Алдуурсан үнэн

Twitter Print
2017 оны 01-р сар 25-нд 17:48 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын лидерүүдийн нэг Норовын Алтанхуягийн ажил, амьдралын тоололд хамгийн адармаатайд тооцогдох 2016 он улиран одов. Нам нь сонгуульд ялагдсан, өөрөө ч “өвдөг шороодсон”, дотнын нөхөр нь шоронд, ийм нэгэн Н.Аятанхуягийн нэр Монголын нийгмийн онцлох эрхмээр эрэмбэлэгдлээ.

Тэрбээр улс төрийн шуугиант амьдралын гогцоо болон торойж, хуйвалдаант төрийн хонгилд ганцаардан алхаж байгаадаа гутарсан, тэсэрсэн, тэгээд дахиад зоримог алхсан нэгэн жил байлаа. Төрд Монголын баялгийг сорчлон мөлжигсөд, ард түмний эрх ашгийг уландаа гишгэгсэд шигчихсэн тухай, нам дамнан хуйвалдагсдын бүлэглэл бодитой байгаа тухай УИХ-ын индрээс зоригтой дуугарсан анхны Ерөнхий сайд Н.Алтанхуяг л байсан. Ийм яриа зөвхөн Төрийн ордны гадаах гудамжинд замхардаг гэж тэр бүлэглэл тооцсон байж. Ерөнхий сайд болсон түүнийг бүлэглэлд нь элсэх учиртай гэсэн хүлээлтийн эсрэг НАптанхуяг ганцаараа зогссоныхоо шанд албан тушаалаа өгч, анд найз, дайртай гэр бүлийнхнээ хүртэл хэлмэгдүүлсэн. Ийм байгаадаа хулчийгаагүй тэрслүү он жилүүдийг Н.Алтанхуяг өөрийнхөөрөө тэрлэж, эрэлхэгээр туулж явна.

Н.Алтанхуягт ямар байсныг Төрийн тэргүүн Д.Элбэгдоржийн эсрэг дуулиан тарьсан зангиагүй мэдэгдлүүдийнх нь үг, үсэг бүрээс мэдэрч, бас цөхөрч цахиртсан хоолойноос нь түвэггүй тодорхойлж болохоор байв. Бүх зүйл өөрийнх нь эсрэг байхад зориглон дуугарч, галыг ганцхан өөртөө дуудсан тэр алхсаар, алхам бүртээ АН-ын олонхыг татан оролцуулж, сэтгэлийг нь олж, итгэлд нь эрч хүч нэмсээр байна. Ийнхүү АН-ын хувь заяа Н.Алтанхуягтайгаа хамт ээдэрсэн нэгэн жил ард шувтарлаа.

Оны сүүл сарын эхээр хуралдсан намынх нь их хурал АН засгийн эрх барьсан дөрвөн жилд юу болоод өнгөрснийг, сонгуульд яагаад ялагдсан шалтгааныг нэхэж, хариу нь чухал нэгэн тайлал болсон билээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан бодит үнэнийг АН-ын жирийн гишүүд, дэмжигчид асууж, чухам тэнд АН-ын 2016 оны цуврал ялагдлын шалтгаан оршсоныг тэд хамтдаа хүлээн зөвшөөрсөн юм. Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар хоёр жил ажиллах хугацаандаа аймгуудыг холбосон авто замыг сайжруулж, эрчим хүчний шинэтгэл, хотын түгжрэл, томоохон бүтээн байгуулалтууд, үйлдвэржилт, орон сууцны найман хувийн зээл, төрийн албаны хүнд сурталгүй шуурхай байдал гээд иргэдийн бухимдлыг төрүүлдэг олон асуудлыг бодитоор шийдсэн.

Шинэчлэлийн Засгийн газар тэлэлттэй эдийн засгаа хадгалах зорилгоор бонд гарган мөнгө босгож, дэд бүтэц, бүтээн байгуулалтыг дэмжих замаар эдийн засгийн эргэлтээ хэвийн хадгалъя гэсэн шийдвэр гаргаж, түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлсэн. Энэ шийдвэр үр ашгаа өгч, өмнөх Засгийн газрын “Чингис” бондоор босгосон нийт мөнгөтэй тэнцэх хэмжээний өрийг шинэчлэлийн Засгийн газар төлж барагдуулсан билээ.

Н.Алтанхуяг 2016 онд хамгийн зоримог шийдвэр гаргаснаараа онцгой. Тэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр 2017 он тийш зориг шулуудсан.Тэрбээр хоёр жилийн өмнө нөхөрлөлөөрөө барьцаалуулан, Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдын албаа хүлээлгэн өгсөн бол энэ онд гаргасан эрс шулуухан эл шийдвэрийнхээ барьцаанд, гэр бүл, эгч, дүүсээ эрүүгийн хэргийн сэжигтнээр тооцуулчихсанаа ч олонд зарлаад буй. Энэ бол түүний хувийн шийдвэр боловч үүнийг АН-ын нэгдмэл эрх ашиг, том зорилго болгон хувиргах туршлага хийгээд зангараг Н.Алтанхуягт хангалттай бий.

Яг одоо Н. Алтанхуяг өмнө нь зургаан жил хашиж, дөрвөн сонгуульд удирдан ялуулсан АН-ын даргын сонгуульд өрсөлдөхөөр болоод байгаа юм. Энэ нь АН-ын даргын суудлын төлөөх гэхээсээ намынхаа даргыг шударга сонгуулиар нэрлэх гэж буй шинэчлэлийг дэмжсэн алхам гэж түүнийг дэмжигчид олзуурхав. Ардчилал хаачив, ардчиллаа аваръя хэмээн хамгийн их бухимдал тээсэн тэр өөрөө үлгэр үзүүлэхгүй юм бол өөр хэн энэ намын ардчилал, шинэчлэлийн төлөө улайран зүтгэх билээ.

Одоо л хүмүүс Н.Алтанхуяг Төрийн ордны нэгээхэн хонгилд юун тухай зориглон дуугарсныг эргэцүүлж эхлээд байна. Тэгэхэд үнэмшилгүй мэт сонсогдсон түүний мэдэгдлийг намын нөхөд нь болон ард түмэн дэмжих боллоо. Н.Алтанхуяг хуулийн байгууллагад шалгуулж эхлээд яг таван жил болж байгаа юм. Шалгаж байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш олон нийтийн түүнд эргэлзэх, үл итгэх хандлага нэмэгдсээр, энэ нь түүний Засгийн газрын хийсэн ажлыг сааруулж дөнгөхөөр их хар хүч болсон билээ. Н.Алтанхуягаас Ерөнхий сайдын албыг нь л авчихвал түүнийг “алчихна” гэж бүлэглэл эндүүрчээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Н.Алтанхуяг ял сонссонгүй. Гэмт хэрэг хийсэн бол гэсгээлгүй хэлтрүүлэхээргүй, бүх зүйл түүний эсрэг байсан шүү дээ. Харин цаг хугацаа өнгөрөх тусам Н.Алтанхуягийн үнэн тодорч, ард түмний түүнийг харах өнцөг илүү өргөжин, дэмжлэг нь тэлсээр байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.