М.Алтанцэцэг: Стресс даамжирсаар сэтгэцийн эмгэг болдог

2017 оны 08-р сар 05-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэлзүйч Манжаагийн Алтанцэцэгтэй стресс, түүнийг даван туулах гэсэн нийгэмд тулгамдаж буй асуудлаар ярилцлаа.

-Нийгмийн янз бүрийн нөлөөллөөс болж стресс, сэтгэцийн өвчлөл их байдаг. Ийм нөхцөлд сэтгэлзүйч маш хэрэгтэй. Харамсалтай нь манай улсад сэтгэлзүй судлал нийгэмшиж, хөгжихөд хүндрэлтэй зүйлүүд их бий. Энэ дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Сэтгэл судлал бол харьцангуй залуу шинэжлэх ухаан. Хүний итгэл үнэмшил, ойрын болон алсын зорилго, сэтгэл ханамж, дотоод сэтгэлийн үгүйсгэл, үзэн ядалт, бусдыг хүлээн зөвшөөрөх, үл зөвшөөрөх, өөрийгөө хамгаалах, бие даасан байдал, эрүүл болон эмгэг сэтгэц  зэрэг хүний сэтгэцийн олон талт нарийн асуудлуудыг судалдаг. Монгол хүн сэтгэл санаа эрүүл, эерэг зөвөөр сэтгэн бодож байж нийгмийн баялгыг бүтээж, улс орноо хөгжүүлэх ёстой. Стресс, сэтгэцийн өвчлөл их байгаа нь нийгмийн олон хүчин зүйлийн нөлөөтэй байхаас гадна хувь хүний өөрийн сэтгэлзүйн байдал, даван туулах чадвар, зорилго, төлөвлөгөөтэй байдалтай шууд холбоотой асуудал юм.

Сэтгэл судлалын шинжлэх ухаан илүү хурдацтай хөгжих, нийгмийн бүхий л салбарт, ялангуяа их дээд, дунд сургууль, цэцэрлэгт сэтгэлзүйчид  ажиллах шаардлагатай байгаа нь  тулгамдсан асуудал болж байна. Улс орны маань ирээдүй болсон хүүхэд багачууд, залуучуудаа түлхүү анхаарах цаг болсон гэдгийг хэлмээр байна.

-Сэтгэлзүйч гэхээр зарим хүн их өрөөсгөл ойлголттой байдаг. Сэтгэцийн өвчтэй, сэтгэл мэдрэлийн асуудалтай л хүн сэтгэлзүйч дээр очдог гэж үздэг.  Энэ нь сэтгэлзүйч дээр очихоос цааргалах нөхцлийг үүсгэдэг байхыг үгүйсгэхгүй?

-Сэтгэл зүйч дээр сэтгэцийн эмгэгтэй, эрүүл бус хүмүүс очдог гэсэн ойлголт аль эрт хуучирч үеэ өнгөрөөсөн. Өөртөө санаа тавьдаг, өөрт тохиолдсон асуудал, бэрхшээлийг эерэгээр даван туулах хүсэлтэй, ахицтай амжилттай амьдрахыг хүссэн хүмүүс мэргэжлийн зөвлөгчид хандаж, зөвлөгөө авах нь эрүүл хүний жирийн үйлдэл юм. Хүмүүс бидний амьдралд өвчин зовлон, хагацал гуниг, дарамт шахалт, бүтэлгүйтэл,сэтгэлийн дарамт, стресс гээд бүх л зүйл тохиолддог. Энэ үед  уурлаж бухимдаад, хэн нэгнээс бурууг хайгаад явах биш түүнээс гарах арга зам, гаргалгааг хайгаад, шийдвэрлээд явахгүй л бол сэтгэцийн эмгэгтэй болно. Өөрөөр хэлбэл, амьдралд тохиолдож буй аливаа сөрөг асуудлыг дор бүр нь шийдвэрлээд явбал сэтгэцийн асуудалд өртөхгүй.

