19 жилийн дараах Япон аваргын хүндэтгэлийн ёслолыг 18 мянган хүн үзжээ

Twitter Print
2017 оны 01-р сар 28-нд 16:20 цагт
Мэдээний зураг,

Японы сүмо бөхийн отгон ёкозүна Кисэносатогийн дохё-ири буюу дэвжээний ёслол өчигдөр /2017.01.27/ Токио хотын Мейжи сүмд болжээ. 19 жилийн дараах Япон аваргын энэ хүндэтгэлийн ёслолыг 18 мянга хүн үзэж сонирхсон байна.

1998 оноос хойш төрсөн анхны япон ёкозүнагийн ёслолд түүний харьяалагддаг Тагоноура дэвжээний сүмочид болох Такаяасү, Шохозан нар бараа болж, ёслол үйлджээ. “Ёслол алдаа мадаггүй болж өнгөрсний дараа л дотор уужирлаа. Сэтгэл санаагаа тайван байлгаж, эр зоригтой, хүчтэй байх гэж хичээсэн” хэмээн Кисэносато ёслолын дараа сэтгэгдлээ хуваалцсан байна.

Нэгдүгээр сарын хацү башёд 14 даваатай түрүүлснээр ёкозүна цолны болзол хангасан түүнийг Ёкозүнагийн зөвлөл дэмжиж, улмаар өнгөрсөн лхагва гаригт /2017.01.25/ хуралдсан Японы сүмогийн холбооны удирдах зөвлөлийн хурлаас батламжилсан юм. Ийнхүү 72 дахь ёкозүна Кисэносато Монголын их аваргууд болох Хакүхо, Харумафүжи, Какүрюү нарын хамт сүмогийн дэвжээг өнгөлөх болж байна.

Кисэносато ёкозүнагийн ёслолоо Үнрюү хэлбэрээр хийжээ. Ёкозүнагийн дохё-ири ёслолыг Үнрюү, Ширанүи гэх сүмогийн эртний аваргуудын нэрээр нэрлэгдсэн хоёр хэлбэрээр хийдэг аж. Үнрюү хэлбэрээр ёслол гүйцэтгэхдээ нэг гараа өргөж, нөгөө бүснийхээ тушаа барьдаг гэнэ.

Ёслолын үеэр Японы сүмогийн холбооны тэргүүн Хаккакү /зодог тайлсан ёкозүна Хокүтоуми/ 72 дахь ёкозүна Кисэносатод баяр хүргэхийн сацуу, сүмогийн үнэнч хөгжөөн дэмжигчдэд талархал илэрхийлжээ. Залуу ёкозүнаг дэмжихээр цугласан хөгжөөн дэмжигчдээс урам зориг авах нь гарцаагүй гэж Хаккакү хэлсэн байна.

Ёслолд мөн Кисэносатогийн эцэг, эх оролцжээ.

ЯПОНЫ МЭРГЭЖЛИЙН СҮМО БӨХИЙН 72 ДАХЬ ЁКОЗҮНА КИСЭНОСАТОГИЙН АМЖИЛТУУД:

-Таканоханагаас хойш хоёр башё дараалж 13 давсан анхны япон бөх

-Таканоханагаас хойш гурван башёд 38 давсан анхны япон бөх

-Таканоханагаас хойш гурван башё дараалан 12-оос дээш давсан анхны япон бөх

-Таканоханагаас хойш 10 башё дараалан 10-аас давсан анхны япон бөх

-Ваканоханагаас хойш жилийн туршид хамгийн олон даваа авсан анхны япон бөх

-Таканоханагаас хойш сүүлийн 90 барилдааныхаа 74-т нь давсан анхны япон бөх

-Таканоханагаас хойш сүүлийн зургаан башёд таван удаа 12-оос давсан анхны япон бөх

-Ваканоханагаас хойшхи анхны япон ёкозүна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.