Барселона клуб Испанийн цомын тэмцээний шигшээд шалгарлаа

2017 оны 02-р сар 08-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

Испаний хөлбөмбөгийн цомын тэмцээний хагас шигшээ хариу тоглолтууд эхэллээ. Нийслэл хотын Атлетико Мадрид клуб Каталанд зочлон Барселона багтай тоглолоо.

Долоо хоногийн өмнө Мадрид хотын Висэнтэ Калдерон цэнгэлдэхэд болсон тоглолтонд зочин баг Барселона 2:1-ийн харьцаатай хожсон. Тиймээс Атлетико хариу тоглолтын эхнээс олон аюултай довтолгоо хийсэн юм.

Гэхдээ Янник Карраскогийн довтолгоонуудыг Недерланд хаалгач Яспэр Силлесэн амжилттай хаажээ. Эхний хагас дуусахаас хоёр минутын өмнө талбайн эзэд тооны харьцааг нээлээ.

Барсагаас Лионель Месси хэд хэдэн тоглогчийг аргалж цохилт хийсэн ч Мояа амжилттай хаасан. Гэхдээ ойж ирсэн бөмбөгийг Луйс Суарес нэмж гоолдсон юм.

2-р хагас эхлээд удаагүй байхад Серхио РОбэрто, Филипэ Луйс дээр алдаа гаргаж, хоёр дахь шар хуудсаа хүртэн талбайг чөлөөлсөн байна.

Атлетикогоос Антуан Гризмаан гоолдсон ч түүнийг отон тоглолт байсан гэж үзсэн бөгөөд Янникс Караско 69 дэх минутанд Арда Туран дээр гаргасан алдааныхаа төлөө талбайгаас хөөгджээ.

Бельги залуу мөн л хоёр дахь шар хуудсаа хүртсэн юм. 72 дахь минутанд Андриэс Иньеста солилцоогоор талбайд гарлаа. 80 дахь минутанд Атлетико Мадрид багт пеналти хийх боломж олдсон. Жеррар Пикэр торгуулийн талбайдаа алдаа гаргасан гэж үзсэн бөгөөд Кэвин Гамэйро боломжийг ашиглаж чадсангүй.

Гэхдээ тэрээр ердөө 3 минутын дараа алдаагаа засч Антуан Гриззманы дамжуулалтаар гоолдож тооны харьцааг тэнцүүллээ. Хэдий Атлетико дахин нэг гоол оруулвал 2 тоглолтын нийлбэр дүн тэнцэх байсан ч Барсагийн хамгаалалт найдвартай байсан юм.

Улмаар Луйс Суарес тоглолтын сүүлийн 3 минутанд 2 шар хуудас аван талбайг чөлөөлжээ. Тэрээр шигшээ тоглолтыг өнжихөөр болж байна. Барса эзэн хааны цомын тэмцээний аваргын төлөө Сельта Виго, Алавэс багуудын аль хожсонтой тоглоно.

Сэтгүүлч Э.Ерөөлт

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.