Мөн хувь хүний сэтгэцийн чадамж гэж бий. Манайхан сэтгэлийн хаттай, тэсвэр тэвчээртэй хүн гэж дүгнэдэг. Хүний өөрийнх нь дотоод нөөц боломж, сэтгэлийн хат нь аливаа асуудалд хариу үзүүлэхэд нөлөөлж байдаг. Гэтэл хүн болгон адил биш. Зарим хүн даван туулах чадвар багатай, асуудалд нугарч унадаг. Ийм хүмүүс олон асуудал тулгарахаар сэтгэл гутралд орох, ажлын чадамжаа алдах, өөртөө итгэх итгэлгүй болох зэргээр уруудан доройтох нь бий. Энэ бүхэн хүндрээд байвал эмгэг болно. Нөгөөтэйгүүр зарим хүн буруу хандлага, буруу арга барилтай байдаг нь сэтгэцийн ямар нэгэн асуудалтай байгааг илтгэнэ.  Мөн сэтгэцийн эмгэг, сэтгэцтэй холбоотой асуудал хотжилт, нийгэм, улс төр, эдийн засгийн байдалтай ч холбоотой.

-Нөгөөтэйгүүр амьдралд нь асуудал тулгараад ирэхээр сэтгэлзүйч дээр очихоосоо илүүтэй лам, бөө гэж явдаг. Гэтэл гадны оронд эсрэгээрээ?

-Монгол хүний ямар нэгэн үйлдэл хийж байж тайвширдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, өөрийгөө дайчлан, өөртэйгээ тэмцэхийн оронд  лам, бөөгийн  өгсөн арцыг уйгуулж, сүүг цацах зэрэг ямар нэг үйлдэл хийж, түүнийгээ хийж байх явцдаа ихээхэн тайвширч, асуудлаа шийдчихлээ гэж боддог. Гэтэл сэтгэл зүйч дээр ирэхээр өөрөөс нь их зүйл шалтгаалж, өөрөө бодож, сэтгэж, өөрчлөх шаардлагатай болдог. Мэргэжлийн зөвлөгчид хандаж, зөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж чадах аваас хүний сэтгэцийн байдал хийгээд, амьдрал ахуйд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч эхэлдэг.  Өөртөө санаа тавьдаг, өөрт тохиолдсон асуудал, бэрхшээлийг эерэгээр даван туулах хүсэлтэй, ахицтай амжилттай амьдрахыг хүссэн хүмүүс мэргэжлийн зөвлөгчид хандаж, зөвлөгөө авах нь эрүүл хүний жирийн үйлдэл юм. Сэтгэлзүйн зөвлөгөө өгнө гэдэг нь хүмүүст өөртөө итгэх итгэл төрүүлэх, нийгэм хамт олны зүгээс дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн түвшинд дэмжлэг үзүүлэх, сэтгэлзүйн хүнд нөхцөл байдал үүссэн шалгааныг ухуулан ойлгуулах, түүнээс гарах арга замыг зааж өгөх, шинэ хандлага, зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэдэг. Тиймээс сэтгэлзүйчид очих, зөвлөгөө авах шинэ соёлыг түгээх нь зөв зүйтэй асуудал юм.

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүс асуудлыг хүлээж авч, гадагшлуулдгаараа өөр хоорондоо ялгаатай байх. Тухайлбал, эмэгтэй хүнд ямарваа асуудал тулгарахаар уйлж, бухимдаж, найз нөхөдтэйгээ ярилцах замаар тайтгарчихдаг. Харин эрэгтэй хүний хувьд өөр. Тэгэхээр эрчүүд сэтгэлзүйн хямралд өртөх нь илүү байдаг уу?

-Эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүд сэтгэл гутралд орох нь хоёр дахин их байдаг. Харин эмэгтэйчүүдийг бодвол эрэгтэйчүүд архинд орох нь тав дахин их байдаг. Эмэгтэйчүүд илүү их яриасаг, уян зөөлөн, илүү мэдрэмжтэй байдаг. Үүнээс шалтгаалаад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү  юманд эерэг ханддаг гэсэн дүгнэлтийг судлаачид хийсэн байдаг. Эрэгтэй хүүхэд багаасаа хэнд ч хамааралгүй биеэ даасан байхыг эрмэлздэг. Мөн ээж, эгчээсээ тусдаа байхыг хичээдэг онцлогтой. Насанд хүрсэн эрчүүд ямар нэг үүрэг, даалгавар, бодлогын талаар ярилцдаг бол эмэгтэйчүүд хүмүүсийн харилцааны талаар ярилцах дуртай байх нь нотлогдсон. Мөн эрэгтэйчүүд би өөрөө чадна гэсэн итгэлтэй. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдээс илүү өөртэй итгэлтэй хүмүүс. Тэгэхээр эрчүүд маань би чадна, би хийнэ гэж дотроо маш их итгэж найдаж явдаг. Иймээс өөрийгөө суль дорой гэж хэнд ч харагдуулахыг хүсдэггүй учир нээлттэй биш. Энэ утгаараа эрчүүд сэтгэлзүйчид хандах нь бага. Гэхдээ сүүлийн үед гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаад ирсэн хүмүүс сэтгэлзүйчид хандах хандлага нь арай өндөр байгаа. Мөн эрчүүд эмэгтэйчүүд шиг жижиг асуудал болгоныг тусгаж авч, шалтгааныг хайгаад байдаггүй. Тиймээс стресст өртөх нь харьцангуй бага байдаг талтай.

