О.Ганцоож: Миний карьер дуусчихсан мэтээр хандсан учир ДБЭТ-аасаа гарсан

2017 оны 02-р сар 10-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

ДБЭТ-ын гоцлол бүжигчин О.Ганцоож БНСУ-ын “Универсал балет” компанид ажиллахаар болжээ. 1984 онд байгуулагдсан уг компани “Хунт нуур”, “Нойрсож буй гоо бүсгүй”, “Жизель”-ээс гадна орчин үеийн шилдэг бүтээлүүдийг тоглодог аж. Түүнээс энэ тухай тодрууллаа.

-Хэзээнээс “Универсал балет”-д ажиллахаар болсон бэ. Юугаараа онцлог компани вэ?

-БНСУ-ын хамгийн нэр хүндтэй балетын хоёр компанийн нэг юм билээ. 80 орчим бүжигчний 50 гаруй нь үндсэн, бусад нь дагалдан гэсэн. Эрэгтэй бүжигчдийнх нь бараг 80 хувь олон улсынх. Өмнө нь балетчин Хангай энэ компанид олны хэсэгт бүжиглэж байсан гэж дуулсан.

-Та тэргүүн гоцлоочоор ажиллана гэсэн үү. Балетын өөр компаниас танд санал тавьж байсан уу?

-Уг нь энэ компанийнхан нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулдаг. Би “Лий Ван Коок” компанийн урилгаар өнгөрсөн арванхоёрдугаар сард БНСУ-д “Цөмөөхэй” балетад тоглосон юм. АНУ-ын Вашингтоны Киров балетын академид багшилдаг Бат-Эрдэнэ ах энэ үед тэнд хичээл зааж таарсан. Тэрбээр надад тусалж, уг компанийн тусгай сонгон шалгаруулалтад орох боломж гаргаж өгсөн юм.

-Монголд хамгийн сүүлд аль балетад тоглох вэ?

-Би албан ёсоор ДБЭТ-аасаа гарсан. Аравдугаар сард Жизельд тоглосноос хойш бараг балетад бүжиглээгүй. Энэ сарын 4 гэхэд БНСУ-д очиж, гуравдугаар сард “Жизель”-д, дараа нь “Дон Кихот”-д гоцолно.

-Таны эхнэр М.Мөнхтуяа бас манай сайн гоцлол бүжигчдийн нэг. Тэрбээр тантай хамт ажиллах төлөвлөгөөтэй юү?

-Одоохондоо шийдээгүй. Ямар ч гэсэн эхний ээлжинд би тэнд байр сууриа эзлэх хэрэгтэй. Мэдээж гэр бүлийн хоёр бие биенээсээ хол байх маш хэцүү. Надад төлөвлөсөн зүйл их бий. Монголынхоо балетын урлагт хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Гэхдээ о төлөвлөснөө биелүүлэх болоогүй учир одоо энэ тухай яриад яах вэ.

-Хөрөнгө мөнгөгүйн улмаас манай ДБЭТ таны тоглохыг хүсдэг балетыг тавиагүй байж мэднэ. Тэнд та аль балетад тоглохыг хүсэж байна вэ?

-Одоохондоо ийм, тийм дүрд бүжиглэмээр байна гэж хэлж чадахгүй нь. Аль болохоор бүх гол дүрд нь тоглохыг хичээнэ.

-Хэдэн нас хүртлээ бүжиглэх бодолтой байдаг вэ. Өөрийгөө “Универсал балет”-ын бүжигчдээс ямар түвшинд байгаа гэж бодож байна вэ?

-Анх гэрээ байгуулахад гоцлол дүрүүдэд тоглуулна гэсэн. Тиймээс тус театрын бүжигчдээс нэг их дордохгүй гэж бодож байна. Бид хагас цэрэгжилтийн байдалтай, спортынхонтой ижил хэмжээний бэлтгэл үргэлж хийдэг учраас бэртэл авчихгүй л бол аль болох олон жил бүжиглэнэ. Ганцоож биш, Монголынхоо нэрээр дуудагдана. Тэнд ажиллах дараагийн монгол бүжигчдээ бодсон ч тэр би одоо байгаагаасаа илүү их хичээх хэрэгтэй.

