Нэг тэрбум долларын өртөгтэй төмөр замын асуудлыг хойшлууллаа

Twitter Print
2017 оны 02-р сар 01-нд 16:40 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гэхдээ уг тогтоолын төслийг Засгийн газар эргүүлэн татаж, дахин боловсруулсны дараа өргөн барих шаардлагатай гэх саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Ж.Бат-Эрдэнэ болон тус Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва нар гаргасан юм.

Хуулийн төслөө татаж авах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн гишүүд уг тогтоолын төслийг өмнө нь баталсан төмөр замын бодлоготой зөрчилдсөн гэж үзэж буй. Тиймээс дахин сайтар боловсруулах шаардлагатай хэмээсэн юм.

Жишээлбэл, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Төмөр замын асуудлыг маш их улстөржүүлдэг. Өргөн царигтай байх уу, нарийн царигтай байх уу гэж үргэлж маргалддаг. ОХУ эсвэл Хятадын талын ашиг сонирхол гэхчилэнгээр олон жил ярьж байгаа. Тиймээс Засгийн газар ямар царигтай байх болон бусад нарийн асуудлуудаа сайтар нягталж, шийдчихээд УИХ-д дахин өргөн барих хэрэгтэй” гэсэн юм.

Улмаар Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат гишүүдийн гаргасан саналыг хүлээн авч, албан ёсоор хуулийн төслөө эргүүлэн татах хүртэл түр хойшлууллаа.

Уг тогтоолын төсөлд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хийх асуудал тусгагдаад байсан юм. Мөн бүтээн байгуулалтад нийт нэг тэрбум долларын хөрөнгө шаардагдах урьдчилсан тооцоог гаргаад байсан бөгөөд төмөр замын бүтээн байгуулалт хийгдвэл гол төлөв Хятад улсад төмрийн хүдэр гаргахаар төлөвлөөд байжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.