УИХ хэвлэл, сэтгүүлчдийн өмнө хаалттай болов уу...

2017 оны 02-р сар 10-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын эмэгтэй гишүүд мөнгө идсэн уусан гэсэн асуудалд орох нь бага ч гэлээ хийж буй үйдлүүд нь тэднийг яах аргагүй олны анхаарлын төвд аваачдаг. Иймээс УИХ-ын эмэгтэй гишүүдийн тойрсон шүүмж, сүүлийн үед ихсэж, нэр ус өгөх болсон. 

Тухайлбал, гадаад орнуудад айлчлал хийх үедээ улс орны нүүр царай болсон улстөрч эмэгтэйчүүд тохиромжгүй хувцасласан зураг нийтийн сүлжээн тойрч, “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Н.Амарзаяа гишүүн зогсоо зайгүй бохь зажлан сатаарч, тэр ч байтугай боов мэрж, согтуу мэт гөлөрч, суудлаа хайн тэнтэр тунтар алхаж, зарим нь бүр хурал болгон дээр нүдээ тас аниастай... Нүдээ аниастай чигээрээ төрийн сүлдэт тугны өмнө эрүүл согтуу нь үл мэдэгдэх ёслогоо хийсэн гээд фактууд цуварсаар.  

Яам, хурлаар хэлэлцэх асуудлынхаа талаар сэтгүүлчдэд олигтой мэдээлэл өгөхгүй мөртлөө өөрийнх нь эвгүй авагдсан зурагны хойноос бол хэвлэлийн хурал зарлан цаг заваа зарцуулан, хэвлэл мэдээллийнхнийг урин байж тайлбар хийдэг болов. Тэгээд уурлах, загнахын хооронд баахан тайлбар хийж, энэ шогийн дүр төрхийг олон нийтэд ил болгосон сэтгүүлч, зураглаачдад буруу өгнө. Бүр төрийн ажил хэрхэн явагдаж буйг олон нийтэд хүргэдэг хэвлэл мэдээллийнхэнд хариуцлага хүлээлгэх саналыг зарим нь УИХ-ын танхимаас гаргах болов.

Тэдгээрийн нэг нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав. Тэрбээр “Хүний нэр төрийг худалдагдсан хэвлэл, сэтгүүлчид цахим орчинд гутааж байна” хэмээн онцолж, нэр төрд халдсан сэтгүүлчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал оруулан, ажлын хэсгийн ахлагчаас тодруулга хүссэн явдал юм. Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар гишүүн “Уг нь ийм заалт оруулж болно. Гэхдээ өмнөх парламентын үед батлагдсан Зөрчлийн хуулинд гүтгэх элементийг оруулсан байна. Бид энэ хэлбэрээр нь оруулж ирсэн” гэсэн дэмжсэн маягтай хариулт өгсөн. 

Ийнхүү УИХ-ын гишүүд нь хүртэл нийгмийн сүлжээ, сэтгүүл зүй хоёроо ялгаж чадахгүй эргүүтэж, “сэтгүүл зүйн заалтыг чангалах хэрэгтэй” гэх нь ямархуу мэдлэг боловсролтой хүмүүс бидний толгой дээр зайдалчихаад дураар дургиж буйг нь бэлхнээ илчилнэ. Мөн парламентын өчнөөн сэтгүүлчид байнгын хорооны хурал сурвалжилж байхад “Манай сэтгүүлч нар худалдагдсан” гэсэн нь албан үүргээ гүйцэтгэж буй сэтгүүлчид нэр төрд халдсан хэргээр шүүхэд ч өгч болохоор доромжлол. 

Үүнээс үүдэн УИХ-ын чуулганы танхимд гэрэл зурагчин, зураглаачдыг оруулахаа больж, сэтгүүлчдийн гар утсыг хураадаг болжээ. Төрийн ордны хамгаалалтын албаныхны авч буй энэхүү арга хэмжээг дарга нарын шийдвэр гэхээс өөр юу гэж дүгнэх билээ.

Сэтгүүлчид энэхүү үйлдэлд эгдүүцэж, "Одоо нэг мөр сэтгүүлчдийг орохыг бүрмөсөн хориглон өөрсдөө мэдээ, ярилцлагаа бэлтгээд хэвлэлийнхэнд өгдөг болох хэрэгтэй. Одоо чуулганы хуралдаанд ганцхан УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэдэг "Facebook" "Live"-чин бүхий зураглаач, гэрэл зураг авах боломжтой хүн үлдлээ. Түүнд мэдээлэл хүсдэг Монгол түмэн интернет дата бэлэглэх аян өрнүүлцгээе" хэмээн бичжээ.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.10.154) 2017-02-13 18:04
      • 0
      • 0

      Н.Амарзаяа гишүүнийг арай хэтрүүлсэн юм биш үү

      Хариулах