Ц.Баасандорж: Л.Гансүхийг ялгаварлан гадуурхаж байна

Twitter Print
2017 оны 02-р сар 03-нд 08:29 цагт
Мэдээний зураг,

-ДОЛООН ЯЛТНЫ МАТЕРИАЛЫГ МАГАДЛАНД ОРУУЛАХААР ШИЛЖҮҮЛСЭН Ч Л.ГАНСҮХИЙНХИЙГ БУЦААЖЭЭ-

-Таны үйлчлүүлэгч Л.Гансүхийг магадлангаар суллагдах нь гэсэн асуудал сүүлийн үед нэлээд яригдлаа. Энэ асуудал шийдэгдэв үү, шийдэгдээгүй бол ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?

-Магадлангаар суллагдах хугацаа нь 2016 оны 11 дүгээр сард болсон. Суллагдахад гурван шаардлага тавьдаг юм. Хорих ялынхаа тодорхой хувийг эдэлсэн, хохирлоо төлсөн, засарч хүмүүжсэн байх. Тэрийг хорих ангийн дарга нь тодорхойлдог юм. Нэгдүгээрт, сахилгад орж байгаагүй, зөрчил гаргаагүй байх шаардлагатай. Хорих ангийн дарга нь бичиг хийгээд, засрал хүмүүжлийг нь тодорхойлно. Гансүх гуай хохирлоо барагдуулаад дууссан. Ер нь хилс хэргийн хохирол барагдуулж дууссан шүү дээ. Өөрөөр хэлбэл, гэрээнд огт байхгүй үнийн зөрүү гэдэг зүйлээр тэрбум гаруй төгрөгийн хохирол шүүхээс тогтоогоод, амьдралынхаа турш цуглуулсан байшин барилгаа барьцаанд тавьж, найз нөхдөөсөө зээл авах байдлаар төлөөд дууссан.

Монгол Улсад ял эдэлж буй бүх хоригдол магадланд ордог. Хорих ангиас магадланд орох шаардлага хангасан хүмүүсийг тодорхойлж явуулдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 1-д заасан байдаг. Энэ хүн хорих ялаа эдлээд, хугацааны өмнө тэнсэн суллагдах болзол хангасан байна гээд хорих ангиас нь тодорхойлж явуулдаг. Прокурорын байгууллага шүүх рүү оруулж, шүүх сулладаг. Гэтэл прокурорын байгууллага шүүх рүү явуулахгүйгээр хоёр удаа хэргийг нь үндэслэлгүйгээр буцаачихаж байгаа юм.

-Буцаасан шалтгаанаа юу гэж тайлбарласан бэ?

-Хамгийн сүүлд 12 сард хорихоос шүүх рүү долоон хүний нэр явуулсан байгаа. Тэдний хоёр нь хүн амины хэрэгтэй, нэг нь бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгтэй байсан. Бүгд шүүхээр ороод суллагдсан. Ганцхан Гансүх гэдэг хүний материалыг хоёр дахиа буцаасан. Ямар хариу өгснийг үзэхэд бид таныг заавал гаргах албагүй, энэ удаа гаргамааргүй байна гэсэн утгатай байсан. Прокурорын байгууллага үзэмж, дур зоргоороо биш, хуульд заасны дагуу ажиллах ёстой. Тэр гурван шаардлагыг биелүүлсэн бол шүүх рүү материалыг нь оруулж шийдүүлэх ёстой. Ер нь хүний эрх хуулиар зохицуулагддаг.

Прокурор хуулийн дагуу л ажиллах ёстой. Монгол улсын бүх иргэн хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн гол заалт бий. Гэтэл Гансүх гэдэг хүний эрх бусад хоригдлынхоос өөр байгаад байгаа байхгүй юу. Бусад ялтанууд магадлангаар гарч болно. Гансүхийнхийг үндэслэлгүйгээр буцаагаад байж болохгүй. Ядаж адилхан хандах ёстой. Хуулийг ингэж алагчилж хандаж байгаа нь өөрөө хүний эрх зөрчиж байгаа юм.

-Өчигдөр та Төв аймаг явж, Л.Гансүхтэй уулзсан. Биеийн болон хоригдож буй нөхцөл байдал нь ямар байна вэ?

