Лхам бурхан нь урлагийн бурхан Янжинлхамын догшин дүр юм

Twitter Print
2017 оны 02-р сар 09-нд 16:17 цагт
Мэдээний зураг,

Шашныг хамгаалагч арван хангалд доторх цорын ганц эм дүртэй сахиус Лхам нь урлагийн бурхан Янжинлхамын догшин дүр юм. Төвдийн зон олныг зовоож байсан мангасыг даруулахын тулд Бурхан багшийн бүтээсэн эм бурхан бөгөөд мангасыг дарахын тулд түүнтэй ханилдаг. Тэд хоёр хүүхэд төрүүлсэн бөгөөд нэг нь эцгээ дуурайсан муу үйлстэн болсон учир лхам тэр үрээ идэж хөнөөсний дараа мангасыг дарж устгасан домогтой.

Тэрээр баруун мутартаа сэрээ барин огторгуйд ихэд далайн, зүүндээ гавал барин энгэрт авсан, амаа ихэд ангайн, дөрвөн соёог ярзайлгасан, гурван мэлмийг эргэлдүүлсэн, баруун сонороо арслангаар, зүүн сонороо могойгоор чимсэн, барын арьсан хормогч өмсөн, хонгор халзан луус унан, их цусан далайг, галт хар шуурган дундуур гатлаж буй байдлаар залардаг ажээ.

Монголчуудын дунд “Лхам сахиус” гэх нэрээр ихэд алдаршсан байдаг. Учир нь Лхам нь оны эцсийн сарын битүүнд өрх бүрээр айлчилж ирдэг. Мянган бурханыг ном номлож, шашныг дэлгэрүүлэх болгонд гадны хорлох барцад саадыг даран зохиож, сахин хамгаалах тангарагтай Лхамын хөлөг нь нэгэн эгшинд л 3000 ертөнцийг эргэх шидтэй. Урьд шашин дэлгэр байсан цагт сүм хийд битүүний шөнө тусгайлан бэлдсэн сүмд Лхам бурханыг тахиж, үүдэнд нь элс асгаж, өглөө гэгээ орох үед үзэхэд луусны мөр гарсан байхыг хардаг байсан гэлцдэг.

Лхам бурхан нь ялгамжтайгаар онцолж замбуу тивийг битүүний шөнө эргэж амьтны зовлонг нимгэлэх тул гэрийн тотгон дээр гурван ширхэг мөс тавьдаг нь хонгор халзан луусны унд бөгөөд бие, хэл, сэтгэлийн өргөл болгож буян хурааж байгаа үйл юм.

Шинийн нэгний өглөө эртлэн босоод ургах нар руу харж, Лхам бурханы зүрхэн тарнийг уншихад тэр жилийн гай барцад бүгд арилж, нас буян нэмдэг гэж үздэг. Лхамын зүрхэн тарни: Жо рогму жо, рогму жо жо, рогму түнжо, хала рагчэнму, рогму ажа дажа, түнжо рүло рүло, хум жо хум (Долоон үе болгож, энэ тарнийг урин уншихад долоон гишүүнтийн дээд тахил болдог нууц увидастай.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.