Ясны сийрэгжилт ба кальцийн хэрэглээ

Twitter Print
2018 оны 05-р сар 17-нд 14:32 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар ясны сийрэгжилт эмэгтэйчүүдэд эрчүүдээс тав дахин илүү тохиолддог. Тухайлбал, цэвэршилтийн дараах 50-59 насны нийт эмэгтэйчүүдийн 14 хувь, 60-69 насны эмэгтэйчүүдийн 22 хувь, 70-79 насны эмэгтэйчүүдийн 39 хувь, 80-аас дээш насны эмэгтэйчүүдэд 70 хувьд нь ясны сийрэгжилт үүсдэг байна. 

Ер нь 50-иас дээш насны эмэгтэйчүүд, 70-аас дээш насны эрэгтэйчүүд ясны сийрэгжилтийн эрсдэл өндөртэй бүлэгт хамаарагддаг. 

Ясны сийрэгжилт гэж ямар өвчин бэ? 

Ясны сийрэгжилт гэдэг нь кальци, магни, фосфор гэх мэт микро элементүүдийн дутагдлын улмаас ясны эдийн бичил бүтэц алдагдаж ясны эрдсийн нягтрал багасан, хэврэгшиж жин буурч улмаар хугарах эрсдэл үүсдэг эмгэгийг хэлнэ. Энэхүү өвчин нь ясны матрикс болон эрдэс бодисыг устгадаг. Биеийн эд эс болон яс байнга шинэчлэгдэж байдаг боловч 30 наснаас хойш ясны бүтэц хэвийн сэргээгдэх чадвараа алддаг. Ясны бүтэц сийрэгжиж хэврэг эмзэг болдог.

Ямар шалтгаанаас болж яс сийрэгждэг вэ?

Кальци болон фосфор нь ясны хэвийн төлжилтөнд нэн чухал эрдэс бодис юм. Хүүхэд байх үед тань таны бие эдгээр эрдэс бодисыг ашиглан ясаа төлжүүлдэг байна. Хэрэв та хангалттай кальци авдаггүй эсвэл таны бие хоол хүнснээсээ хангалттай кальци шингээж авдаггүй бол ясны төлжилт хэвийн бус болно.

Насжих тусам кальци болон фосфор нь яснаас биед шингэдэг. Энэ нь ясны эдийг хэврэг болгодог аж. Үүнээс болж гэмтэл учраагүй байхад хугардаг, хэврэг, бутархай яс үүсдэг байна. Ихэнхдээ уг өвчин нь аажмаар үүсдэг. Ихэнх тохиолдолд өвчтөн өвчин үүссэн гэдгийг мэдэхээс өмнө хугаралтай болсон байдаг. Хугаралтыг илрүүлэх үед өвчин хүнд үедээ орсон байх бөгөөд маш их гэмтсэн байдаг. Ясны сийрэгжилт нь анхдагч болон хоёрдогчоор үүсдэг. 

Анхдагчаар үүсэх шалтгаан нь удамшлын нөлөө, намхан, жин багатай байх, 50-аас дээш насны хүмүүс, эмэгтэйчүүдийн эрт цэвэршилт, дааврын өөрчлөлт, олон буюу эсвэл цөөн хүүхэд төрүүлэх, удаан хугацаагаар хүүхэд хөхүүлэх, үргүйдэл, амьдарлын зөв хэв маяг алдагдах, идэвхгүй байдал, хөдөлгөөн багатай байх, тамхи татах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хоол хүнснээсээ хангалттай калци авч чадахгүй байх зэрэг орно.

Хоёрдогч шалтгаан нь бодисын солилцоо алдагдах, дотоод шүүрлийн булчирхайн өвчнүүд үүнд бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай, бэлгийн булчирхайн үйл ажиллагааны алдагдал, мөн чихрийн шижин, үе мөчний суурь өвчнүүд, ходоод, гэдэс, элэг цөсний өвчин, цусны өвчнүүд, эмийн замбараагүй хэрэглээ, ялангуяа гормоны бэлдмэлүүд удаан хугацаагаар хэрэглэх зэрэг нь гол шалтгаан болно.

Ясны сийрэгжилтийн үед илрэх шинж тэмдэг юу вэ?