-Сүүлийн үед “би” гэсэн үзэл давамгайлах болсон нь ажиглагддаг. Гадаадад сурч боловсрох залуус их болсон. Тэднийг харахад биеэ даасан, өөрийгөө дөвийлгөсөн байдал ажиглагдаад байдаг. Энэ тал дээр таны бодол?

-Хүн өөрийгөө нийгмийн ёс зүй, хэм хэмжээнд тааруулан авч явах бичигдээгүй хууль байдаг. Хүмүүс нийгэмтэйгээ хөл нийлүүлэн тухайн цаг үед хүчин төгөлдөр эрх зүйн орчинд нь тохируулан, бусдад аятай таатай сэтгэгдэл төрүүлэхээр биеэ авч авах ёстой байдаг. БИ хэмээх бие хүнд хоёр талын агуулга оршдог. Нэг талаасаа нийгмийн нэгээхэн эд эс гэсэн утгаараа нийгэмтэйгээ буюу бусад хүмүүстэй харилцаанд орно. Нөгөө талаасаа бие даасан хувь хүний хувьд өөрийгөө илэрхийлнэ, өөрийгөө мэдэрч жолоодно, өөртөө хамаарах мэдээллийг аль болох үр ашигтай болгохыг хичээж өөрийгөө авч явна. Ирээдүйнхээ төлөө мөрөөдөж, чадлынхаа хирээр хөдөлмөрлөж, өөрийгөө хүндэтгэн давуу байдлаа бусдад мэдрүүлж, бусдаар өөрийгөө үнэлүүлж чаддаг байх ёстой. Энэ бол БИ хэмээх ойлголтын мөн чанар юм. Өөрийгөө бодитой, зөв танин мэдэх, өөрийнхөө хүч чадалд итгэх, өөрөөрөө бахархах, өөрийгөө хүндэтгэх , энэ бүхэн бие хүний хувьд БИ хэмээх агуу чанарыг илэрхийлдэг.

Барууны иргэншил хүнийг хараат бус байдлаар хүмүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл өөрийн БИ-ийн давуу талыг сайн хөгжүүлдэг. Харин Азийн соёл, зан  заншил нь бие хүнд харьцангуй нйигэмтэйгээ хамааралтай байх соёлын түлхүү хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл БИД гэсэн хүмүүжлээр хүүхдийг хүмүүжүүлдэг. Манайхны хувьд Азийн соёлтой боловч сүүлийн үед гадаадад, ялангуяа баруунд сурч, хүмүүжсэн залуучуудын зан үйл өөрчлөгдөж байгааг бид харсаар, анзаарсаар байна. Захын хүний ярианаас “Сүүлийн үеийн залуус БИ гэж ярих дуртай болсон. Би тийм юманд дуртай, надад таалагдах, надад сайхан санагдах гэх зэргээр зөвхөн өөрийн тухай ярих нь элбэг болжээ” гэсэн үгсийг сонсох нь элбэг байна. Ямарваа зүйл хоёр талтай. БИ үзлийг хэтрүүлэх аваас хувиа хичээсэн “би л болж байвал, бусад нь хамаа алга” гэх маягын үзэл бодол нийгэмд газар авч нийгмийн сайн сайхан, бусдын төлөө гэсэн БИД үзэл үгүй болох хандлагатай. Ихэнх хүмүүс өөрийн хүчийг дундаас дээгүүр үнэлдэг. Өөрийгөө хэтрүүлж үнэлэх, эсвэл хэт доогуур үнэлэх нь бие хүний байр суурийг илэрхийлэхэд сөрөг нөлөө үзүүлдэг. Хувь хүний биеэ авч явах байдал, хандлага, зан үйл нь нийгмийн хөгжилд шууд нөлөө үзүүлж байдаг. Тиймээс хүн бүр өөрийн онцлог давуу талаа бодитоор зөв үнэлж, өөрийгөө дайчлан, нийгмээ хөгжүүлж, улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл санаагаа чилээгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байнаа.

Д.Ундрах

Эх сурвалж: www.grandnews.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.