“Даанч намайгаа зовоосон юмсан…” - Монгол бүсгүйн гайхамшигт чанар Монгол ардын дуунаа

Twitter Print
2018 оны 10-р сар 13-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

Монгол бүсгүй дуу аялана. Морин дэл дээр ч юм уу, малынхаа бэлчээрт ч юм уу дуу дуулдаггүй бүсгүй нэгээхэн бээр ч үгүй болов уу. Монгол ахуй нь, нүүдэлчний амьдрал нь түүнийг дуучин болгодог увьдастай  юм уу даа. Түүний дуунд жаргал зовлон, баяр гашуу, учрал хагацал гээд хорвоогийн эрээн бараан, амьдралын бүхий л өнгө аяс тэр чигээрээ шингэсэн ажээ. Шингэх шингэхдээ бүр үндэс ёзоороороо уусан шингэсэн юм байна.

Монгол бүсгүй даан ч цайлган, даан ч өгөөмөр, цаад наадыг бодох хэр сэр гэж байхгүй, итгэлээ л бол гүйцэх нь тэр. Өгүүлсү.

Монгол бүсгүй дуулж байна.

Ган төмөр нь гайгуй дээ

Галынхаа аясыг дагана даа

Ганихарсан сэтгэл гайгуй дээ

Хүүгийнхээ аясыг дагана даа. (“Ган төмөр”)          

Хайр сэтгэлийг ган төмөртэй зүйрлэвч аль алин нь уярдгийг уг нь гүн ухаанаар боловч ардын ярьдгаар хар ухаанаар ухаарчээ гэлтэй. Хайр дурлал гэдэг үнэхээр хүчтэй, хүүгийн аясыг өөрийн эрхгүй дагуулна. Ийнхүү хүүгийн аясыг дагасан бүсгүй дуулж байна.

Төрсөн биеэ чамдаа тушаалаа

Түшээд авна уу, түлхээд хаяна  уу, өөрөө мэд. (Хоёр сэтгэл)

Гайхалтай. Энэ бүсгүйд хайртай хүнтэйгээ л ханилж байвал хойчийн амьдрал юу болох нь огт падгүй. Хэдийвээр “түшээд авна уу, түлхээд хаяна уу” гэж дуулж байгаа хэдий ч түлхээд хаяхгүй гэсэн гэгээн итгэл дүүрэн байгаа нь мэдээж. Хайр сэтгэлд эргэлзээ гэж байдаггүй нь гачлантай. Ийм гэнэн цагаан бүсгүй цаад нөхрийнхөө ханхар цээжийг нь түшин, өрхний нь оосрыг татаж, голомтонд утаагүй улаан галаа түлж, уураг болсон улаан цайгаа даргиулж, үнэрлэх үр хүүхдийг нь төрүүлж амьдрах дэврүүн хүсэлдээ хөтлөгдөн баярлаж, хөөрхөн биеэ тушаадаг нь энэ дуунаас харагдана.

Тэгээд бүсгүй дуулж байна аа.

Манантай юу өдөр байна аа, харанхуй болно оо, хө.

Манан будан арилаад ирвэл тунгалаг болно оо, хө

Мянга түмэн олон хүний дундаасаа

Миний зүрхний бяцхан тэр минь хосгүй үнэнч ээ, хө. (“Хоёр сэтгэл”)

Ганцхан түүнийхээ өвөрт жаргана гэж ирсэн бүсгүйн хувьд зүрхний баяцхан тэр нь “хосгүй үнэнч” байхаас илүү гайхамшиг гэж юу байх билээ. Энэ бол бүсгүйн насны мөрөөдөл. Гэтэл амьдралын харгуй шулуухан бус. Хаашаа эргэхийг хэн ч үл таах.

Талд унасан жавар болбол

Ташуур алдам хүйтэн жавар аа.

Танхил өссөн намайгаа болбол

Тархийг нь эргэтэл загнаад яах вэ (“Талд унасан жавар”)

Хайрттайгаа ханилан, гагцхүү ертөнцийн жаргалыг эдлэхээс өөрийг бодолгүй, янаг дурлалын галаар шатаж ирсэн танхи бүсгүй амьдралын хайрууг биеэр үзэх нь тэр. Хөөрхий бүсгүй “ташуур алдам” жавар дундуур ажилгүй, залхуугаараа дуудуулан хараалгаж байгаа бололтой.

Бүсгүй дуулж байна аа.