Ясны сийрэгжилт нь маш удаан аажуу явцтай байдаг учир хэзээ сийрэгжилт эхэлснийг тодорхойлох боломжгүй байдаг. Эрт үеийн шинж нь калци дутагдлын шинж болох амархан ядрах, цочромтгой болж, нойр муудах, дархлаа суларч ханиад томуугаар өвчлөмтгий болох, үс салаалж унах, хумс хугарамтгай болох, шүд сулрах шинжүүд илэрнэ.

Нилээд даамжирсан үед булчин татах, яс цээж бүсэлхий нуруугаар чилэх янгинаж өвдөх, хүний өндрийн хэмжээ 1-1,5 см-ээр намсах, нуруу бөгтийх шинж илэрч, явдал өөрчлөгдөнө. Хожуу үед нь ясанд өвдөлт өгч, хэлбэр алдагдаж эхэлдэг. Жишээ нь өвчтөн нуруугаар хөшиж өвдөх, булчин чангарах, нуруу овойх, эсвэл явах суух үед болон жижиг гэмтлийн дараа нуруугаар гэнэт хүчтэй өвдөх зэрэг зовиуртай байдаг, ингээд рентген зураг аваад шалгаж үзэхэд нурууны яс шахагдаж хугарсан байдаг. Мөн бага зэрэг хөдөлгөөний ачаалал болон унах төдийд дунд чөмөгний хүзүүвч, гарын шууны яснууд амархан хугардаг.

Калци хүний бие махбодид ямар үүрэгтэй вэ?

Калци хүний бие махбодид олон чухал үүрэгтэй. 

1. Мэдрэлийн сэрэл дамжихад оролцдог.

2. Зүрхний импульс дамжихад оролцдог.

3. Шөрмөс болон булчингийн агшилтанд оролцдог.

4. Ясны бат бэх байдалд оролцдог.

Яс сийрэгжилтийг яаж оношлох вэ? 

Ясны сийрэгжилтийн үед ясны рентген зураг, ясны томограф, MRI шинжилгээгээр ясны сийрэгжилтийг тодорхойлох, ясны жинг денситометрийн аргаар хэмжих, цусанд кальци, витамин Д, бусад микро элемэнтийг тодорхойлж оношлох боломжтой байдаг. 

Яс сийрэгжилтийг яаж эмчлэх вэ? 

Эмчилгээний ерөнхий зарчим нь өвчнөөс үүдэх өвдөлтийг намдаах, сийрэгжилтийг удаашруулах, зогсоох, ясыг бэхжүүлэх эмчилгээ хийж хугарлаас сэргийлэх, хугарал үүсгэх эрсдлийг багасгах юм. Үүнд:

-Архи, тамхи гэх мэт хорт зуршлуудаас татгалзах. Унахаас сэргийлэх. 

-Амьдарлын зөв хэмнэл, дадалтай байж, араг ясыг нэлэнхүйд нь хөдөлгөөний идэвхтэй байдалд байлгаж, тодорхой хэмжээний ачааллуудыг зөв аргаар өгдөг байх. Үүнд: эрүүл агаарт алхах, аялах хөдөлгөөнт тоглоомоор тоглох, спортоор хичээллэх, бүжиглэх. Хугарал үүсгэх эрсдэлтэй дасгал хөдөлгөөнөөс зайлсхийх хэрэгтэй.

-Эрүүл, экологийн зүй зохистой хангалттай хоол тэжээл тогтмол хэрэглэдэг байх. Үүнд амин дэмээр баялаг бүтээгдэхүүнүүд багтана. 

Кальци агуулсан хүнс: Бүх төрлийн байцаа, броколли, бууцай, шинэ ногоонууд, бүх төрлийн самар, бүтэн үрээр хийгдсэн хүнснүүд хар талх, хатаасан жимс, бяслаг, сүү цагаан идээ, жүржийн шүүс, дүүпүү, хулд загас (яргай загас), халва, оливын тос гэх мэт.

Харин 30 наснаас дээш сүү уух нь өтгөн хатаах аюултай гэдгийг санаж яваарай. Энэ насныхан сүүг боловсруулдаг ферментийн хувьд асуудалтай болсон байдаг. Сүүний оронд тараг уусан нь дээр гэж зөвлөмөөр байна.

Кальцийг биед задалж шингээж өгдөг гол зүйл нь витамин D юм. Витамин D-гүй кальцийг ууснаас уугаагүй нь дээр. Учир нь хичнээн кальци уугаад биед шингэж тэжээл болохгүй. Зүгээр л шээс болоод гарчихна. Харин D болон кальцийг тодорхой орц нормын дагуу авсан тохиолдолд кальцийн шимэгдэлт сайжирч бөөрний ачааллыг хөнгөвчилдөг байна.

