Трампын зарлигийг хэрэгжүүлэхээс татгалзсан Ерөнхий прокурорыг халлаа

Twitter Print
2017 оны 01-р сар 31-нд 15:29 цагт
Мэдээний зураг,

BBC News Доналд Трампын гаргасан цагаачдад тавьсан хоригийн тухай зарлигийг дагаж мөрдөхгүй байхыг Хуульзүйн яамны хуульч, прокуроруудад үүрэг болгож, зарлигийг хэрэгжүүлэхээс татгалзсан гэсэн үндэслэлээр Ерөнхий прокурор Сэлли Йейтсийг албан тушаалаас нь огцруулжээ. Тэрбээр Барак Обамагийн засаг захиргааны үед энэ албанд томилогдсон бөгөөд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд “Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Салли Йейтес АНУ-ын ард иргэдийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөс татгалзлаа” гэжээ. 

Түүний оронд Виржиния мужийн Дорнод тойргийн прокурор Дана Боентег Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Даваа гарагийн оройны 9 цагийн үед үүрэгт ажилдаа орсон Дана Боенте хэдхэн цагийн дараа Сэлли Йейтсийн гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож, хууль хүчнийхэнд Ерөнхийлөгчийн зарлигийг дагаж мөрдөн ажил хэрэг болгох тушаал өгчээ. 

Ерөнхийлөгч Трамп ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Сэлли Йейтсийг халахдаа түүнд утасдаж хэлээгүй, харин халах болсон шийдвэрээ гараар бичиж хүргүүлсэн гэж албаны хүн мэдээлжээ. 

Сенатч Жефф Сэшионсийг ерөнхий прокуророор томилох эсэхийг Сенатын танхимын гишүүд эцэслэн шийдэх хүртэл Дана Бенте ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэх аж.

Өнгөрсөн баасан гарагт ерөнхийлөгч Трамп цагаачлалын эсрэг зарлиг гаргаж, исламын шашинтай Ирак, Сири, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен гэх Ойрхи Дорнод болон Африкийн долоон орны иргэдийг 90 хоног эх орондоо нэвтрүүлэхгүй, дүрвэгсэдийг 120 хоногоор хүлээн авахгүй байх, тэр дундаа Сирийн дүрвэгсэдийг хүлээн авах хөтөлбөрөө цуцалсан зарлиг гаргасан нь дотооддоо төдийгүй олон улсад ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байна.

Харин өөрийнх нь хийж хэрэгжүүлэхээр хөтөлбөртөө тусгаж, улмаар гаргасан зарлигт саад учирч буй талаар тэрбээр твиттер хуудастаа "Ардчилсан нам зөвхөн улс төрийн зорилгоор бидний хэрэгжүүлэх ажлуудад зориудаар саад тотгор учруулж байна. Тэд хийдэггүй, зөвхөн урагшлах замд чөдөр тушаа болж л чаддаг" гэж жиргэжээ. 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.