Жороо сураагүй морийг болбол

Жолоогий нь татаад юугаа хийх вэ.

Зовлон үзээгүй намайгаа болбол

Зодож жанчаад юугаа хийх вэ. (“Мөн тэнд”)

Хархүүгийн сэтгэл нэгэнт хөрчээ. “Зовлон үзээгүй” хүний эрх үрийг толгой түрүүгүй загнах багадаад бүр  гарын шүүс идүүлэх болов. Аймшигтай! Гэвч бүсгүй төрхөмдөө буцна гэж туйлсангүй. Намайгаа зодож занчаад юугаа хийх вэ гэж хонгорхон сэтгэлээсээ гуйн дуулж байна. Энэ бол монгол бүсгүйд л байдаг зан. Тийн зодож нүддэг нь юуны эхлэл бол, тэр хархүүгийн хувьд?

Бүсгүй дуулж байна аа.

Сэлбэ голын маань ус нь ээ

Сэмжирч цэнхэртээд байна уу даа.

Сэтгэлтэй чиг хайртай үр чамайгаа

Сэвтэнэ ч гэж ай ай санасангүй дээ (“Гандан уулын цэцэг”)

Тэгэж таарна аа! Сэтгэлтэй “үр”-ийнх нь сэтгэл сэвтсэн байжээ.

Бүсгүй дуулж байна аа.

Хар торгон хамжаарыгаа, хө

Харанхуй шөнөөр шаглаад оёсон юм аа, хө.

Хаяад явахыг чинь мэдсэн бол доо, хө

Хайран ч оёод өгсөн арван хуруу минь.

Ай хө, чи минь явчихаар яах юм бэ (“Хар торгон хамжаар”).   

Унтах нойроо хугаслан байж, санаж сарвайх хайртай хүндээ цайных нь хувцсыг гараа гарган хийж өгтөл цаадах нь хаяад явчих гээд байдаг. Гэвч хараахан яваагүй бололтой.. Хар торгон хамжаарыг арван хурууныхаа урыг гаргаж хийсэндээ ч бүсгүй харамссан нь юу бол. Гагцхүү түүнийгээ явчих нь гэдэг харуусал сэтгэлийг нь бөглөрүүлнэ. Бөөн хар юм цээжин дотор нь зангираад түүнийг амар заяа үл үзүүлнэ.

Бүсгүй дуулж байна аа.

Бор торгон хамжаарыгаа хө

Бороотой шөнөөр шаглаад өгсөн юм аа, хө

Буцаад ирэхгүйг чинь мэдсэн бол доо, хө

Хайран ч оёод өгсөн арван хуруу, минь.

Ай хө, чи минь явчихаар яах юм бэ? (“Мөн тэнд”)

Ханийнхаа хэзээ ч эргэж ирэхгүйг бүсгүй сая мэджээ. Тэр эр ханийнхаа халуун сэтгэлээ шингээж шагласан хамжаарыг өмсөөд алга болж байдаг. Бүсгүй өөр хүнд гоё харагдах гоёог нь хийж өгөөд явуулж байдаг. Хувцас бурхан бие чөтгөр гэдэг билээ. Энэ бүсгүй “буцаад ирэхгүй”-г нь мэдсэн байлаа ч гэсэн бор торгон хамжаарыг оёод л өгөх байсан. Зүрхнийхээ шимшрэлийг дарахын тулд арван цагаан хурууныхаа өндгийг шивж өвтгөж байгаад оёж өгөх байсан. Монгол бүсгүй зан тийм юм.

Бүсгүй дуулж байна аа.

Цастай уулынхаа чимээг

Чагнаж яаж, ай ай, сонсох вэ дээ.

Чамайгаа явчихыг мэдсэн бол

Чавганц болох минь яалаа даа  (“Гандана уулын цэцэг”).

Аяа, сэтгэлийнхээ гунигийг үүнээс илүү яаж илэрхийлэх. Хорь гаруйхан ч юм уу, гуч гаруйхан ч юм уу, бүсгүй чавганц болохсон гэтлээ сэтгэлээр унана гэдэг. Гэтэл нөгөө хүн нь ойлгохгүй. Уураг цээжний хагацалд учирч уйтгар гунигт автсан бүсгүй нэг зоригловол үсээ хусуулж чавганц болохоо ер ядахгүй. Энэ нь аргаа барсан хүний охин үрийн орь дуу юм даа.

