“Намаа алсан” З.Энхболд шийтгэлээ өөрөө сонгох уу, АН-ынхан!

Twitter Print
2017 оны 01-р сар 26-нд 09:54 цагт
Мэдээний зураг,

АН-ын “таван сумтан”-даа анхаараад намын даргаа мартчихаж. Наад таван нөхөрт чинь “сум” өгсөн тэр том дарга л өдийг хүртэл намаа ялагдуулсан, нэр хүндийг нь унагасан хариуцлагаа ямар аль хэлбэрээр хүлээх, товчхондоо яаж шийтгүүлэхээ  өөрөө сонгоод байх юм. Бүр даапаалж ирээд “Би намын даргын ажлыг нь өгчихсөн. Хийхгүй байгаа. Хэн ирж авах бол гээд хүлээгээд л байгаа шүү дээ” гээд ярьж сууна. Ардчилсан намын дарга хэн бэ гэвэл яг энэ цаг мөчид З.Энхболд л гэнэ. Тэгэхэд ингэж намаа, намын гишүүдээ доромжилж, басамжилж болдог юм уу. 

АН-ын даргад өрсөлдөж буй “таван сумтан”-аас авсан таван сумаа өгсөн эзэн рүү нь онилоод тавьчихаж чадах хүн байна уу. Та нар дахиад сонсоорой. УИХ-ын дарга асан З.Энхболд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуултад хариулж байхдаа “...Ч.Сайханбилэг АН-ын удирдлага биш шүү дээ”, “...Ч.Сайханбилэгийг АН-ын дарга болгосон бол Тавантолгойг хулгайлаад зугтчих гээд байсан”, “Засгийн газарын хуралдаанаар шийдэж байгаа асуудлаас хүссэнээ надад мэдэгддэг, хүсээгүйгээ нуучихдаг. Уг нь надад үзүүлэх ёстой” гэхчлэн ямар гээчийн уялдаа холбоогүй институциудын зодоон дунд бидний амьдарч байсныг гэрчлээд зогсохгүй намынхаа эрх барьж чаддаггүйн гайхамшигт давуу талыг тодотгон тайлбарлав. Ердөө хамтдаа хариуцлага үүрэхгүй юм шүү гэсэндээ л тэр. Тэр ч байтугай намаасаа томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг улстөрчийнх нь хувьд үнэлэхдээ “Яах нь вэ дээ, үгэнд ордог сайн залуу л гэе дээ. Гэхдээ буруу хүмүүсийн үгэнд ордог” гэж тодорхойлж байх юм. Энэ мэтчлэн түүнд таалагдах намынх нь гишүүн ховор аж. Бараг л Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр л хиргүй тунгалаг үлдэв шүү дээ. 

Тэгвэл гурав хоногийн дараа намын даргаа сонгох гэж байгаа АН-ын гишүүд халаагаа өгч байгаа намын даргынхаа хайртай хоёр “лидер”-ийг хэрхэн хардаг бол. Шударга ёс гэж байдаг бол, энэ улс оронд хууль үйлчилдэг бол арай өөр нүдээр хардаг байх гэж найдъя. 

Хамгийн эхний ажил нь өмнөх даргадаа хариуцлага тооцох явдал гэдгийг ч дахин сануулъя. Тэр өөрийн хүслээр, би ялагдуулсан юм чинь намын даргын ажлаа л өгч хариуцлага хүлээнэ гэж бардамнах, басамжлах хэрэггүй. Өөрт чинь яаж итгэж сонгосон билээ, АН-ын гишүүд. Түүнийг хүндэтгэ! Ардчилалд хайртай хэн бүхэн түүнийг Намын төв байрных нь өмнө зогсоогоод өндөг шидэж шийтгэнэ гэх нь үү. Намаасаа хөөе гэх нь үү, АН-ын гишүүдийн сонголт, үүнийг хариуцлага хүлээнэ, шийтгэл үүрнэ гэдэг юм. 

Түүнээс биш хулгана шиг хөеөгөө бэлдэж байгаад худал инээж тамгыг нь шидчихээд буруу хараад алхчихна гэж байгаа бол үүнийг хариуцлага хүлээлээ гэхгүй. Дараагийн дарга нь ирж аваг гээд хүлээж сууна гээд инээж байхыг АН-ын ямар гишүүн түүнд зөвшөөрсөн юм бэ. АН-ын даргад өрсөлдөөд Н.Алтанхуягийг ч бардаггүй, зөвхөн мөрөөдөж л чаддаг, УИХ-ын гишүүн болох гэж тангараг өргөх өдрөө хүлээж суусан тэр З.Энхболд энэ хэдхэн жилд яасан их өөрчлөгдөө вэ. Үүнийгээ намын өөрчлөлт шинэчлэлт гэж бодоод байгаа юм болов уу. 