Солонгост домог болсон Бат-Эрдэнэ ахыг тэд урьж хичээл заалгахдаа маш их хүндэлж, “Энэ гаригаас ангид балетчин” гэж магтаж байхыг нь сонсоод түүнээр үнэхээр их бахархсан. Би ч гэсэн амжилт гаргахыг хүсэж, урам авлаа. Тусалж дэмждэг байсан хүмүүс, багш нартаа бүгдэд нь их баярлаж явдгаа хэлмээр байна. Хамт олон минь байгаагүй бол өнөөдрийн Ганцоож үгүй. Сошиал медиа хөгжсөн болохоор намайг тэнд юу хийж, хэр сайн ажиллахыг харах байлгүй дээ. ДБЭТ-таа эргэн ирж ажиллахдаа хэзээд таатай байх болно.

-Театраас гарахад ДБЭТ-ын удирдлагууд хэрхэн хүлээн авсан бэ?

-Би олон улсын уралдаанд удаа дараа оролцсон болохоор өөрийгөө ямар хэмжээнд байгааг мэднэ. Балетчиний хувьд яг эрчтэй, хүчтэй, ид хийж бүтээх үе дээрээ яваа. Өнгөрсөн арванхоёрдугаар сард БНСУ-руу явахаасаа өмнө захиралтай гэрээнийхээ талаар ярилцсан юм. Гэтэл “Эхнэр хоёр хүүхэд чинь Монголд байгаа учраас чи угаасаа гадаадын театрт ажиллахгүй. Чамтай энгийн гэрээ хийнэ” гэж миний карьер дуусчихсан мэтээр хандсан. Үүнд сэтгэл дундуур байсан учир БНСУ-д тоглож ирчихээд ямар ч байсан гэрээ байгуулалгүй, гадаадад хар ажил ч болох нь ээ олж хийнэ гэсэн бодолтой байсан. Аз болж “Универсал балет”-д ажиллах боломж тохиолоо. Гэрэлчимэг багшийг бие нь өвдсөн учир, Дашлхагва багшийг ажлаа тасалсан тул театраас гарсан гэж худал мэдээлэл дараа нь тараасан байна лээ. Энэ захиралтай ерөөсөө манай урьд, урьдын удирдлага таарахаа больсон хэрэг. Миний олон сайхан найз “Ийм бодлоготой театрт ажиллахгүй” гээд ганц нэгээрээ ажлаасаа гараад л байна. Манай театрт олон мундаг балетчин, дуучин байдаг ч тэднийг нэг, нэгээр нь алдаад байгаа нь харамсалтай.

Уг нь тэдэнд хөгжих боломж их. Гэхдээ бид савнаасаа гарахгүй, тулгаа тойроод л байгаа учраас хөгжиж чадахгүй байна. Тиймээс энэ бүгдийг тэвчихээ болиод ийм шийдвэрт хүрсэн юм. Түүнээс биш, театраа орхихыг хүссэндээ биш шүү. Хэн л эхнэр, хүүхдүүдээсээ хол ажиллахыг хүсэх вэ дээ. Бид дэлхийн урлагийг үзэгчдэд хүргэж буй учир олон улсын жишгийг дагаж, түүнд нийцүүлж бодлогоо төлөвлөх хэрэгтэй. Одоо гадаадаас 10 балетчин төгсөж ирнэ. Тэднийг ч гэсэн ийм замаар явуулах хайран. 40 жил тоглосон балетаа тэр чигээр нь тавьсаар л байх уу. Бид ирээдүйнхэнд юу үлдээх юм бэ.Тав, 10 жилийн дараа ямар түвшинд хүрэх ёстой вэ. Үүнийг төлөвлөсөн бодлого гэхээр юм үнэндээ манай театрт алга.

Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.21.111.83) 2017-02-17 13:46
      • 0
      • 0

      цаашдын ажилд нь амжилт хүсэе. мундаг шүү

      Хариулах