Витамин Д агуулсан хүнс: Яргай загас, өндөгний шар, загасны тос, витаминжуулсан сүү орно. 

Нар хоргүй үед зуны цагт 10-15 минут наранд биеэ шарах нь D витаминыг арьсаараа авах нэг арга юм.

D3 витамины өдрийн норм: Хүүхдэд 400 МЕ, насанд хүрэгчдэд биеийн байдлаас шалтгаалан 200- 600 хүртэл. 50 хүртэлх насанд 200-400 МЕ, 50аас дээш насанд 400 МЕ, 70 аас дээш насанд 600 МЕ.

Өвлийн улиралд D витамин авах хэмжээг 50-60 хувь хүртэл өсгөх шаардлагатай.

-Эмчилгээнд кальци хоногт 1000-1500 мг, үүнтэй хавсран витамин D 800-1000 ME өдөр бүр, осталон 70 мг-аар долоо хоногт нэг удаа ууна. Энэхүү бэлдмэлийг хэрэглэснээр түнхний хугарлаас 50 хувь хамгаалж чаддаг гэж үздэг.

Осталоны үйлчлэгч бодис алендронат нь бисфонат бөгөөд энэ нь сонгомлоор сийрэгжсэн ясны эдэд очин сууж ясанд хамгаалах давхарга үүсгэн остеокласт эсийн өсөлт болон идэвхийг дарангуйлж ясны задралыг багасгана. Мөн остеобластыг идэвхжүүлж ясны төлжилтийг сайжруулна. Ингэснээр ясны эд буцаж төлжин ясны эдийн нягтрал ихсэж, ясны сэртэн таславчууд нь зузаарч хэвийн бүтэцтэй бат бэх ясны эд хэлбэржинэ.

Эмчилгээний үргэлжлэх хугацааг заавал мэргэжлийн эмчээр тогтоолгох шаардлагатай. Мөн бодисын солилцоо, цусан хангамж, тэжээлийг сайжруулах, биеийн дархлааг дэмжих эмчилгээг хавсран хийвэл үр дүн сайн. Цэвэршилтийн дараах үеийг зөв удирдах, шаардлагатай бусад эмчилгээг мэргэжлийн эмч нартай зөвлөж хийнэ.

Кальцийн бэлдмэл ихээр хэрэглэснээр ямар хүндрэл гарах вэ?

Ясны сийрэгжилтийн үед кальцийн бэлдмэл хэрэглэн эмчилж, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. Гэхдээ кальцийг хэрэглэхэд анхаарах зүйлүүд байдаг. Жишээ нь: Ямар төрлийн шимэгдэлтэй кальци сонгох, дээр нь кальцийг зөөдөг зөөвөрлөгч, ясанд бэхэлж нааж өгдөг бэхлэгч, шингээгч бэлдмэлүүдийг хавсран хэрэглэх ёстой. Мөн хэт ихээр зохицуулгагүй хэрэглэвэл ходоодны хүчил ихэсч, ходоод нарийн гэдэсний шархлаа үүсэх цөс бөөрөрөнд чулуу үүсэх, судас хатуурах, үений үрэвсэл хүндрэх талтай. Мөн ясны ургалт, шохойжилттой хүн кальци хэрэглэснээр ургалт шохойжилт улам ихэсдэг. Иймээс кальцийн бэлдмэлийг дур мэдэн бүү хэрэглээрэй.

Ясны сийрэгжилттэй хүмүүс юуг голлон анхаарах вэ? Яаж урьдчилан сэргийлэх вэ? 

Одоо өвөл болчихсон хүйтэн, хальтиргаа гулгаа ихтэй байгаа учир бэртэл гэмтлээс сэргийлэх, амьдарлын зөв хэв маяг, эрүүл хоол хүнс, чухал хэрэгцээт нэмэлт бүтээгдэхүүнийг нэмж зөв сонгон хэрэглэх, өөрт тохирсон байнгын дасгал хөдөлгөөн, цэвэр агаарт гарах, зуны улиралд үдээс өмнө наранд биеэ ээх, үе мөч ясны суурь өвчнүүд, зүрх судас, дотрын өвчнүүд, бодисын солилцоо, дааврын өөрчлөлтийг сайн эмчлүүлэх, мэргэжлийн эмчтэй холбоотой байж ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.

“Номиун” эмнэлэг ахлах зэргийн эмч Б.Ундармаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.