндэстэйгээр мэдээлсэн.

Энэхүү үймээний үеэр 265 хүн алагдаж, 125 мянган хүн сэжиглэгдэн ажилгүй болж, 41,000 гаруй хүн улстөрийн хоригдол болсон юм.

Харин эдгээр хоригдож буй хүмүүстэй зүй бусаар харьцаж, хүчирхийлж доромжилж буй талаар Олон улсын байгууллагууд дэлхий дахинд мэдээлсээр байгаа юм. Харин энэ бүхнийг үгүйсгэж Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг "Хоригдож буй хүмүүст зүй бус хандсан зүйл байхгүй. Хэрвээ зүй бус хандсаныг батлаж чадахгүй гүтгэсэн бол тэдгээр хүмүүст хатуу хариуцлага хүлээлгэнэ" хэмээн заналхийлж хоригдогсдын дуу хоолойг боож буй юм. 

Төрийн эс­рэг хуй­валдааныг Ерөн­хийлөгч Режеп Таип Эрдоган хүчээр нухчин дарж, өөрийнх нь эртний өрсөлдөгч Фетхулла Гюленийг гол зохион байгуулагч хэмээн зарласан юм. Туркийн нэртэй санваартан, зо­хиолч, улс төрийн зүт­гэл­тэн Фетхулла Гюлен 1999 онд АНУ руу гарч, 2001 онд тус улсад байнга оршин суух эрх авчээ. Тэрээр Ерөнхийлөгч Эрдоганы бодлогыг хүчтэй эсэргүүцдэг, түүний засаглалыг эрс хатуу шүүмжилдгээрээ нэрд гарсан юм. Ерөнхийлөгч Эрдоган түүнийг Турк дахь эсэргүүцлийн хөдөл­гөөнийг алсаас удирд­дан зааварладаг хэмээн харддаг аж. Гэвч Туркт болж буй улс төрийн үйл явц, хямралд Эрдоган өөрөө л буруутай, Америкаас зааварлаж зөвлөдөг юм байхгүй хэмээн Гюлен мэдэгдэж байна. Тэр тусмаа тэрхүү бүтэлгүйтсэн төрийн эргэлтэд би ямар ч хамаагүй хэ­мээн онцолсон аж. Анкарагийн эрх баригчид төрийн эргэлт хийсэн буруутныг хайж, маш олон хүнийг золиослож байна. 

Тэрхүү аймшигтай долдугаар сарын үйл явдлаас хойш 40 мянган хүнийг баривчлан саатуулж, 125 мянга гаруй хүнийг ажлаас нь халсан нь өнөөдөр ийнхүү 4,500 хүнээр эгнээгээ тэлж байна. Хамгийн сүүлд өнгөрсөн оны 11-р сард 15,000 төрийн албан хаагчийг хомроглон халсан билээ. Долдугаар сарын үйл явдлаас хойш Эрдоган Туркийн маш олон өдөр тутмын, олон жилийн түүхтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд, сонин хэвлэл, радио, телевизийн үүд хаалгыг барьсан юм. 

Эрдоганы засаг за­хиргаа Фетхулла Гюленийг төрийн эргэлтийг өдөөн хатгасан гол буруутан, Туркийн эсрэг террорист байгууллагын тэргүүн хэмээн үзэж шилжүүлэн өгөхийг АНУ-аас шаардсаар байна. Төрийн эргэлттэй холбоотой хэмээн хардагдан ажилгүй болсон хүмүүсийг бүгдийг нь Гюлентэй ямар нэг сэжмээр холбоотой хэмээн үзсэн билээ. Олон зуун багш, цагдаа, шүүгч, сэтгүүлч, цэргийн дарга нарыг төрийн эсрэг хуйвалдаанд хувь нэмрээ оруулсан хэмээн буруутгаж, заримд нь ял оноохоор төлөвлөж байна.

Эх сурвалж: washingtonpost.com/turkey-dismisses-4500-more-state-employees

Ц.Мөнхбаяр, mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.