Цагаан өвгөн нь нас, буян, эд хөрөнгө, үр хүүхэд дөрвийг голлон даасан бурхан юм

Twitter Print
2017 оны 01-р сар 23-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Цагаан өвгөн нь насны шидийг бүтээсэн, урт цагаан сахалтай, эрх барьж, матар толгойт таяг тулсан, буга унаж, тогоруу дагуулсан өвгөний аршийн дүрээр залардаг. Нас, буян, эд хөрөнгө, үр хүүхэд дөрвийг голлон даасан бурхан юм.

Цагаан өвгөнийг урин дуудаж, тахил өргөн баясгаснаар эд малын гарз, аливаа зэтгэр гайг тонилгон амь насыг уртасгана. Идээ ундаа, эд малыг арвижуулж, буян хишгийг дэлгэрүүлэн санасан хэргийг бүтээхэд ихэд тустай. Цагаан идээ, сүү тараг, өрөм, ааруул тэргүүтнийг өргөн арц хүж уугиулан, цагаан өвгөний санг уншина.

Ум амар сайн болтугай

Арван зүгийн бурхад дор мөргөмү.

Адистэдийг соёрх.

Агуу их жимст түү

Уулны тэндээс

Арш Цагаан өвгөн

Аяа энд ирэгтүн.

Хорин дөрвөн орд ба

Хот айл дор аваачин

Хутаг энэ орон дор

Хурдан хурдан ирэгтүн.

Сүмбэр агула дөрвөн тив

Сүн далай орон ба

Сүм хийд дор аваачин

Сүр сүр үтэр ирэгтүн.

Зээ. Цэцэг, хүж, зул ба

Цэвэр сүрчил идээ

Цэнгэлээр тахиму

Таны сэтгэл ханатугай.

Зориг сархад сацаад

Зоог бэлэг өргөмү.

Зохилдохын хамаг сайн

Зулыг бидэнд соёрх.

Арц , зандан, гүгэл бээр

Ариулан тахимой.

Аль тусын шим эм адистидыг соёрх,

Зээ Богд Цагаан өвгөн

Бушуу бугыг хөлөглөн

Бохир таяг, шим эм

Боть дэвтэр барьсан

Буруутныг тэмдэглэн

Буянтныг тэтгэж

Бурхан багшийн емнө

Бошго зарлиг олгосон.

Тангарагт эцэг

Тан дор магтан мөргөмү.

Таалсан хэргийг

Тансаг сайтар бүтээ,

Зээ журам ёс тогтоо.

Жаргал буяныг олгуул.

Зэтгэр гайг сөнүүл.

Заяа буяныг мандуул.

Амь насыг уртасга.

Адуу малыг арвитга.

Ад бугийг эцэслэ,

Ам хэлийг устга.

Хорт дайсан, хулгай

Худал, ховыг сөнүүл.

Хахир зудыг арилга.

Хутаг хишгийг ирүүл.

Үнэн гурван эрдэнэ,

Үхэл үгүй шидтэн

Өлзий хутаг ивээж

Өнө удаан орштугай.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.