Хоорондоо барьцаад байгаа тэрсэн хүүхдүүдтэйгээ хэрхэн ажиллах вэ

Twitter Print
2023 оны 06-р сар 07-нд 17:12 цагт
Мэдээний зураг,

ХООРОНДОО БАРЬЦААД БАЙГАА ТЭРСХЭН ҮРСҮҮДТЭЙГЭЭ ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ?

Хүүхэд хол зайтай, ойрхон зайтай дүүтэй болсон аль аль нь стрессдэг ч дийлэнхдээ 2-3 насны зөрүүтнүүд хоорондоо их зөрчилддөг. Зөрчилдөөнийг бага байлгахын тулд дүүг төрөхөөс өмнө томынхоо сэтгэл зүйг зөв бэлтгэх нь чухал.

Юу ч хийж байсан өөрийг нь анхаарч өхөөрдөн энхрийлдэг аав ээж гэнэт л өөр нэгнийг илүү анхаараад эхлэхийг хүүхэд маш сайн анзаарч ГОЛОГДСОН мэт санагддаг байна. Үүнийгээ илэрхийлж таны анхаарлыг татах гэж өмнөхөөсөө илүү уцаартай, уйланхай, эелдэг бус, зөрүүд зан гаргадаг. Тэр битгий хэл хийх дуртай байсан зүйлдээ огт дургүй болж стресстдэг*. Жнь, зурагт ном их үздэг байсан хүүхэд ном хараад л зугтана. Зурж будах дуртай хүүхэд цаас хараад л би хиймээргүй байна гэдэг. Энэ нь хүүхэд номоо үзэж, зургаа зурж байхад дүү нь оролцож үзэг цаасыг нь булаалдаж, ном цаасыг нь базахаар дайсандаа дийлэгдсэн мэт мэдрэмж төрдөг. Иймээс том хүүхдээ дуртай зүйлээ хийх үед нь тохиромжтой цаг, орчинг бүрдүүлж өгөх тал дээр заавал анхаараарай.

“Ах нь юм чинь, эгч нь юм чинь” гээд орхивол хүүхэд улам стресст орж, өөртөө итгэлгүй болдог. Стресс ихэдсэн хүүхэд дийлэнхдээ зурагт үзэх гэх мэт ухамсаргүй анхаарал төвлөрөлтийн үедээ хумсаа мэрэх, хуруугаа хөхөх үйлдэл хийж улам ганцаараа байхыг хүсэх болдог. Мөн энд тэнд өвдлөө гэж гоншигнодог болдог.Тиймээс ойрхон хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ стрессийн учир шалтгааныг тогтоох, стресстэхийг болиулах талаар онцгойлон анхаарах хэрэгтэй.

Хүүхэд ээжийнхээ хажууд дүүгээ өхөөрдөж асарч байснаа түр орхих хооронд дүүгээ чимхэх юм уу, цохиж зодох тохиолдол олон гардаг. Тэдний энэхүү үйлдэл нь дүүдээ дургүйдээ бус өөрт нь чиглэж байсан эцэг эхийн хайр анхаарлыг дүү нь булаагаад авчихаас айсандаа хийдэг зүйл юм.

Тиймээс эцэг эхчүүд та бүхэн өөрсдийгөө дүүгийнх нь талд ороод байгаа юм биш биз, дүүг нь асрах гээд том хүүхдээ анзаарахгүй байгаа юм биз, ах эгч шиг бай гэж тулган шаардаад байгаа юм биш биз гэдгийг нягтлан үзэх хэрэгтэй.

Байх ёстой өөрчлөлтийг хүлээж авах нөхцөл бүрдүүлэх

Гарч болох өөрчлөлтийг дүүг нь төрөхөөс өмнө урьдчилан хийх хэрэгтэй. Том хүүхдийн өрөөг дүүд нь гаргаж өгөх хэрэгтэй бол өрөөг нь хүүхэд төрөхөөс хэдэн сарын өмнө солих буюу орыг нь том ороор сольж өгөөрэй. Дүүг нь төрснөөс хойш томыгоо харах боломжгүй бол хүүхдээ төрөхөөс хэдэн сарын өмнө том хүүхдээ цэцэрлэгт оруулах, бие даалгах хэрэгтэй.

Гадуурхагдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхгүй байхаар санаа тавих. Ээж нь бага хүүхдээ хөхүүлж байх хооронд аав нь том хүүхэдтэйгээ тоглож том хүүхдэд ч бас дүүгийнхээ нэгэн адил хайрлуулж халамжлуулж байна гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Мөн том хүүхдийнээ багынх нь зураг, бичлэг зэргийг үзүүлж, өөрийг нь ч бас багад нь дүү шиг нь усанд оруулж, живхийг нь сольж, хооллож байсныг харуулах нь үр дүнтэй

Оролцооны сэтгэлгээг мэдрүүлэх Том хүүхдээрээ дүүгийнх нь угж, живх зэргийг авчруулж, тэгснээрээ дүүгээ халамжлах хайрлах шижмийг бий болгоорой. Дүү нь одоохондоо нас бага тул харж асрах хэрэгтэй гэдгийг заавал тайлбарлаарай.

Аав ээж өөрөө дүүтэй бол дүүгээ багад нь хэрхэн асарч одоо ч хэрхэн анхаарч халамжилж байгаагаа ярьж өгч эгчийн хувьд дүүгээ харж асрах нь бахархууштай хэрэг хэмээн урамшуулаарай.

Дүүд нь хувцас, тоглоом гэх мэтийг авахдаа ах, эгчийнх нь саналыг сонсож, сонголтыг тэднээр хийлгэж үзээрэй. "Ах нь юм чинь дүүдээ өгчих" гэснээс "Ах нь дүүдээ өөрийн тоглоомоор түр тоглуулахыг зөвшөөрөх үү" гэхчлэн өөрөөс нь асуугаарай зөвшөөрөхгүй бол хүндэлж үзэн дүүг өөр тоглоомоор саатуулахаас өөргүй.

Заа тэгээд жоохон томроод ирэхээрээ хоорондоо юмаа булаалдана, хэрэлдэнэ, хов зөөнө бас л асуудал. Тэр үед авч болох хамгийн шалгарсан арга бол хоорондоо тохирлц, ярилц, хайч чулуудаад үз гээд өөрсдөөр нь асуудлыг шийдүүлээрэй.

Хов зөөх бүрт аав ээж оролцож зөв бурууг тунгаах гэсний хэрэггүй хооронд нь өөрсдөөр нь зөв бурууг тунгаалгаж, нэгнийх нь сүйтгэсэн зүйлийг заавал хоёулангаар нь цэвэрлүүлж тэгш оролцоотой хариуцлага өгч байх нь хүүхдийг хүлээцтэй байдалд сургадаг.

Г.Төмөрзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.