-Би очиж уулзсан. Ер нь их хүнд байдалд байна. Ганц худагт, Төв аймагт хоригдож байхдаа 14 хоног өлсгөлөн зарласан. Эрүүл мэнд, бөөр нь нэлээн муудсан. Уураг алдаж байгаа. Хуруугаа тайруулж байсан. Одоо нэлээн турсан, биеийн байдал нь муу байгаа. Мэдээж хорих нөхцөл хүнд. Гэхдээ тэр бүхэнд санаа зовохгүй, гол нь эхнэрийнхээ эрүүл мэндэд маш их санаа зовж байгаа.

-Өмнө нь хоёр буцсан гэлээ. Тухайн тохиолдол бүрт магадланд оруулаагүй шалтгааныг юу гэж тайлбарлаж байсан бэ?      

-Сүүлийн хариутай яг адилхан. Бид таныг заавал гаргах үүрэг байхгүй. Энэ удаа гаргамааргүй байна, тийм учраас материалыг чинь буцаалаа гэсэн. Прокурорын байгууллага би таныг шоронд хиймээр байна гээд шоронд хийчихдэг байгууллага биш байхгүй юу. Мөн таныг гаргамааргүй байна гээд гаргахыг хориглодог ч байгууллага биш. Прокурорын байгууллага ялтны материалыг шүүх рүү өгөх ёстой. Гаргах эсэхийг шүүх шийддэг. Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 гэдэг заалт энд зөрчигдөж байгаа.

-ДУРЫН УЛС ТӨРЧИЙН ДУРГҮЙ ХҮНИЙГ ХОРИОД БАЙХ БОЛОМЖ БАЙГААД БАЙНА- 

-Өмнө нь та үйлчлүүлэгчийнхээ эрх зөрчигдөж байгаа талаар холбогдох байгууллагуудад нь гомдол гаргасан уу?

-Өнгөрсөн оны 12 дугаар сард Төв аймгийн шүүхэд хандаж өргөдөл гаргасан. Танай прокурорын байгууллага хүний эрх зөрчөөд байна. Энэ хүн магадланд орж суллагдах болчихлоо гэсэн. Шүүхийн байгууллагаас “Манайд прокурорын байгууллагаас материалыг нь ирүүлээгүй байгаа тул бид шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн.

-Энэ сарын 1-ний өдөр иргэн Л.Гансүх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан захидал илгээсэн. Захидлын утгаас ялын хугацаа нь дууссан байтал улс төрийн ч юм уу ямар нэгэн шалтгааны улмаас энэ хүнийг суллахгүй байна гэсэн зүйл ойлгогдохоор байгаа. Хүмүүс ч энэний цаана улс төржилт байгааг үгүйсгэхгүй байна. Та юу хэлэх вэ?

-Би өөрөө хуульч хүн, улс төрч биш. Ямар шалтаг, шалтгаан байгааг мэдэхгүй. Гэхдээ яагаад прокурорын байгууллага хууль, хүний эрх зөрчиж, хууль бус шийдвэрүүд гаргаад байгаа юм бэ. Прокурорын байгууллагын нэр хүндийг унагаасан шийдвэрүүд гаргаж байгаад би их гайхаж байгаа. Ер нь цаашдаа хууль, шүүхийн байгууллагыг хараат бус ажиллуулъя гэвэл томилгоог улс төрчдөөс хол байлгах хэрэгтэй. Тэрний дараа шударга, шударга бус ажиллах гэдэг юм ярих нь зөв өө. Томилгоо улс төрчдөөс бүрэн хараат байдаг.

Хуулийн байгууллагууд шударга ажиллахад их төвөгтэй, хүндрэлтэй нөхцөл байдлууд байдаг. Тийм учраас бие дааж ажиллах хамгийн боломжтой арга зам бол улс төрчид томилгоо хийдгийг болиулах ёстой. Ингэхгүй бол Гансүх ч биш, ер нь дурын хүнийг гаргахгүй байх эрх нь байж байгаа. Дурын улс төрч, эсвэл томилдог улс төрчийн ч юм уу дургүй хүнийг хориод байх боломж байна. Би тэр хүний захидлыг хэвлэлээс уншсан. Мөнхдаваа гэж өмгөөлөгч нь очиж авчирсан байна лээ. Захиа бичих, үзэл бодлоо илэрхийлэх нь тэр хүний хуульд заасан эрхийн асуудал.

