Д.Хаянхярваа: Эрдэнэтийн 49 хувийг улсад буцааж авахаар боллоо гэсэн худал мэдээлэл

Twitter Print
2017 оны 01-р сар 23-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дараа нь бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцсэн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьсан Төрийн албаны тухай хууль мөн нэр бүхий гишүүдийн боловсруулсан хууль байгаа аж.

Бүлгийн дарга Д.Хаянхярваа “МАН-ын бүлэг улс төрийн бусад намууд болон Төрийн албан зөвлөлтэй ярьж байж Төрийн албаны тухай хуулийг чамбайруулж гаргах ёстой гэдэгт санал нэгдсэн. Зургаа, долоон удаагийн сонгуулийн үр дүнг харж байхад сонгуулийн дараа төрийн алба тогтворгүй болж байна гэдэгт хүн бүхэн санал нийлдэг. Тийм учраас төрийн албыг тогтвор суурьшилтай байлгахын тулд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байна” хэмээлээ. Мөн уг хуулийг хэрхэн шинэчлэх, санал дүгнэлтийг бүлгийн гишүүдээсээ авсан байна. Тиймээс ойрын үед УИХ-д өргөн барих аж.

Төрийн албаны тухай хуулийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Бид сонгуульд орохдоо төрийн албыг дархлаатай болгоно гэсэн зорилт тавьсан. Саяхан батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт мөн төрийн албыг тогтвортой болгох чиглэлээр тодорхой гурван заалт орсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад өнөөдөр бүлгийн хурлаар хэлэлцүүлж санал авлаа. Одоо мөрдөгдөж байгаа хууль маань долоон бүлэг 41 зүйлтэй. Шинээр боловсруулсан хууль 33 бүлэг 109 зүйлтэй том хууль болж байна.

Нэгдүгээрт энэ хуулиар төрийн албыг улс төрөөс аль болох хамаарал багатай болгоно. Ард иргэдээс ирдэг гол шүүмжлэл бол төрийн алба тогтворгүй байна. Сонгуулийн дараа өөрчлөгдөж байна. Үүнээс болоод төрийн албаны чадавхи муудаж байна. Тийм учраас төрийн албыг аль болох улс төрөөс ангид байлгаж, тогтвортой болгоход энэ хууль чиглэгдэж байна. Тухайлбал “шатлан дэвших”-ийг энэ хуульд гол болгож өгсөн. Яамны төрийн нарийн бичгийн дарга, агентлагын дарга хийх хүн бол төрийн албанд 16 жил ажилласан байх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Яамны газрын дарга хийх хүн бол доод тал нь найман жил ажилласан байх ёстой. Хоёрдугаарт төрийн албанд орж байгаа хүнийг хариуцлагажуулж өгч байгаа. Тухайлбал, төрийн албанд орох хүн онц хүнд гэмт хэрэг болон эрүү, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож өмнө нь шүүхээр ял шийтгүүлж байсан  бол төрийн албанд орохгүй. Нөгөө талаар хууль бус томилгоо хийх, энэ нь Төрийн албаны зөвлөл болон Шүүхийн байгууллагаар тогтоогдсон тохиолдолд тэндээс гарах хохирлыг шийдвэр гаргасан албан тушаалтан өөрөө хариуцна. Энэ бол төрийн албыг хариуцлагажуулж өгч байгаа. Гуравдугаарт нь төрийн албан хаагчдын ажлын үнэлгээг тодорхой болгож өгч байгаа. Тэдний ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, үнэлгээг тодорхой болгож өгч байгаа. Дөрөвдүгээрт нь төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг энэ хуулиар зохицуулж өгөхөөр оролдож байгаа” гэв.

Мөн Төрийн албаны чиглэлээр Засгийн газрын үүргийг нэлээн өргөтгөж өгсөн. Төрийн албаны зөвлөлийн эрх үүргийг нэмэгдүүлсэн. Тухайлбал, хууль бусаар халагдсан албан хаагчийн асуудлыг ТАЗ хүчингүй болгох эрхтэй. Өмнө нь хүчингүй болгох эрхийг зөвхөн шүүх шийддэг байсан.  Энэ мэтчлэн төрийн албыг хариуцлагатай, тогтвортой болгох чиглэлд хуулийн төсөл боловсруулж байна. Хуулийн төсөлд төрийн албаны үйлчилгээний чанарыг сайжруулахаар Олон нийтийн зөвлөл байгуулж байгаа. Олон нийтийн зөвлөл хараат бус байх аж.

Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Давосын эдийн засгийн чуулган боллоо. Энэ чуулган дээр Монгол Улс санхүүгийн хямралд өртөх эрсдэлтэй орнуудын жагсаалтыг тэргүүлсэн. Мөн улс төрийн тогтворгүй орнуудын жагсаалтын аман хүзүүнд байна. Энэ асуудлыг бүлгийн хуралдаанаараа ярьсан уу?