Бүсгүй дуулж байна аа.

Дан дээлтэй гарсан юмсан

Даараа болов уу, яагаа бол

Даан ч намайгаа зовоосон юмсан

Жаргаа болов уу, яагаа бол? (“Задгай цагаан үүл”)

Хачин аа! Өөрийг нь хүний мөсгүйгээр хаяад ум хумгүй алга болсон цэвдэг сэтгэлтэй нөхрийн хойноос “даарсан эсэх”, “жаргасан эсэх”-эд зовоод баймааргүй мэт. Гадныхан аягүй бол хар ус хойноос нь цацаа. Гэтэл монгол бүсгүйн хувьд бол огт тийм бус ажээ. Тэр байтугай “хөөрхий намайгаа зовоосон юмсан” гэж цаадхыгаа өрөвдөж байх жишээтэй. Өрөвдөхөөр барахгүй даарсан хөрсөнд нь, жаргасан цэнгэсэнд нь өр нь өвдөж сууна. Энд хүн мөс, хувиршгүй хайр, уужим сэтгэл гээд хүний бүх гайхамшигт чанар цогцолсон байна. Тэр бүү хэл, нулимсаа барж сууна.

Бүсгүй дуулж байна аа.

Задгай цагаан үүл нь болбол

Заавал борооны үүл үү дээ.

Зангираад гардаг нулимс нь болбол

Заавал янагийн нулимс даа (“Мөн тэнд”).

Тэр бүү хэл, нулимсаа барж сууна. Эрэвгэр алаг нүдний дэрэвгэр сормуусан дээр бөнжийх сувдан дусал, эсбөгөөс жимсэн улаан хацрыг даган бөмбөрөх сувдан хэлхээ мөнгөрч харагдана. Гэвч энэ бол шорвогийн шорвог нулимс. Тэгээд зүрхэндээ хурсан уйг эгшиг яруухан, ялдам гэгэлхэн дуугааараа илэрхийлэхээс өөр арга түүнд олдсонгүй. Зүрхний тэр маань тэндээ жаргаагүй бол эндээ эргээд ирдэггүй юм байгаадаа гэсэн давхар өнгө сонсогдоод байна.

Мөн ч уужуухан сэтгэл шүү. Иймэрхүү нэгэн түүхийг оточ Баатар надад ярьж өгсөн. Энэ Дорноговь аймагт болсон явдал гэнэ. Х… гэдэг эмэгтэй байж. Гэтэл нөхөр нь хамаг юм хум, хувцас хунараа авч богцонд хийж ганзагалаад баруун хойш мордоод явчихсан гэнэ. Х ганц ч үг дуугарсангүй, хойноос нь харсаар хоцорч. Гэтэл хориод хоноод нөгөө нөхөр баруун хойноос бөг бөг шогшсоор ирж. Х мөн л ганц үг ганхийсэнгүй. Нөхөр жаахан хулгасхийсэн байдалтай авч хоймроо гараад л сууж. Тэр хоёр одоо болтол сайхан амьдарч байгаа гэнэ.

Бүсгүй дуулж байна аа.

Авааль нөхөр Алтансүх минь

Амбан хошууны албанд мордоод

Амьд үхсэний сураггүй

Арван гурван жил болов оо.

Өдий олон жилийн дотор

Эндүү зөрүү явсан бол доо, хөө

Өндөр дээд тэнгэр намайг

Өршөөл үгүй ниргэг дээ, хөө (“Алгирмаа”).

Арван гурван жил. Хүний амьдралын бүхэл бүтэн нэг орчил. Гэвч бүсгүй амраг ханиа хүлээсээр. Үхсэн амьд нь мэдэгдэхээ байсан ханьдаа “энгэр цоож”-тойгоор ямаршуухан үнэнч байгаагаа юутай бардам илэрхийлнэ. Тийм ээ, “өндөр хөх тэнгэр”-ийнхээ нэрийг барин өчиж байна. Энэ нь заримынх нь хувьд тийм ч амар бус байж мэднэ. Гэвч монгол бүсгүйн алтаар ч цэгнэшгүй чанар тэр гэж энэ хэдэн мөрийг тэрлээч ч бардам хэлсү.

Монгол бүсгүйн гайхамшигт сэтгэл рүү өөрийнх нь  дуугаар дамжуулан өнгийвөл ийм буюу.

Хатагин Го. АКИМ

2013. II. 05, Энхсаран” сувилал

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.