-Зарим хүн Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж хоёрын “тулаан”-ы золиос Гансүх гэж ярих юм?

-Би үүнд хариулж мэдэхгүй. Харин Гансүх гэдэг хүнд холбогдуулсан хэргийг гэмт хэрэг гэж үзэх хэцүү. Ер нь би нэг юманд итгэлтэй байгаа. Прокурор, шүүх, бусад хуулийн байгууллагуудын томилгоо улс төрчдөөс хараат бус болсон үед Гансүх гэдэг хүн цагаадна гэж үзэж байгаа.

-Яагаад Л.Гансүхэд хилс хэргээр ял оноосон гэж үздэг вэ?  

-Монгол Улсад үнэ, жингийн зөрүүнээс ял өгсөн тохиолдол байдаггүй. Түүхэндээ ганцхан хүн шийтгэсэн нь Л.Гансүх. Хоёр компанийн хооронд хийсэн Худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээтэй байтал ял өгсөн тохиолдол Монгол Улсад өөр байхгүй. Дурын өмгөөлөгч, хуульч очоод Гансүх гэдэг хүний хэргийн материалтай танилцахад арай ч дээ л гэж бодохоор, ийм л хэрэг байгаа. Гэмт хэрэг биш учраас би цагаадна л гэж үзэж байгаа.

-Гэхдээ шүүх түүнийг гэм буруутайд тооцож, ял оноосон шүү дээ?

-Шүүхийн шийдвэр гэдэг туйлын үнэн гэсэн үг биш. Хүчингүй болж болно. Хүчингүй болгож болно. “Багануур” компани гэрээн дээр заасан жин, үнийн зөрүүний ямар ч хохирол хүлээгээгүй. Анхнаасаа 39 мянган төгрөгөөр зарна гэсэн бол өөр шүү дээ. 27 мянгаар зарчихаад, дараа нь зарсан үнээ нэмж нэхнэ гэдэг өөрөө эрүүгийн эрх зүй байтугай бизнесийн эрх зүй, иргэний эрх зүй, ялангуяа манай Монгол шиг ардчилсан чөлөөт эдийн засагтай улс оронд байж боломгүй үйлдэл. Энгийнээр хэлэхэд, бид хоёр хоорондоо наймаа хийлээ. 10 төгрөгөөр өөрөөс чинь бараа худалдаж аваад, 15 төгрөгөөр зарчихлаа. Дараа нь би наадахыг чинь 20 төгрөгөөр зарах ёстой байсан гээд чамаас 10 төгрөг нэмж нэхээд байгаатай ижил ийм л хэрэг. Тэгэхээр Л.Гансүхэд холбогдуулсан хэргийг би одоо болтол гэмт хэрэг гэж үздэггүй.

-ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ДААЛГАВРААР Л.ГАНСҮХИЙН МАТЕРИАЛЫГ ТАТАН АВЧ, СУДАЛЖ БАЙГАА ГЭСЭН-

-Хийгээгүй хэрэг юм бол хохирлоо төлөх шаардлага байсан уу?

-Хамгийн гол нь эхнэр нь хорт хавдрын дөрөвдүгээр шат руугаа орчихсон, биеийн байдал нь үнэхээр хүнд байгаа. Тэр хүний туйлын зорилго гараад, эхнэрээ л эмчлүүлэх. Гэхдээ ял эдлэхгүй гаръя гэж хэлээгүй. Бусдаас ямар нэг давуу байдал эдэлье гэж хэлээгүй. Бусад хоригдлуудтай адил хуулийн хүрээнд адилхан боломж олгооч ээ л гэсэн хүсэлт тавьж байгаа. Гурав дахь удаагаа буцааж байгаа болохоор Монгол улсын иргэддээ хандаж асуудлыг тавихаас өөр арга үлдээгээгүй, прокурорын байгууллага. Би өмнө нь магадлангийн олон хуралд хүсэлт гарган оролцож байсан. Хэзээ ч ингэж буцаж байгаагүй. Гансүх гэдэг хүнд яадаг юм, бүү мэд... Прокурорын байгууллага хэзээ ч ийм хариу өгч байгаагүй.