-Д.Хаянхярваа: Давосын чуулга уулзалтын талаар бүлгийн хуралдаан дээр тухайлан яригдаагүй. Энэ асуудал манай хувьд хүнд асуудал байгаа. Санхүүгийн хувьд бид өнөөдөр амаргүй байна. Гэхдээ бүхнийг хохирол багатайгаар даван туулах арга замуудыг УИХ-ын болон Засгийн газрын төвшинд хайж, ажиллаж байна. Гадаад улс орнуудтай банк, санхүүгийн чиглэлээр хамтарч ажиллахаар тодорхой яриа хэлцэл хийж байгаа. Нэн ялангуяа БНХАУ-тай харилцаагаа хэвийн хэмжээнд байлгахаар бүх шатандаа хэлэлцэж, нааштай алхмууд гарч байгаа. Эдийн засаг, санхүүгийн асуудлаа улс төрөөс ангид, популист цуурхлаас ангид байлган, төрийн нэгдсэн бодлогоор зохицуулж явах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Энэ асуудлаар МАН-ын бүлэг эдийн засгаа яаж тогтворжуулах талаар саналаа солилцоно.

-Нүүрсний үнийг 71.5 ам.доллар гэж хамгийн дээд ханшаар гэрээ байгуулж чадлаа гэж байна. Энэ нь манай эдийн засагт ямар ач холбогдолтой байх бол. Гэрээ байгуулахад үнийн асуудал ямар нөлөө үзүүлэх вэ?

-Засгийн газар шийдвэр гарган Тавантолгойн ордоос гарч байгаа нүүрсний үнийг тендэр шалгаруулан тогтоож, 71.5 ам.доллараар тогтоосон юм билээ. Өнөөдөр Тавантолгойн ордын төсөл хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх чиглэлээр гэрээ хэлцэл хийгдэж байгаа. Энэ үнийн дүн тодорхой төвшинд нөлөөлөхгүй болов уу. Засгийн газар өөрсдийн хувилбараа хэзээ оруулж ирэх асуудлаар ярилцсан.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр авах тухай мэдээлэл гарсан. Энэ талаар бүлгийн хуралдаанаар ярилцсан уу?

-МАН-ын дарга М.Энхболд Эрдэнэтийн 49 хувийг улсад буцааж авахаар боллоо гэсэн худал мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Өнөөдөр бүлэг дээр Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал яригдаагүй. 49 хувийг шалгах тухай асуудлаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ долоо хоногт тэр ажлын хэсэг зарчмын дагуу байнгын хороон дээр танилцуулна. Шаардлагатай гэж үзвэл УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулна гэсэн байр суурьтай байгаа.

Иргэдэд хандаж хэлэхэд Тавантолгой, Эрдэнэт үйлдвэртэй холбогдсон асуудлаар худал маягийн мэдээлэл нэлээд цацагдаж байна. Энэ худал асуудал манай гадаад дотоодын харилцаанд сөрөгөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл бүлэг шийдвэр гаргаад Эрдэнэтийн 49 хувийг буцаагаад авчих юм байна. Тавантолгойн төслийг 400 сая ам.доллараар худалдчих юм байна гэдэг худал мэдээллийг түгээснээр эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ.

-Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахдаа Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох уу?

-Д.Тогтохсүрэн: Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнийг гурван гишүүнтэй болгоно. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас томилдог байна. Гэхдээ энэ зөвлөл хугацаагүй томилогдоно. Зөвхөн хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгддөг болгох чиглэлийн өөрчлөлтийг хийхээр тооцож байгаа.

-Төрийн өмчит аж ахуй нэгжийн асуудлыг энэ хуулийн төсөлд тусгах уу?

-Төрийн өмчит аж ахуй нэгжийн асуудлыг энэ хуулийн төсөлд тусгахгүй. Зөвхөн төрийн захиргаа, улс төрийн албан тушаал, төрийн тусгай, төрийн үйлчилгээний  албан тушаалын хүрээний асуудлыг зохицуулах юм.

-Төрийн албаны шинэ хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Хэрэгжих хугацааны хувьд хэлэх боломжгүй. Энэ хууль бол их том хууль. Тиймээс хэлэлцүүлэг хийж төрийн албан хаагч, төрийн бус байгууллага, иргэдийн саналыг тусгана. Үүний дараа УИХ-аар хэлэлцэгдэнэ. Ингээд гарсны дараа хэрэгжүүлэх асуудал ярина. Хэрэгжиж эхлэхээс өмнө Хэрэгжүүлэх журмын тухай хууль гэж гарна. Тиймээс тодорхой үе шаттайгаар хэрэгжиж эхлэхээр төлөвлөж байгаа.

-Ирэх гуравдугаар сард 580 сая ам.долларын бондын төлбөр төлнө. Үүнийг хэрхэн төлөх вэ?

-580 сая ам.долларын бондын төлбөр хэрхэн төлөх асуудлаар бүлэг яриагүй. Ерөнхий сайдын өгсөн мэдээллээр бол хугацаанд нь төлнө гэж байгаа. Тэгэхээр бондын төлбөрийг хугацаанд нь төлөх чиглэлийн үйл ажиллагааг Засгийн газрын зүгээс хийж байгаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ой гутмаар

      (202.179.16.93) 2017-01-23 16:57
      • 0
      • 0

      Эрдэнэтийн 49%-ийг МАНАН-ийн хамтрагчид М.Энхболд,Бадамжунай ,Элбэгдорж,Цагаан г.м нөхдүүд авснаа юу гэж буцаахав дээ хө

      Хариулах