Н.Алтанхуягийг АТГ-аас яллагдагчаар татлаа

Twitter Print
2017 оны 01-р сар 26-нд 20:20 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Монгол улсын сүүлийн хоёр экс ерөнхий сайд ээлж дараалан АТГ-д дуудагдлаа. Өдөр Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны шалгалтын ажлын хүрээнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг гэрчээр дуудаж, хэрэгт холбогдоод байгаа албан тушаалтнуудын талаар тайлбар авсан байна. Одоогоор түүнийг яг ямар асуудлаар дуудаж, тайлбар авсан талаар албан ёсны мэдээлэл байхгүй ч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт тусгайлсан эрүүгийн хэрэг үүсгээгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв. Уг асуудлаар Ч.Сайханбилэг өөрөө ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан юм.

Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг 19 цагт АТГ-т мэдүүлэг өгөхөөр очлоо. Тэрбээр "Юу болж байгааг та нар харж байгаа биз дээ. Болдог юм болдогоороо л болж байна. АН-ын Их хурал болохын өмнөхөн, одоо АН-ын даргын сонгууль гурав хоногийн дараа болох гэж байхад гээд ийм үед АТГ-д дуудагддаг нэг ажилтай болоод байна, би. Би Монголын төрд олон жил зүтгэж байна. Ард түмнийхээ амжиргааг дээшлүүлчих юмсан, бүтээн байгуулалт хийчих юмсан гэж л зүтгэж явсан. Хувийн ашиг сонирхлоор нэг ч юм хийгээгүй. АН-ын дарга Н.Алтанхуяг болчихож магадгүй гээд нөгөө эдийн засгийн бүлэглэл чинь ухаан нь гарчих гээд өнөөдөр шөнө болсон хойно гэнэт дуудаад л ирлээ. АН-ын даргын сонгуульд эс оролцуулах эс бөгөөс гэмтэн болгож харагдуулах, манай намын гишүүдийн санал өгөхөд нь нөлөөлөх гэсэн ийм л оролдлого. Манай Ц.Элбэгдорж, Миеэгомбын Энхболд хоёр нийлээд сонгуулийн өмнө намайг яллагдагч болгоё гэсэн төлөвлөгөө хийсэн гэсэн. Намайг сунгаанд явж байхад таныг АН-ын даргын сонгуулийн өмнө эсвэл хойно нь барьж хорино гэж байсан. Таныг дуудаагүй юу гээд уулзалтанд ирсэн хүмүүс асууж байсан. Би ингэхийг нь ч мэдэж байсан. Өмнө нь ингэж цуурхал тарааж байгаад л дууддаг байхгүй юу. Үүнийг Худалдаа хөгжлийн банкаар овоглосон эдийн засгийн дээрмийн бүлэглэл хийж байгаа, ард нь хэн байгааг Монголын ард түмэн мэдэж байгаа. Монголын хамаг баялгийг сорчилж идэж байгаа бүлэглэлтэй үхтлээ тэмцэнэ. Надад хийсэн хэрэг, айх ял байхгүй. Монголын ард түмэн миний талд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна" гэлээ. 

Харин түүнийг хамгаалахаар АН-ын дэд дарга Ш.Батзандан тэргүүтэй хэсэг нөхөд нь АТГ-т очсон ч тэднийг хаалганы гадна гаргаад оруулахгүй байгаа юм. Ш.Батзандан "Энэ бол зохион байгуулалттай улс төрийн бүлэглэлийн хийж байгаа ажиллагаа. АН бол Монголын том нам. Иймд хууль хүчнийхэн түүнийг суллаж ардчилсан нийгэмд АН даргаа сонгох, сонгогдох эрхийг эдлүүлэх хэрэгтэй. Би АН-ын бүлгийн дэд даргын хувьд, АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд ийм хууль бус, бүлэглэлийн захиалгатай үйлдлийг эсэргүүцнэ. Үүний золиос болж буй Н.Алтанхуягийг хамгаалах болно" гэлээ.

АН-ын даргын сунгаанд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг дэмжигчид олон байгаа нь АН-ын дарга Н.Алтанхуяг болохоос айсан, өөрийн бүлэглэлийн хүнээ гаргах гэсэн ичгүүр сонжуургүй увайгүй үйлдэл болж байна гэж цахимаар "шуугиж" байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.