-Л.Гансүх ялаа эдлээд дуусчихсан уу?

-Ял эдэлж дуусах, магадланд орох гэдэг хоёр өөр ойлголт. Ямар хүмүүс ялаа дуустал нь эдэлдэг вэ гэхээр нэгд, хохирлоо төлөөгүй, сахилгын зөрчил гаргаад, засарч хүмүүжээгүй хүмүүс. Хохирлоо төлсөн, сахилгын зөрчил гаргаагүй, хүмүүжсэн, ялынхаа тодорхой хувийг эдэлсэн, Монгол Улсын шоронд ял эдэлж буй бүх хүн магадлангаар орж суллагддаг. Хүн алсан, хүчиндсэн, дээрэмдсэн, зодсон ч бай бүгд суллагддаг.

Л.Гансүх хорих ангийн дүрэм журам зөрчиж, сахилгын зөрчил гарган, хохирлоо төлөөгүй тохиолдолд энэ хүнийг гарга гэж ярих нь утгагүй. Гарах шаардлагаа хангасан учраас энэ хүнийг гаргах л ёстой. Яагаад онц хүнд гэмт хэрэгтнүүд, хүний амь хөнөөсөн, бага насны хүүхэд хүчиндсэн хүмүүсийг гаргачихаад, Л.Гансүхийг гаргадаггүй юм бэ. Долоон материалаас зургааг нь гаргачихаад, яагаад Л.Гансүхийн материалыг буцаадаг юм бэ. Энэ чинь ялгаварлан гадуурхалт байхгүй юу.

-Таны үйлчлүүлэгч захидалдаа “хуулийн мафи” гэж бичсэн байна лээ. Ер нь шүүх, хууль хяналтын байгууллагад мафижсан байдал ажиглагддаг уу?

-Энэ дээр би тайлбар хэлж мэдэхгүй байна. Гэхдээ дахин хэлэхэд шүүх, прокурорын байгууллагын удирдлага, шүүгч нар, АТГ-ын удирдлага, байцаагч нар, цагдаагийн удирдлага, цагдаа нарын ч тэр томилгоог улс төрөөс хараат бус болгож байж л шударга ёс ярина. Хараат болгохгүй бол тэр хүмүүс томилгооныхоо эсрэг ажиллана. Тэрийг Гансүх гуай өөрөө  итгэл үнэмшлээрээ бичсэн байх.

-Бас нэг хардлага бий. Энэ нь Л.Гансүх шоронгоос суллагдмагцаа төрийн томоохон эрх мэдэл бүхий хүмүүсийн “но”-г баримттайгаар дэлгэнэ гэсэн мэдээлэлтэй холбоотой. Магадгүй хэрэг бишдэж мэднэ гэсэн хүмүүс түүнийг суллахгүй гэж зүтгээд байж болох юм?

-Өөрөө бол УЕПГ гээд олон газар луу захиа бичсэн юм билээ. Түүндээ би улс төрийн үйл ажиллагаанд хутгалдан орохгүй ээ. Миний туйлын зорилго бол эхнэрээ л эмчлүүлэх. Намайг улс төрийн үйл ажиллагаанд хутгалдан орно гэдэг байдлаар хандаж, материалыг буцааж байгаа бол тийм асуудал байхгүй гэж. Намайг очиход ч мөн ийм зүйл ярьдаг. Тэгэхээр энэ хүн бол шоронгоос гарах гээд, амь насаа эрсдэлд оруулан өлсгөлөн зарлана гэж буй нь эхнэрээ л эмчлүүлэх зорилготой гэж би харж үзэж байгаа.

-Та өнөөдөр (II/2) УЕПГ-ынхантай очиж уулзсан. Ямар хүсэлт гаргасны дагуу ямар хариу өгсөн бэ?

-Энх-Амгалан прокурортой уулзах гээд очсон боловч ажил дээрээ байхгүй байлаа. Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э. Амарбаттай уулзсан. Ерөнхий прокурор Энх-Амгалан даалгавар өгсний дагуу Төв аймгийн прокуророос Л.Гансүхийн материалыг татан авч, судалж байгаа гэсэн хариу өгсөн.

Д.Эрдэнэтуяа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.