Тэр одоо олигархийг таньдаг болж. Олигархийн гар хөлийг ч таньдаг гэнэ. Яагаад тэгвэл хуулийн байгууллагад бариад өгөхгүй дараад л, мэдээд л суугаад байсан хэрэг вэ. Зурагт үздэггүй, олигарх таньдагаараа тэр нэг хүнтэй маш адилхан. Гэхдээ “Зурагт үзэлгүй уджээ” гэдэг нь тэдний хувьд нам нэгтнээ намнасан үедээ хэрэглэдэг башир заль. Одоогоор намын гишүүдийн итгэлийг хүлээж төрийн өндөр албан тушаал эзэгнэж байгаад намаа ялагдуулсан намын даргын хувьд тэр яриад байгаа 180 мянган гишүүнээ хүндэтгэх, дараагийн даргад ажлаа өгөх мөчийг дуустал тэр цаг наргүй ажиллаж байх ёстой. Тийм үүрэг хариуцлагыг мартаж болдоггүй юм. Гэтэл өнөө тавын нэг нь үлдсэн дөрвөө муулсан нэвтрүүлэг телевизээр цацуулсан бол хасах ёстой, тийм дүрэм журамтай гэж яриад сууж байж таарахгүй. Энэ мэтээр АН-ын эв нэгдлийн төлөө зүтгэдэг байсан Н.Алтанхуягийг задлахын төлөө задалж суудаг З.Энхболдоор “сольсон” нь буруу байжээ. Таван өрсөлдөгч үлдээсэн нь ч түүний буруу. Намаа хоёр талцаж болох байсныг таван тал болголоо. Яагаад Их хурал дээрээ цэгцлээд тунгааж хоёрыг нь өрсөлдүүлж болоогүй юм бэ. Яагаад АН-ын дарга болох хүн мөнгө цуглуулах ёстой юм бэ. Улайд цуглах хэрээ адил эрээ цээргүйгээр мөнгө авчирч уралдаж байж дарга болно гээд намаа “тасчиж” хаяхыг хэн түүнд зөвшөөрөв, үүнийгээ яасан эвтэйхэн гоёор тайлбарлана вэ.  

Энэ бүхэн намын даргатай холбоотой. “Яг үнэндээ АН-ын эв нэгдэл, тогтвортой, бат бөх байдлыг асуудлыг хөндвөл Бүгд Найрамдах Нам чинь харин Капитрон банк шиг ямар ч асуудалгүй тогтвортой, жигд оршин тогтноод зөв яваа юм шүү” гэж зарим хүний хэлдэг тун ч ортой шүү. Намаа атгасан шагай шиг байлгаж чадсан нь чухал гэдэг талаасаа “хэр өндөр эрх мэдэлд хүрэв” гэдэг нь улс төрийн хүрээнд ашиг сонирхол бүхий эрэмбийн асуудал. Гэтэл фракцийн тоо нэмэгдээд, элдэв клуб, санаачилгууд нэмэгдээд байгаа нь АН эрүүлжих бус харин ч эдгэшгүй хүндээр өвчилснийх бус уу. Үүнийг эмчлэх ерөндөг нь хариуцлага тооцох явдал. Үүнийг “өвчтөн”-үүдийн, эсвэл “өвчлүүлэгчдийн” нэг өөрөө сонгодоггүй юм. Монголын ард түмний харж, хайрлаж, итгэж явдаг энэ том намыг тэр өндөрлөгөөс бяц шидэж “алчихаад” би дарга болохгүй байж л шийтгүүлье гэнэ ээ. Энэ бол ардчилал биш. Ардчилсан намын даргад тохирох шийтгэл, хариуцлагын хэлбэр бүр ч биш.

Нийтлэлч У.Оргилмаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (202.72.246.134) 2017-01-26 11:35
      • 0
      • 0

      Demjij baina.Namaa alsan hariytslagiin ihenh hyviig darga l huleeh uchirtai.

      Хариулах