Жирэмсний үед шингэн дутагдахын хор хөнөөл

Twitter Print
2018 оны 09-р сар 11-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

• Эхийн эрүүл мэндэд хор учруулна

Жирэмсэн эмэгтэй хангалттай хэмжээний шингэн уугаагүйгээс бөөлжис цутгах, өтгөн хатах, цээж гашуу оргих зэрэг наад захын тавгүйтэл болон сав агших, тонус нэмэгдэх, хугацаанаас өмнө дутуу төрөх аюулд хүргэнэ. Ялангуяа жирэмсний хоёр дахь болон гуравдах триместерт шингэн дутагдал дутуу төрөх шалтгаан болдог байна. Учир нь шингэн дутагдах нь цусны эргэлтийг удаашруулж, окситоцин буюу умайн агшилтыг өдөөгч гормоны түвшинг өндөрсгөдөг улмаар умай агшсанаар дутуу төрөлтөнд хүргэдэг ажээ. Үүний зэрэгцээ шингэн дутагдал нь биеийн температурыг нэмэгдүүлж, булчин болон шөрмөс татах, биеийн дулааны хэмнэл алдагдахад нөлөөлдөг.

• Хүүхдэд аюултай

Эх нь хангалттай шингэн уугаагүйгээс жирэмсний эхний болон хоёр дахь триместерт гэдсэн дэх хүүхэд амниотик шингэний дутагдалд орно. Амниотик шингэн бол хүүхдийн амьдрах, өсөх гол орчин билээ. Амниотик шингэн дутагдсанаар хүүхэд усан дотроо хөвөхийн оронд эхийн умайн хананд шахагдах, умайн ханатай шүргэлцэлд орж гар, хөл зэрэг эрхтэн бүрэлдэх үйл явцад сөргөөр нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн бие махбод, ясжилтад саад учирч түнхний мултрал, дутуу хөгжил зэрэг гажиг үүсэх аюултай.

Шингэн дутагдлын шинж тэмдэг

Жирэмсэн эмэгтэйд дараах шинж илэрвэл бие махбодид шингэн дутагдаж усгүйдэлд орж байна гэж үзнэ. Үүнд:

Ам цангах. Ямар ч хүний хувьд шингэн дутагдлыг эхний бөгөөд илт мэдэгдэхүйц шинж бол ам цангах явдал байдаг. Ердийн үед ам цангасан тохиолдолд юм уух хүртэл хэсэг хугацаанд тэсвэрлэн явж чадна. Харин жирэмсэн үед ам цангахыг хайхрахгүй өнгөрч болохгүй, аль болох түргэн хугацаанд ус уух хэрэгтэй байдаг аж.

Шээс үнэртэй, өтгөн болох. Шингэн дутагдлын нэгэн далд шинж бол шээс өтгөн шар өнгөтэй болж үнэртэй гарах явдал юм. Гагцхүү жирэмсний витамин уусны дараах 1-2 удаагийн шээс өтгөн шар гарч болно. Бусад тохиолдолд шээс өтгөн шар байх нь усгүйдлийн шинж билээ. Тийм учраас жирэмсэн эмэгтэйн өөрийн биедээ тавьж байх нэгэн байнгын хяналт бол шээсээ ажиглах явдал юм. Хангалттай шингэн ууж байгаа тохиолдолд шээс бараг өнгөгүй шахам тунгалаг байх бөгөөд хурц үнэргүй байдаг. Жирэмсэн үед умай томорч давсаг дарагддагийн улмаас ойр ойрхон шээхэд хүрдгээс хүмүүс шингэнээ хязгаарлах, ялангуяа унтахын өмнө шингэн юм уухгүй байх зэрэг “өөрийн арга хэмжээ” авдаг, тэр ч байтугай зарим ном материал дээр жирэмсэн хүн шингэн юм их уух нь хавагнахад хүргэдэг гэж зөвлөсөн байдаг нь харамсалтай. Харин ч шөнийн турш буюу 8-10 цагийн турш унтах үед бие махбод болон хүүхэд усаар дутагдахаас хамгаалж шингэн зүйл сайн уух хэрэгтэй юм.

Толгой эргэх. Шингэн дутагдсаны улмаас толгой эргэдэг гэдгийг ихэнх хүмүүс мэддэггүй тул толгой эргэхийг даралт ихсэх юмуу багасах, цус багадасны шинж гэж “оношилдог” билээ. Гэтэл шингэн дутагдсаны улмаас жирэмсэн эмэгтэйн толгой эргэх юмуу өвдөх шинж тэмдэг илэрдэг байна.

Ам, уруул хатах, хамар хуурайсах

Ядрах, тамирдах

Арьс хуурайших, уян хатан байдлаа алдах

Хэрэв танд эдгээр шинжүүд бүхэлдээ юмуу аль нэг нь илэрч байгаа тохиолдолд шингэн дутагдалд орсон байна гэж үзэж болно.

Ердийн хүнтэй харьцуулахад шингэн дутагдал нь жирэмсэн эмэгтэйн бие махбод, гэдсэн дэх хүүхдэд ахар богино хугацаанд хор хөнөөл авчрах аюултай байдаг. Шингэн дутагдлыг нөхөх, шингэн дутагдахаас сэргийлэх гол арга бол хангалттай хэмжээний ус уух явдал юм.

Хүний биеийн 50-60, цусны 83, булчингийн 75, уураг тархины 70, уушгины 90 хувь нь уснаас бүрддэг тул усгүйгээр амьд бие махбод орших боломжгүй билээ.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.