2017 оны 01-р сар 31-нд 14:43 цагт

Ц.Нямдорж: Эрдэнэтийн асуудал Монгол төрийн ялзралын толь бичиг болж түүхэнд үлдэж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг судалсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн юм.

Энэ үеэр Байнгын хорооны зарим гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон Л.Оюун-Эрдэнэ нар 49 хувийг худалдаж авахад зээл олгосон этгээдүүдэд, улс төрчдөд юун түрүүнд хариуцлага тооцох ёстойг онцолсон.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Эрдэнэтийн асуудал улсын өмчийг эрх мэдэлд дулдуйдан яаж луйварддагийн толь болж байна. Монголын төрийг энэ ялзралаас суга татан гаргах нь энэ УИХ-ын 65-ын бүлгийн гол асуудал.

Монголын бүх мөнгөний эх сурвалж ганцхан сувгаар дамжиж луйвардагдсан. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүгдийг нь худалдаж авсан. Монгол төрийн бүх өндөрлөгүүд оролцсон нам дамжсан бүлэглэл, тэдний толгойлогч оролцсон нь үнээн. Үүнийгээ авч үлдэх гэж өдөр шөнөгүй их хурлын гишүүдийг лобидож байгаа.

Монгол төрийн бүх өндөр албан тушаалтан, тэднийг тойрон хүрээлсэн намын хоёр талаасаа хамгийн нөлөө бүхий 10, 10 хүн  ил тод орооцолдсон. Нэг ч зээл өгөх эрхгүй Монгол банк 360 тэрбум төгрөгийг нэг этгээдэд өгсөн. Энэ ариун явдал уу? Тэр мөнгөөр энэ 49 хувийг худалдаад авсан. Бат-Оргил гэдэг жижигхээн хүүхэд. Энэ хулгайч нарын цаана хүний нялх туршлагагүй хүүхэд Хөгжлийн банкны Мөнхбат шиг шоронд суучихаад насаараа хохирох вий гэж би айж байна. Тэгээд жинхэнэ хулгайч нар нь уснаас хуурай сугаран үлдэх вий гэдгээс айж заримынх нь аавд би хэлсэн..." гэлээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.