Зүү ороож, урласан даалин хамгийн үнэ цэнэтэйд тооцогддог

2017 оны 07-р сар 09-нд 11:33 цагт
Мэдээний зураг,

Эрчүүдийн гоёл буюу нэгэн гангараа нь даалин юм. Даалингийн хэмжээс нь бага, дунд, их гарын гэж ангилагдах ба 26-54 см байдаг. Эртнээс нааш монголчууд нүүдлийн соёл иргэншлээ даган үйл хөдлөл, харцаараа олон зүйлийг өгүүлж илэрхийлж ирсэн бөгөөд хойч үедээ өвлүүлэхийг хүссэн түүх дурсгал, өв соёл нь эдэлж хэрэглэж буй ахуйн бүхий л зүйлдээ нэвт шувт шингэсэн байдаг өвөрмөц онцлогтой.

Түүний нэг нь даалингийн урлал бөгөөд түүхийн урт хугацаанд урлагийн бүтээл болтлоо хөгжжээ. Даалинг урлах материалд торго гол үүрэгтэй ба зуун хувийн торгон дээр зүү ороож урласан даалин хамгийн үнэ цэнэтэйд тооцогдоно. Зүү ороож дөрвөн хүчтэн урласан даалин, найман тахилтай зүү ороож урласан даалин, бат бөхийн бэлгэдэл Батноров хатгамалтай даалин гэх мэт олон янзын хийц урлалтай даалингууд бий.

Даалин дээр голдуу өлзий хээ урладаг. Өлзий хээ нь өлзий дэмбэрэл тасралтгүй үргэлжлэхийг бэлгэддэг. Хас хээ бүхий даалинг төрийн хүн голдуу хэрэглэдэг ба номонд мэргэн байхыг бэлгэддэг. Зоосон хээ нь дотроо суман хээтэй, суман хээний дотор талд нар, сар, од мичидийг бэлгэдсэн дугуй хээтэй бөгөөд энэ нь өсөн дэвжиж мандан бадрахыг бэлгэддэг. Өлзий хээний буланд буй хээ нь дөрвөн зүйлийг нэгтгэдэг. Аав, ээж, хүү, охины нэгдэл буюу гэр бүлийн бэлгэдэл болно. Булангийн хээнүүдийг дан дангаар хагасалж урлах нь буй бөгөөд энэ нь хорвоо ертөнц сайн муугийн нэгдэл бөгөөд түүнийг зөөлрүүлэх гэж аргадаж ирсэн ард түмний оюун бодлын илэрхийлэл болдог аж. Алхан хээний тухайд алхаж гишгэхдээ өлмий нь бат оршиж, алдаа эндэлгүй байхыг бэлгэддэг байна. Дөрвөн хүчтэнд тэнгэрийн хоёр хүчтэн, газрын хоёр хүчтэнг дүрсэлдэг бөгөөд тэдгээр хүчтэнгүүд нэгдэхээр дөрвөн зүгийг эрхшээнэ. Өөрөөр хэлбэл, цаг хугацааг захирагч Дүйнхор бурханы эрхшээлтэй бөгөөд эл бурхан нь дөрвөн зүг, найман зовхисын эзэгнэн захирдаг аж.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.